ЯрилцлагаОнцлох

С.Мөнхжаргал: Сэтгүүлч бол цэвэр авъяас шаарддаг мэргэжил

Монгол Улсын хамгийн өндөр дээд цол Хөдөлмөрийн баатар хэмээх алдрыг хэрийн аавын хүү, ээжийн охин амархан хүртчихдэггүй. Анх 1956 онд энэ эрхэм цол бий болсноос хойш улсын түүхэнд 440 баатар төрөөд буй нь тус цолны нэр хүндийг илтгэх биз ээ. Тэгвэл нөхөр нь Хөдөлмөрийн баатар, гэргий нь “Улсын аварга саальчин” тохиолдол Монголд хоёрхон бий. Сонирхолтой энэ хоёр амжилт хоёулаа өнгөрсөн Сар шинийн босгон дээр бичигдсэн байдаг.

Төв аймгийн Баянцагаан сумын малчин Х.Рэнцэндорж Төмөр үхрийн жилийн босгон дээр энэ эрхэм цолыг хүртсэн бол гэргий М.Цэсэндолгор нь нэгдлийн үед “Улсын аварга саальчин” болж байжээ. Харин нөгөөх нь Баянхонгор аймгийн Баянлиг сумын малчин Р.Нансалмаа өнгөрсөн Цагаан сараар “Улсын аварга саальчин” болсон бол хань Ч.Сугар-Очир нь 2006 онд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн билээ.

Ийн удам судар, үүх түүх сөхөхийн учир нь энэ удаагийн ярилцлагын зочин маань Ч.Сугар-Очир баатрын 10 хүүхдийн нэг, мал аж ахуйн салбарыг бичдэг хуруу дарам бичвэрийн сэтгүүлчдийн нэг болох “Монгол малчин” сэтгүүлийн сэтгүүлч С.Мөнхжаргалыг урьж ярилцлаа. 

  • Юуны өмнө эрхэм сэтгүүлч танд “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийн баярын мэнд хүргэе. Сайхан хаваржиж байна уу?. Өнөөдөр баярын өдөр чинь хэдий ч нэлээд ажилтай суух шиг байна…

Баярлалаа. Өөрт тань бас баярын мэнд. Намайг энэ эрхэм өдөр олон сэтгүүлчдээс онцолж ярилцаж байгаад баярлалаа. Хаваржаа тавтай сайхан байна. Ер нь баяр ёслол ч бай, амралтын өдөр ч бай сэтгүүлчид бид үргэлж л завгүй ажиллаж байдаг. Саяхан сэтгүүлчдийн ажлын цаг нь жирийн иргэдийнхээс 12 цагаар илүү буюу 7 хоногийн 6.5 өдөрт нь ажилладаг гэсэн судалгаа гаргасан байсан. Ажлын онцлог юм даа. Бид өөрсдөө л энэ мэргэжлийг сонгосон юм чинь ачааллаа хүлээн зөвшөөрөөд л амьдарлаа төлөвлөж авч явах учиртай.

Миний хувьд манай “Монгол малчин” сэтгүүлээс жил бүр тухайн жилд төрсөн Улсын аварга, хошой аварга, саальчдынхаа алдар түүхийг мөнхлөн үлдээж “Амжилт бүтээлийн эзэд” хэмээх ном бичдэг.

Өмнөх жилүүдэд улсын хэмжээнд 50, 60 аварга тодордог байсан. Харин өнгөрсөн жил улсын түүхэнд анх удаа хамгийн олон буюу 149 Улсын аварга, 13 хошой аварга, 6 саальчин, нийт 168 аварга малчны хотноос төрсөн бол энэ жил 1 аварга нэмэгдэж, 169 Улсын аварга төрлөө.

Энэ утгаараа ном маань нэлээд их хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан том ажил болж байна. Тэгэхээр энэ нүсэр ажлын ард гарахын тулд манай хамт олон бүтэн хаврыг үдэх л болж байна даа/инээв/.

  • Таны аав, ээж хоёр бол Монголын мал аж ахуйн түүхэн дэх агуу хоёр тохиолдлын нэг буюу аав тань МУ-ын Хөдөлмөрийн баатар, ээж тань Улсын аварга саальчин. Ийм агуу хөдөлмөрч хүний охин гэдгээрээ омогшиж, бахархах үе байдаг байх. Тэгэхээр таны бага нас, танай гэр бүлийн хүмүүжил суурь онцлогийг сонирхохгүй байхын аргагүй. Манай уншигчдад ч сонирхолтой байх болов уу?

