Нийгэм

Төрийн захиргааны албан хаагчдын ажлын байрны бэлгийн дарамтын мэдлэг, хандлага, зан үйлийн төлөв байдлын судалгаа

Нэгдсэн Үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр Төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комисс “Нийгмийн бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэн” ТББ-тай хамтран “Төрийн захиргааны албан хаагчдын ажлын байрны бэлгийн дарамтын мэдлэг, хандлага, зан үйлийн төлөв байдлын судалгаа”-г хийж гүйцэтгэлээ.

Уг судалгаа нь төрийн захиргааны албан хаагчдын дунд ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн тохиолдолд гомдол гаргаж асуудлаа шийдвэрлүүлэх талаарх ойлголт, хандлагыг тодорхойлох зорилготой бөгөөд нийслэл, орон нутгийн төрийн захиргааны байгууллагын 3000 эмэгтэй албан хаагчийг хамруулав. Судалгаанд хамрагдсан 4 хүн тутмын 1 нь “Ажлын байрны бэлгийн дарамтад 1 болон түүнээс удаа өртдөг, өртөж байсан” гэж хариулсан нь энэ төрлийн дарамтын эсрэг дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай болсны илэрхийлэл бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албан зөвлөл энэ чиглэлээр нээлттэй хамтран ажиллаж байна.

Мөн судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 10 хүрэхгүй хувь нь асуудлыг шийдүүлэхээр албан ёсны субъектэд гомдол гаргасан ч удирдлагын зүгээс гомдлыг нь шийдвэрлээгүйн дээр эсрэгээр буруутгагдах, хамт олон дундаа тэвчиж үл болох харилцаа үүсэх зэрэг хүндрэл учирч буйг тоочин өгүүлсэн нь албан байгууллага дунд ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх, урьдчилан сэргийлэх таатай орчин бүрдээгүй болохыг харуулж байна.

Тиймээс Хүний эрхийн Үндэсний Комиссоос Төрийн албаны зөвлөлөөр дамжуулан төрийн албанд хэрэгжүүлэх дараах зөвлөмжийг боловсруулан ажиллаж байна.

ЗӨВЛӨМЖ:

  1. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, төрийн захиргааны байгууллагууд ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх бодлого, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж, ажилтнуудын мэдлэг ойлголтыг сайжруулах сургалтыг тогтмол зохион байгуулдаг байх;
  2. Байгууллагын түвшинд ажлын байрны бэлгийн дарамтын тухай гомдлыг хүлээн авах, хариу арга хэмжээ авах, мэдээллийг нэгтгэх тогтолцоог төлөвшүүлэх үүднээс холбогдох зохицуулалт бүтцийг төлөвшүүлж хөгжүүлэхэд тууштай анхаарч ажиллаж, ахиц дэвшил гаргах;
  3. Ажлын байрны бэлгийн дарамттай холбогдох судалгааны ажлыг гүнзгийрүүлсэн, нарийвчилсан асуудлын хүрээнд нэмж гүйцэтгэх, энэ чиглэлийн хяналт шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бүрдүүлж ажиллахад анхаарах;
  4. Судлагдсан яам, газар агентлаг, аймаг нийслэлийн газар агентлаг, аймаг нийслэл, сум дүүргийн ЗДТГ-ын албан хаагч нарын өгсөн дараах бусад саналыг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай байна.

Мөн Хүний эрхийн Үндэсний Комисс Төрийн албаны зөвлөлтэй хамтран төрийн удирдах түвшний албан тушаалтнууд дунд тусгайлсан сургалт явуулах, ажлын байрны бэлгийн дарамтгүй хамт олныг төлөвшүүлэх чиглэлд заах арга зүйн зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version