Гадаад харилцааУИХОнцлох

БНИУ-ын парламентын гишүүдтэй цахим уулзалт хийв

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж (2021.04.26) Бүгд Найрамдах Итали Улсын парламентын гишүүн, Итали-Монголын парламентын бүлгийн дарга Алессандро Паганотой цахим уулзалт хийлээ. 

Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Италийн парламентын бүлгийн гишүүн А.Адъяасүрэн, Ц.Сандаг-Очир, Монгол Улсаас БНИУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж, БНИУ-ын парламент дахь Итали-Монголын парламентын бүлгийн гишүүд болон албаны хүмүүс оролцлоо. 

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Италийн парламент дахь Итали-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдтэй цахимаар уулзалт хийж, танилцаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв. 

Итали Улс Европын Холбооны гишүүн орны хувьд “КОВАКС” хөтөлбөрт идэвхтэй оролцож, хөрөнгө оруулж байгаад талархаж, Монгол Улсын Засгийн газраас иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийг дэмжих зорилгоор 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэв.  

Мөн Парламент хоорондын идэвхтэй харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол, Италийн эдийн засаг болон нийгмийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх гол суурь болохыг онцлов.

 Уулзалтын үеэр талууд Монгол, Италийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологид суурилсан эрүүл мэндийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр талын сонирхсон асуудлаар харилцан туршлага солилцох зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцсон юм.

Эдгээр чиглэлд парламент, түүний дотор хоёр талын найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг онцлоод, цаашид илүү ойр дотно ажиллаж, парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны боломж нөөцийг ашиглаж, үр дүнд хүргэхэд  анхаарч ажиллахад бэлэн байгаагаа харилцан илэрхийлэв.

Өнгөрсөн оны сонгуулийн дүнд бүрэлдсэн Улсын Их Хуралд Монгол-Италийн парламентын бүлэг 14 гишүүнтэйгээр шинэчлэн байгуулагдаж, бүлгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж сонгогдон ажиллаж байна. 

БНИУ-ын парламент дахь Итали-Монголын парламентын бүлэг 11 гишүүнтэй бөгөөд бүлгийн даргаар Төлөөлөгчдийн танхимын гишүүн Алессандро Пагано ажиллаж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version