За баярлалаа. Омогших гэхээсээ илүүтэй маш их хариуцлага байдаг.  Ер нь хазгай гишгэх эрхгүй гэж бодож явдаг. Хувийн амьдралд ч, хувьсгалын ажилд ч тэр. Яах вэ, ямар нэг тэмцээн уралдаан ч юм уу, эмнэлэгт үзүүлэх үед овог асуудаг. Тэгээд Сугар-Очир гээд овгоо хэлэх бүрдээ үргэлж бахархаж, сэтгэл дүүрэн, бардам мэдрэмж төрдөг. Би өөрөө ганц хүүтэй. Хүүгээ ч гэсэн аав, ээжийнхээ нэрийг хэлэхдээ яг тэгж ам бардам хэлж, бахархаж байгаасай гэж боддог. Тийм байхын төлөө хичээж амьдардаг.

Үнэхээр ч аав, ээж хоёроороо бахархахгүй байхын аргагүй л дээ. Өөрийн тань сая хэлснээр нөхөр нь Хөдөлмөрийн баатар, эхнэр нь Улсын аварга саальчин гэр бүл улсын хэмжээнд хоёрхон бий. Бас манай улсын түүхэнд 440 Хөдөлмөрийн баатар төрсний 145 нь малчны хотноос тодорсон байдаг. Тэдний 17-хон нь тэмээчин. Отгон баатар нь миний аав Ч.Сугар-Очир. Ээж минь Монгол Улсад анх удаа 103 ингэнээс 103 ботго бойжуулсан, бас 10 хүүхэд төрүүлж өсгөсөн агуу эмэгтэй байдаг. Аав, ээж хоёр маань бараг 10 шахам жил тэмээнийхээ тоо, толгойгоор улсдаа тэргүүлсэн.

Манай малчид хэзээ ч алдар нэрийн хойноос хөөцөлддөггүй, жилийн бүх өдрүүдэд амралтгүй малаа малладаг улс. Би тийм агуу малчин хүний үр хүүхэд болж төрсөн хувь заяандаа бахархаж баярлаж, бас дааж явахыг хичээдэг. Аав, ээж хоёрынхоо тухай нэг сайхан хөрөг нэвтрүүлэг хийлгэчих юмсан гэж бодож явдаг юм. Намайг ухаан орсон цагаас л манайх ажил хөдөлмөр дунд буцалсан айл байсан. Одоо ч яг л тэр хэвээрээ.

Өглөө нар гартал унтаад л зүгээр идэж хэвтээд л, тэрийг ч хийж чадахгүй гэж хойш суудаг хүн манай гэр бүлд нэг ч байхгүй. Тийм л хүмүүжлээр өссөн болохоор одоо бүгд ээж, аавынхаа гарыг харахгүй тус, тусын ажил хөдөлмөрөө эрхлээд, хүнээс гуйхгүй, чин шударгаар хөдөлмөрлөж яваа жирийн л залуус. Нөгөө худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй гэдэг шиг хүний өмнө нүүр бардам амьдарч яваа. Миний хувьд ээж аавын минь сайхан үлгэр дууриалал  сэтгүүлч болоход минь, тэр дундаа мал аж ахуйн салбараар бичиж, туурвих даль жигүүр минь болсон гэж итгэдэг.

  • Таны цахим хуудаснуудыг ажаад байхад дандаа тэмээний талаар сонирхолтой зүйлүүд бичиж байгаа харагддаг. Бас сэтгүүлчид дунд танаас илүү тэмээг мэдэх хүн байхгүй гэдэг юм билээ?

/Инээв/. Аргагүй л дээ. Сүрэг тэмээн дунд төрж, өссөн хүн чинь мэдэлгүй яах билээ. Миний үндсэн мэргэжил чинь Аялал жуулчлалын менежмент шүү дээ/инээв/. Тэр ангиа ч нүүр бардам сайн төгссөн гэж боддог. Тухайн үедээ тэмээний тоо толгой хоёр зуухан мянгаар тоологдож ховордож байсан үе учир тэмээг дэлхийд таниулж байж л хамгаалж өсгөх юм байна. Тэр таниулах суваг нь аялал жуулчлал юм байна гэж бодохгүй юу. Тэгээд дипломын ажлаа тэмээн аяллаар бичиж төгсөлтөөсөө ганцаараа 98 хувьтай хамгаалж байлаа. Тэгсэн дэлхийд таниулах суваг нь хэвлэл мэдээлэл юм байна гэж бодож сэтгүүлчээр ажиллаж эхэлсэн дээ.

