Тусгай үйлчилгээний такситай боллоо
Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо ТББ нь Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн судалгаа мэдээллийн үндэсний төвөөс хэрэгжүүлдэг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан Wheelchair Taxi төслийг санаачлан хэрэгжүүлжээ.
Тусгай хэрэгцээт иргэдэд дуудлагаар үйлчилгээ үзүүлэх Wheelchair Taxi төсөл хэрэгжсэнээр тус холбоо нь гишүүддээ тогтоосон журмын дагуу такси үйлчилгээг хүргэхээс гадна, уг үйлчилгээний зохион байгуулалтанд 5 хөгжлийн бэрхшээлтэй иргэн оролцож ажлын байртай болж байгаа ажээ.
Wheelchair Taxi төслийн нээлтийн ёслол 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн Говь нэрийн барааны дэлгүүрийн гадна талбайд боллоо. Ёслолийг нээж Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны үйцэтгэх захирал Б. Чулуундолгор үг хэлсэн бөгөөд дараа нь УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Хөдөлмөрийн яамны бодлого, зохицуулалтын газрын дарга А.Халиунаа, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн Д.Хадхүү, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн захирал С. Чойноров, Италийн АИФО байгууллагын Суурин төлөөлөгч Д.Тулгамаа нарын зэрэг албаны хүмүүс үг хэлж, баяр хүргэлээ.
Нийтийн такси үйлчилгээ нь иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон төдийгүй томоохон хот суурин газрыг нийтийн такси үйлчилгээгүйгээр төсөөлөхийн аргагүй. Анх 17 дугаар зууны эхээр Лондон хотын дэн буудлын эзэд, үйлчлүүлэгч нараа морин тэргээр зөөж эхэлсэнээр нийтийн такси үйлчилгээний түүх эхэлдэг.
1897 онд спидометртэй бензин хөдөлгүүртэй такси үйлчилгээнд нэвтэрчээ. Одоо дэлхий нийтэд нийтийн такси үйлчилгээ нь дуудлагын такси буюу хаалганаас хаалганд хүргэх, жуулчид буюу бүлэг хүмүүсийг тээвэрлэх, илгээмж хүргэлтийн, нисэх буудал, галт тэрэгний буудал дээрээс үйлчлэх, гудамжны такси, түрээсийн такси,wheelchair такси \тэргэнцэртэй такси\ гэх мэт олон хэлбэрээр хөгжиж байна.
НҮБ-аас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн Эрхийн тухай конвенцийг 2006 онд баталсантай холбогдуулан АНУ-д тэргэнцэртэй иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх “Wheelchair taxi”үйлчилгээг анх бий болж байсан бол одоо дэлхийн олон орон энэ төрлийн үйлчилгээг хөгжүүлээд байна.
Тухайлбал Сөүлд 200, Нью Иорк 400, Бээжинд 300 машин тусгай хэрэгцээт иргэдэд дуудлагаар үйлчилгээ үзүүлэн тухайн хотуудын нийтийн тээврийн үйлчилгээний нэг хэсэг болон хэрэгждэг төдийгүй үйлчилгээний урсгал зардлыг хотын нийгмийн халамж нь хариуцаж, үйлчилгээний зохион байгуулалт, болон холбон зуучлах ажлыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ууд нь гүйцэтгэн хэрэгжүүлдэг байна.
Улаанбаатар хотод 2040 бага болон том оврын автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаагийн 90 хувь нь тэргэнцэртэй иргэд зорчих боломжгүй байдаг тул тэдэнд тулгардаг хамгийн том саад нь саадгүй зорчих явдал юм. Энэ бэрхшээлийг багасгахад Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан Wheelchair Taxi төсөл чухал хувь нэмэр болох юм.