Тамура Эрикотой цахим уулзалт хийв
Зам, тээврийн хөгжлийн сайд дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрикотой 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр цахим уулзалт хийлээ.
Уулзалтаар ЖАЙКА-ын зүгээс Монгол Улсын байгаль орчны судалгааны үр дүнгийн талаар танилцуулж, энэ хүрээнд дэд бүтцийн салбарт хийгдэж буй хэд хэдэн судалгааны ажлуудыг онцолж, түүнд суурилан цаашид хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн талаар санал солилцов.
Түүнчлэн ЖАЙКА-аас энэ оноос эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Зам, тээврийн дэд бүтцийн судалгаа” болон “Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн хот төлөвлөлт, дэд бүтцийг хөгжүүлэх судалгаа”-ны ажлын талаар товч танилцуулав.
Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ яамны зүгээс эдгээр ажлуудад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд, Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн хот төлөвлөлтийн ажлыг өмнө хийгдсэн суурь судалгааны ажилтай уялдуулах нь зүйтэйг онцоллоо.
Энэхүү суурь судалгаанд Шинэ нисэх онгоцны буудал төсөл, АН-3 чиглэлийн авто зам, Богдхан төмөр зам, Улаанбаатар хотоос Шинэ нисэх онгоцны буудлыг чиглэсэн төмөр замыг бий болгох, холимог тээврийн логистикийн нэгдсэн төв байгуулах, суурьшлын хот байгуулах, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлууд хамаарч байгаа юм.
Мөн аюултай хог хаягдлыг боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх асуудлаар дэвшүүлсэн ЖАЙКА-ын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, цаашид хэрэгжүүлэх судалгаа, төслийн ажлуудад холбогдох мэргэжлийн баг хамт олныг дайчилж хамтран ажиллахаа илэрхийллээ.