Тэмээ бол 5 хошуу мал дотроос хүнтэй хамгийн төстэй амьтан. Уйлна, уярна. Морин хуур татаад л ээж нь үхсэн ботгыг өөр ингэнд авахуулчихдаг биз дээ. Өл их даадаг, уналга ачилганд тохиромжтой, идээ цагааны ач тусын талаар бол ярилтгүй, хүмүүс мэднэ. Дээрээс нь тэмээчид бол малчид дотроос үнэхээр шалгарсан хөдөлмөрч улс гэж бий боддог. Тэмээ маллах бол залуу насны ажил л даа. Чац томтой, урт холын бэлчээртэй маллахад хэцүү амьтан.

  • Тийм байх шүү. Тэмээ гэснээс яг таван хошуу мал, мал аж ахуй дагнаж бичдэг сэтгүүлч танаас өөр байхгүй байх шүү?

Бараг байхгүй байх аа. Телевизэд бол хөдөө аж ахуй, мал аж ахуй чиглэлээр төрөлжиж мэдээ, сурвалжлага бэлддэг хоёр, гурван сэтгүүлч бий. Харин яг бичдэг гэвэл цөөхөн байх. Миний мэдэхийн “Тод магнай” сэтгүүлийн Тэлмэн гэж эгч бий. Гэхдээ тэднийх дан морь дагнаж бичдэг. Манай “Монгол малчин” сэтгүүл чинь бас 2013 оноос хойш мал аж ахуйн салбарт ганцаараа л байна ш дээ. Монгол Улсын бүх сум буюу 330 суманд хүрдэг, үндэсний хэмжээний цорын ганц сэтгүүл шүү дээ.

ХҮНИЙ АЗ ЖАРГАЛ ГЭДЭГ БОЛ СЭТГЭЛИЙН АМАР АМГАЛАН…

  • Бичгийн сэтгүүлчид ёстой л цаг наргүй сууж ажилладаг улс. Мэдээж тийм их ачаалалтай, цаг завгүй ажилладаг хүмүүс хувийн зохион байгуулалт, төлөвлөгөө их нарийн байдаг байх даа…

Би их сонин хүн ш дээ. Ажлыг ч, амьдралыг ч огт төлөвлөдөггүй. Тэгэхээр хүмүүс их гайхдаг юм. Яах вэ, ерөнхий нэг би энэ хөргийг нэг сарын дотор бичээд дуусгана даа, арван жилийн дараа байртай болно доо гэсэн бодол бол байдаг. Гэхдээ яг тухайн тухайн өдөр, цаг минутад нь тохируулаад л явчихдаг.

Тухайлбал өнөөдөр ажилдаа явмааргүй, хүүтэйгээ хамт баймаар байвал даргадаа үнэн учраа хэлээд л амарчихна. Харин маргааш нь шахаж, сунаж ажиллаад л ажлаа нөхчихдөг. Яагаад би тэгж амьдардаг вэ, гэхээр өнөөдөр чи, бид хоёр ингээд ярилцаад сууж байна. Гэтэл хэн нэгэн маань эндээс гараад энэ хорвоогоос бүр мөсөн явчихаж мэднэ. Бидний хэн ч хэзээ үхэхээ мэдэхгүй. Тэгэхээр тухайн хором мөчдөө л хүссэнээрээ сайхан амьдрах хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Маргааш үхэх юм шиг өнөөдөртэй уралдаж амьдрах хэрэгтэй.

Магад одоо миний хэлэх олон хүнд таалагдахгүй байж магад. Гэхдээ энэ бол амьдралын чин үнэн. Хүн унтахад уртдаа 2 метр, өргөндөө 1 метр л зай хэрэгтэй. Тэгэхээр би унтахад 3, 4, 5 өрөө байр хэрэг бий юу?. Үхэхдээ аваад үхэхгүйгээс хойш, орох орон, унах унаатай болохын тулд бие сэтгэлээрээ хохирч өр, зээл тавих хэрэг бий юу?. Үр, хүүхэд бол сайн боловсрол л эзэмшүүлэх ёстой болохоос байр, хоол, хувцас, машиныг нь бэлдэж өгөх албагүй ш дээ.

