Засгийн газарОнцлохОрон нутаг

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт хийгдэж байна

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Тодруулбал, Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Дарханы хоёр эгнээ замын өргөтгөл, шинэчлэлтийн “Багц-1”-ийн хучилт 2020 онд бүрэн дууссан. Энэ онд засал, гологдол засварлах ажил хийгдэнэ.

“Багц-3”-ын хувьд ажлын талбайд 92 хүн, 66 техник тоног төхөөрөмж байршин ажиллаж буй юм байна. Зургаан хувийн цементээр бэхжүүлсэн чулуун суурийн ажил хийгдэж буй бөгөөд энэ багцын нийт ажлын гүйцэтгэл 69.83 хувьтай яваа аж.

“Багц-5”-ын ажлын талбайд 61 хүн, 35 техник, тоног төхөөрөмж ажиллаж, 6 хувийн цементээр бэхжүүлсэн чулуун суурийн болон өмнө хийгдсэн суурийн засварын ажил хийгдэж эхэлснээс хойш ажлын гүйцэтгэл 73.57 хувьтай байгаа ажээ.

“Багц-2”, “Багц-4”-ийн зам барилгын ажлын гүйцэтгэгчийг дахин сонгон шалгаруулах ажлыг АХБ-ны Худалдан авах ажиллагааны журмын дагуу тендерийг энэ тавдугаар сард сонгон шалгаруулж гэрээ байгуулах юм байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын хөрс хуулалт, ухмалын ажил, далангийн ажил ид өрнөж байгаа талаар Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих шинээр нэмж барих хоёр эгнээ авто замын ажил өнгөрсөн гуравдугаар сарын 26-наас эхэлжээ.

Уг бүтээн байгуулалтын ажлын “Багц-1”-ийн гүйцэтгэгчээр “Арж капитал” ХХК болон “М-Ойл групп” ХХК-ийн түншлэл, туслан гүйцэтгэгчээр “Эсто” ХХК, “Багц-2”-ын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Жунмэи инженеринг групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Даблью экс пи” ХХК ажиллаж байгаа аж.

“Багц-3”-ын гүйцэтгэгчээр “Жунмэи инженеринг групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Энх төгөл бэх” ХХК, “Багц-4”-ийн гүйцэтгэгчээр “Шанхай констракшн групп”, туслан гүйцэтгэгчээр “Төгс зам” ХХК, “Багц-5”-ын гүйцэтгэгчээр “Чайна гежөүба групп” ажиллаж буй юм байна.

Салбарын сайд өнгөрсөн сарын сүүлээр тус бүтээн байгуулалтын ажилтай танилцжээ. Тэрбээр бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлийн мэдээ тайланг долоо хоног бүр графикийн дагуу гаргаж танилцуулах, гэрээнд тусгасан машин техник, тоног төхөөрөмжийг талбайд бүрэн гаргах, хөрс хуулалт, далангийн ажлын удаашралтай байгаа хэсгийг шуурхайлуулах, гүүр хоолойн ажлыг идэвхижүүлэх, хяналт тавих зэрэг үүрэг даалгаврыг төслийн зөвлөх компани, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компанийн удирдлагуудад өгчээ.

Мөн Covid-19 цар тахлын халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөх, ариутгал байнга хийхэд асуудалд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version