ЯрилцлагаОнцлохЭрүүл мэнд

Г.Мижидсүрэн: Нэгэнт зүрхний шигдээс үүссэн бол эмчийн байнгын хяналтанд байх хэрэгтэй

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ /УГТЭ/ “Олон улсын эмч нарын өдөр”-ийн хүрээнд уламжлал ёсоор зохион “ЭРДМИЙН ЧУУЛГАН–2021” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛАА ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР өнгөрсөн сарын 30-ны өдөр амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодруулсан юм. Уг Эрдмийн Чуулганы Тэргүүн байранд шалгарсан Зүрхний шигдээсийн тасгийн их эмч, Анагаах ухааны магистр Г.Мижидсүрэнтэй цөөхөн хором ярилцлаа. 

-Сайн байна уу? УГТЭ-ийн Эрдмийн чуулганд амжилттай оролцон танд баяр хүргэе.  Таны судалгааны ажлын талаар яриагаа эхлүүлье.
-Сайн, сайн байна уу. Манай эмнэлгээс жил бүр уламжлал болгон “Эрдмийн чуулган”-ыг зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан гуравдугаар сарын 30-ны өдөр virtual буюу цахимаар амжилттай зохион байгуулагдсан. Ер нь коронавирусийн цар тахалтай холбоотойгоор цахим хурал дэлхий нийтэд хөгжиж байна. Энэ удаагийн “Эрдмийн чуулган”-д манай эмнэлгийн эмч ажилчидаас гадна бусад эмнэлгүүдээс нийт 60 орчим эрдэм шинжилгээний бүтээл ирснээс аман илтгэлээр 15, ханын илтгэлээр арван илтгэлийг хэлэлцүүлж, үүнээсээ тус тус гурван байрыг шалгаруулсан.

Миний хувьд “ЗҮРХНИЙ ЦОЧМОГ ШИГДЭЭС БҮХИЙ ӨВЧТӨНҮҮДЭД ОЛОН СУДАСНЫ ЭМГЭГИЙН ҮЕД ДАН ШИГДЭЭС ХАМААРАЛТ СУДСАНД ЭСВЭЛ ОЛОН СУДСАНД ТИТЭМ СУДСАН ДОТУУРХ ЭМЧИЛГЭЭ ХИЙСЭН ҮР ДҮН” нэртэй судалгааны ажлаар тэргүүн байр эзэлсэн.

-Судалгааны ажлынхаа талаар дэлгэрүүлж өгнө үү?
Ер нь зүрхний шигдээс нь зүрхийг тэжээдэг судаснуудын бөглөрөл нарийслаас үүсдэг бөгөөд эдгээр судаснуудыг судсан дотуурх аргаар тэлж, стент буюу тэлэгч тавьж цусны урсгалыг сэргээх эмчилгээ хийдэг ба энэ аргыг титэм судсан дотуурх оношилгоо эмчилгээ гэж нэрлэдэг.

Манай баг хоёр болон түүнээс дээш судаснууд буюу олон судас гэмтэж зүрхний шигдээс болсон тохиолдолд хэрхэн үр дүнтэй эмчлэх талаар судалсан.

Хоёр ба түүнээс дээш судас гэмтсэн тохиолдолд нас барах эрсдэл өндөр, цаашид зүрхний дутагдал үүсч байнга амьсгаадах, хавагнах, амьдралын чанар муудах нь элбэг байдаг. Манай эмнэлэгт зүрхний олон судсыг хамарч гэмтээсэн зүрхний шигдээс их ирдэг. Үүнийг эмчлэхдээ бүх судсыг нэг дор эмчлэх эсвэл зөвхөн дан шигдээс хамааралт судсыг эмчлээд цаашид эмэн эмчилгээ үргэлжлүүлэх зэрэг олон янзаар эмчилгээ хийгдэж байна.

Олон улсад хийгдсэн судалгаагаар нэг дор олон судсыг эмчлэх нь тавиланд нөлөөлдөг байна. Манай баг 2019 онд зүрхний шигдээсээр өвчилсөн олон судасны эмгэг оношилогдсон 255 хүнийг 15 сарын турш даган судласан бөгөөд энэ хугацаанд 40 хүн нас барж, үүний 33 нь шигдээс хамааралт судас буюу нэг судсанд эмчилгээ хийлгэсэн өвчтөн байсан бол  олон судсанд эмчилгээ хийлгэсэн өвчтөний долоо нь нас барсан дүн гарсан.  Эндээс харахад зүрхний шигдээсийн өвчлөлийн үед олон судсанд нэгэн зэрэг эмчилгээг хийх нь өвчтөний тавиланд эерэгээр нөлөөлдөг гэсэн олон улсын судалгаатай манай судалгааны үр дүн дүйж байна.