Өөрөө олж идэх ёстой. Тиймээс өнөөдөр авсан цалингаараа гэр бүлийнхэнтэйгээ нээх сайхан гадуур гараад хоол идээд, үзвэр үзээд баярлаж, жаргаад ирэх нь чухал болохоос, авсан цалингаа тэр чигт нь өрөндөө өгчихөж болохгүй. Хүнд эцсийн эцэст дурсамж л үлдэнэ. Үүнийг өвдөж, хэвтэрт орж үзсэн хүн мэддэг юм. Өөрөөр хэлбэл амьдралын юу чухал, хүн гэдэг хэн юм гэдгээ мэддэг болчихсон байдаг.

Амьдрахад тийм их эд, хөрөнгө, мөнгө хэрэггүй ш дээ. Хүн зүгээр л өнөөдрөөрөө амьдарч, хором мөч бүрийг жаргалтай өнгөрөөх хэрэгтэй болохоос хаа байсан хорь, гучин жилээ төлөвлөж өр, зээлэнд баригдаж амьдрах утгагүй. Тэр хугацаандаа бид хүрээ ч үү, үгүй ч үү, бөөн өр зээлэнд гэр бүлийнхнээ орхиод явчихвал яах юм бэ.

Мөнгө, алдар нэр, амжилт бол амьдралын утга учир, аз жаргал биш. Амьдралын утга учир бол гэр бүл, хамт олон, найз нөхөд. Өөрөөр хэлбэл бид хүний хорвоод амьдарч байгаа. Тиймээс хүн бол амьдралын утга учир юм. Хүний аз жаргал гэдэг бол сэтгэлийн амар амгалан шүү дээ. Би тэгж л боддог.

Нэг талаараа ямар ч шуналгүй, их минималист сэтгэлгээтэй хүн юм уу даа. Харин хувийн зохион байгуулалтын хувьд өглөө 6 цагт сэрүүлэггүй сэрдэг. Босоод 640 грамм бүлээн ус уугаад дасгал, бясалгал хийдэг. Тэгээд гал дээр хоолоо тавиад тэр зуур усанд ороод ажилдаа гардаг даа. Өглөө хэзээ ч хоосон гардаггүй, заавал шинээр хоол хийж идээд, үлдсэнийг нь савлаад гардаг. Гадуур нэг их хооллох дургүй. Гэрээсээ бэлдээд аваад явахаар эрүүл мэнд, эдийн засагт тустай шүү дээ. Бас өглөө бүр нар, уул хангай, хөх тэнгэртээ сүү, цай, будааны дээжээ өргөөд өөрийгөө болон гэр бүл, өргөн олон түмнийхээ сайн сайхны төлөө залбирдаг. Энэ миний сүүлийн арван жил тогтсон заншил.

  • Хөөх, ямар мундаг юм бэ та. Та сая яриандаа дурдсан. Сэтгүүлчээс өөр мэргэжилтэй гээд. Гэтэл таныг хэн ч мэргэжлийн бус гэж хэлэхгүй. Салбартаа арав гаруй жил ажилласан чадвартай сэтгүүлч нарын нэг. Яаж мэргэжлийнхнээс дутахгүй ийм мундаг чадварыг эзэмшсэн юм бэ. Мэдээж сэтгүүлзүй бол цэвэр авьяас шаарддаг мэргэжил гэдэг. Гэхдээ л хичээл зүтгэл асар их байсан байж таараа…

Баярлалаа. Энэ салбарт 10 шахам жил ажиллахдаа хоёр л юмыг ойлгосон. Нэгт сэтгүүл зүйг хүнд заадаггүй юм. Хоёрт бол ерөөсөө л цэвэр авьяас юм байна гэж. Мэдээж гуравт мэргэжилдээ үнэхээр дуртай байх ёстой. Телевизийнхэн маань гомдож магадгүй. Гэхдээ бичвэрийн сэтгүүлчид бол телевизийнхэнтэй харьцуулшгүй ур чадвар өндөртэй улс. Яагаад гэвэл хүнээс 5-6 цагийн турш ярилцлага аваад түүнийгээ а-я хүртэл бүгдийг нь сонсож буулгаад дараа нь цэгцэлж бичдэг. Энэ бол маш их хөдөлмөр, цаг зав шүү.

