Боловсрол
Үндэсний тагнуулын академийн элсэлтийн бүртгэл явагдаж байна
Үндэсний тагнуулын академийн бакалаврын зэрэг олгох 4 жилийн сургалтад 2021-2022 оны хичээлийн жилд элсэхийг хүсэгчдийн бүртгэл явагдаж байна.
Элсэхийг хүсэгчдэд тавигдах шаардлага, шалгуур
- Монгол Улсын иргэн байх;
- Бүрэн дундаас доошгүй боловсролтой буюу ЕБС-ийн төгсөх ангийн сурагч байх;
- Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2019 оноос хойш монгол хэл бичиг, нийгмийн тухай мэдлэг, гадаад хэл, математикийн хичээлүүдээр өгч, хичээл тус бүрээр 500 ба түүнээс дээш оноо авсан байх;
- Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн бол тухайн улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулсан байх;
- Эрэгтэй, 17-22 хүртэлх настай, 170 см-ээс доошгүй өндөртэй;
- Тагнуулын байгууллагын захиалгаар суралцах, тус байгууллагад ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй;
- Биеийн эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх, сэтгэцийн хувьд эрүүл байх;
- Ял шийтгэгдэж байгаагүй;
- Нэмэлт шалгалтад тэнцсэн байх /элсэхийг хүссэн иргэний материал, судалгааны дүнг үндэслэн шаардлага хангасан иргэнтэй холбогдож нэмэлт шалгалтад оруулна/;
- Тус Академид суралцаж байгаагүй /суралцаж байгаад хасагдсан иргэнийг элсүүлэхгүй/.
Бүрдүүлэх материал
- ҮТА-д элсэхийг хүссэн өргөдөл /өргөдлөө өөрийн гараар бичиж ТЕГ-т гаргах ба өргөдөлд өөрийн болон эцэг, эх, асран хамгаалагчийн утасны дугаарыг заавал бичих/;
- Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж /ЭЕШ-ын оноо гараагүй үед уг шалгалтыг өгөхөөр бүртгүүлсэн албан ёсны баримт/;
- Өөрийн гараар бичсэн гурван үеийн намтар /өөрийн болон эцэг, эх, хоёр талын өвөг эцэг, эмэг эх, гэр бүлтэй бол эхнэрийн намтар/;
- Төрийн албан хаагчийн анкет /холбогдох хэсгийг бөглөх/;
- Сүүлийн 3 сарын дотор авхуулсан 3х4 хэмжээний гэрэл зураг;
- Амьдарч буй баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
- ЕБС-д сурч байх үеийн хувийн хэрэг, түүний хуулбар;
- Анги удирдсан багшийн тодорхойлолт;
- Эссэ /суралцах хүсэл сонирхлоо илэрхийлсэн байх/.
Элсэхийг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлж, Тагнуулын ерөнхий газрын иргэдийг хүлээн авах байранд 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор авчирч өгнө үү. /Орон нутгаас элсэхийг хүсэгчид материалаа шуудангаар илгээж болно/.
Холбоо барих утасны дугаар: 92263696