-Зүрхний шигдээс үүсэх голлох шалтгаан болон илрэх шинж тэмдэг нь ямар байдаг вэ?
– Зүрхний шигдээс үүсэх гол шалтгаан нь судасны нарийсал бөглөрөл байдаг. Энэ нь удамшил, цусан дахь холестерин ихсэх, тамхи татах, таргалалт, хөдөлгөөний дутагдал, даралт ихсэх, чихрийн шижин, стресс, архидалт зэрэг олон хүчин зүйлийн улмаас үүсдэг. Эрэгтэйчүүд энэ өвчинд нэрвэгдэх нь их бөгөөд эмэгтэй хүнд 50 наснаас хойш эрсдэл ихэсдэг гэж үздэг.

-Судалгааны ямар аргыг хэрэглэсэн бэ?
-Эмнэлгийн практикт олон төрлийн судалгааны аргуудыг ашигладаг. Энэ судалгааг бид когорт судалгааны арга буюу 2019 онд зүрхний шигдээсээр өвчилсөн олон судасны эмгэг хэмээн оношилогдсон 255 эмчлүүлэгчийг 15 сарын турш хянан, энэ хугацаанд  хэдэн хүний эмчилгээ нь амжилттай болсон, хэдэн хүн дахин эмнэлэгт хандсан, хэдэн хүн амь насаа алдсаныг судлан титэм судсан дотуурх эмчилгээний сонголтуудын үр дүнг судласан.

Шигдээсийн үед цээжний зүүн талд зүрх орчим, өвчүүний араар дарах, базах, шахаж байгаа юм шиг хүчтэй өвдөх, хоолой базаж, шахагдаж буй мэдрэмж төрөх, зүүн гар мөр, ар нуруу, аюулхай руу дамжиж өвдөх, амьсгаадах, хүйтэн хөлс гарах, бие сулрах амархан ядрах зарим хүмүүст огиудас хүрэх бөөлжих, эсвэл толгой эргэх, ухаан балартах гэх мэт шинжүүд гарч болох ба уг зовиурууд ихэвчлэн биеийн ачаалал, сэтгэл хөдлөлтэй холбоотойгоор илэрдэг.

-УГТЭ-ийн Зүрхний шигдээсийн тасгаар жилд хичнээн иргэд үйлчлүүлж байна вэ?
-Манай тасгийн хувьд зүрхний шигдээс, зүрхний ишеми буюу цус хомсрох өвчтэй эмчлүүлэгчдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Титэм судасны оношилгоонд жилдээ 2000-2500 хүн ордог. Үүний 1100-1200 хүн нь зүрхний цочмог шигдээс болсон өвчтөн байдаг.

Энэ төрлийн эмчилгээний төлбөр багадаа ойролцоогоор гурван сая орчим төгрөг болдог бөгөөд эмчлүүлэгчийн байдлаас шалтгаалан хэлбэлзэж болно. Үүнээс Эрүүл мэндийн даатгалаар 75 хувийг нь хөнгөлж, үлдсэн 25 хувийг хэвтэн эмчлүүлэгч төлдөг байсан бол 2021 оны 3 сарын 1-ний өдрөөс Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн III тогтоол гарсантай холбоотой амь тэнссэн үеийн тусламж үйчилгээний (зүрхний шигдээс,тархины харвалт, хорт хавдар) мэс заслын төлбөрийг 100 хувь Төрөөс даадаг болсон тул зүрхний хурц шигдээс бүхий эмчлүүлэгчээс ямар нэгэн төлбөр гарахгүй болсон.

-Ангиографи – титэм судсан дотуурх мэс засал эмчилгээгээр зүрхний титэм судсанд стент буюу тэлэгч байрлуулсаны дараа ямар дэглэм баримтлах  вэ?

-Стент буюу тэлэгч нь эрүүл хүний биед байх ёсгүй зүйл шүү дээ. Тэгэхээр гам барихгүй л бол тэлэгч дахин бөглөрөх, өмнө нь өвдсөнөөсөө илүү аюултай хүндрэл үүсгэхийг үгүйсгэхгүй.

Дээрээс нь амьдралын буруу хэв маягтай холбоотойгоор бусад судаснууд нэмж гэмтэх эрсдэлтэй. Стент буюу тэлэгч тавиулсан хүн эхний нэг жилийн хугацаанд цус шингэлэх 2 эмийг хавсруулан уудаг ба цаашид 1 эмийг дангаар нь насан туршдаа тогтмол уух хэрэгтэй. Мөн зүрхний дутагдал, артерийн даралт ихдэлт зэрэг хавсарсан эмгэгийг эмчлэх, өөх тос бууруулах, өвчин даамжрахаас сэргийлэх хэд хэдэн төрлийн эмийг эмчийн хяналтанд байнга хэрэглэдэг. Мөн хоол, хөдөлгөөний дэглэм барьж, хорт зуршлыг огт хэрэглэхгүй байх хэрэгтэй. Эмнэлгээс гарсны дараа эхний жилд 3-4 удаа зүрхний шигдээсийн эмчийн хяналтанд үзүүлэн, түүнээс цааш харьяа эмнэлгийн зүрхний эмчийн хяналтанд үзүүлнэ.

-Таны хувьд Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэзээнээс эхлэн ажиллаж эхэлсэн бэ?
2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллаж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: УГТЭ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version