Муу ярьдаг, бүр их яриад сэдвээсээ халиад явчихдаг, бүр хоёр, гуравхан өгүүлбэр хэлчихээд хоёр, гурван хуудас ярилцлага болгох гэдэг зочин ч таардаг ш дээ. Энэ утгаараа бичвэрийнхэн бол чадварлаг хүмүүс. Хэдийгээр энэ мэргэжлийн онцлог авьяас хэдий ч би мэргэжлийн хүмүүстэй энэ зэрэгцэх гэж цөөнгүй жил огт амралтгүй ажиллаж, олон шөнө нойргүй хонож, судалж, мундаг сэтгүүлчдийн бүтээлүүдийг үзэж, судалж, харьцуулж байж өдий хэмжээнд хүрсэн. Гэхдээ одоо яагаа ч үгүй байна. Өөрийг тань ярилцлага авна гэхэд олон удаа татгалзсан. Яагаад гэвэл би сэтгүүлч гэж ам бардам хэлж чадахгүй л явна. Магад 20 жилийн дараа өөртөө ханах мэдрэмж авах байх аа гэж л бодож байна даа.

  • Гэхдээ заримдаа шантрах, магад сэтгүүлч болсондоо харамсах үе байна биз… 

Үгүй ээ, харин эсрэгээрээ бахархаж, баярладаг. Би өдөр, өдрөөр сайжирч, тэр хэрээр хүрээлэл өргөн болж, олон нэр, алдартай мундаг хүмүүстэй уулзаж байгаа учраас улам л мэргэжлээрээ бахархаж, илүү сайн сурах юмсан гэж хичээдэг. Ямар ч мэргэжил байсан, ямар ч ажил байсан хүн хүний ажил гэж бодож болохгүй.

Миний ажил, миний бизнес гэж бодож, мэрийж ажиллавал хүссэн хүсээгүй амжилт, алдар, тэр байтугай хөрөнгө, мөнгө ч дагаад л ирдэг юм. Гол нь л чин сэтгэл. Мэдээж ажил мэргэжилдээ өөрийгөө бүрэн зориулж дайчлахад ар гэр орхигдох, ямар нэг зүйлээ золиослох үе байна. Тэгэхээр ажил мэргэжлийн онцлогийг ойлгодог гэр бүл байх хэрэгтэй. Магад би энэ мэргэжлээрээ амжилттай ажиллахад ганц бие байдал маань давуу тал болж өгсөн байх.

Ар талдаа ямар ч санаа зовох зүйлгүй зөвхөн ажилдаа өөрийгөө бүрэн дайчилж чаддаг. Бас аав, ээж хоёр минь үргэлж урамшуулж, магтаж, бас охиноороо бахархаж буйгаа илэрхийлж байсан нь энэ мэргэжлийн сайн сайхныг мэдрэх, илүү мэрийж ажиллах хүч болж ирсэн. Манай салбарыг цаг наргүй, цалин бага, хэл амтай гэлцдэг. Гэхдээ өгөөж, буян нь маш их, олон мундаг хүмүүстэй танил болдог, өргөн боломжууд гарч ирдэг гоё бахархалтай салбар шүү дээ.

Яах вэ маш их ачаалалтай ажиллаад үнэхээр яснаасаа ядраад хэвтээд өгөх үе цөөнгүй гардаг. Тэр үед би “Мөнхжаргал аа, чи хэний хүүхэд билээ…” гэж хэлээд босдог. Надад нэг мундаг хүн хэлж байсан юм. “Хэний хүүхэд бол хэний л хүүхэд байдаг. Тэгэхээр Хөдөлмөрийн баатрын хүүхэд бол Хөдөлмөрийн баатар л байх ёстой…” гэж. Тиймээс хүнд хэцүү үед дандаа аав, ээж хоёрыгоо бодож эрч хүч авдаг даа.

  • Олон жил далд фронтод ажилласан хүн хаяа эфирт гарах юмсан гэсэн бодол байдаг уу?

Үгүй ээ. Хүн чаддаг чаддаг юм аа хийх сайхан ш дээ. Бас өөрийгөө мэдэрдэг, ур чадварынхаа хэр хэмжээг мэддэг байх хэрэгтэй гэж би боддог. Би хэзээ ч телевизийн сэтгүүлч болно гэж бодож байгаагүй, чадах ч үгүй. Бас чиглэл, салбараа ч солихыг хүсэхгүй байна. Малчид дундаа налайгаад л явж байх чинь сайхан ш дээ.

Нэг тийм гэгээн, хайлган, цайлган, чин сэтгэл үнэртсэн, ажил, хөдөлмөр буцалсан, атаа жөтөөгүй, амар амгалан сайхан шүү дээ, мал аж ахуйн салбар. Ер нь ч тэгээд өөрийнхөө дуртай ажлыг чимээгүй хийгээд л, хөдөлмөрлөснийхөө хөлсийг аваад сэтгэлдээ ялгүй амьдрах шиг сайхан зүйл хаа байх билээ дээ.

  • Их ажлынхаа хажуугаар цаг зав гарга, бас урилгыг маань хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Мэргэжил нэгт нөхөд болон сэтгүүл зүйн салбарт хөл тавьж буй залуучууддаа хандаж хэлэх таны үгээр ярилцлагаа өндөрлөх үү?

За тэгье. Намайг тоож урьж ярилцсанд маш их баярлалаа. Миний сая хэлснээр үргэлж өөртөө үнэнч, бусдад хайртай, ажлаа чин үнэнч шударгаар хийгээрэй гэж хэлмээр байна. Тэгж явахад л болно. Бас бага ч, сайн ч муу ч хоол идэж байсан салбар, ханилж байсан хань, хамт олноо хэзээ ч хаана ч битгий муулж байгаарай. Тэр бол хүний хамгийн чухал чанар шүү.

Мэдээж залуу хүн ажилтай байх ёстой. Шударгаар хөдөлмөрлөөд хөдөлмөрийнхөө хөлсөөр сайн сайхан амьдрах амьдралын хамгийн гоё мэдрэмжүүдийн нэг. Сүүлийн үед сэтгүүл зүй салбар салбараараа төрөлжиж байна. Тиймээс дөнгөж төгссөн хүүхдүүд өөрийнхөө ажиллахыг хүссэн салбартаа сэтгүүлч мэргэжлээрээ ажиллах боломж байна. Сэтгүүлзүйн мэргэжлийн нэг онцлог нь эмч хүн шиг энд нь л хагална, тарина гэсэн дүрэм байхгүй, өөрөөр хэлбэл хүнд заах боломжгүй, цэвэр авьяас, мэдрэмж  шаардсан мэргэжил.

Нэг сэдвийг эсвэл хүний талаар энэ чиглэлийг нь бариад бичээрэй, тэр онцлогийг нь гаргаарай, ийм өнцгөөс нь бичээрэй л гэж зөвлөхөөс биш яг үг, өгүүлбэр бүрийг нь зааж, бичиж өгөх боломжгүй шүү дээ. Энэ утгаараа Т.Ариунаагийн хоолойгоор Б.Сарантуяа дуулж чадахгүй шиг нэг сэтгүүлч бол дахин давтагдашгүй байдаг. Жишээ нь, чи надтай ярилцсан энэ ярилцлагыг өөр сэтгүүлч яг энүүгээр нь авах, гаргах ямар ч боломжгүй. Тиймээс сэтгүүлч мэргэжил бол цэвэр авьяас шаарддаг ажил.

Та энэ салбарт хэн байх нь зөвхөн танаас л шалтгаална даа. Юу бичих, ямар өнцөг гаргах, аль салбарт бичих бүгд өөрөөс тань шалтгаална. Харин өөрийнхөө үзэл бодол, зарчимтай зөрчилдөж болохгүй. Хүмүүс сэтгүүлч гэхээр хүн муулдаг, хүний муу үздэг ажил гэж боддог юм шиг байгаа юм. Би лав 10 жил ажиллахдаа нэг ч удаа хүн муулж бичиж үзээгүй. Заавал сөрөг байх албагүй шүү дээ. Бас үзэгний чинь үзүүрт хүний амьдрал, цаашлаад амь нас явдгийг хэзээ ч мартаж болохгүй.

Ярилцсан:Ү.Намжилмаа

2 1 vote
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version