Орон нутагFocusШинэ мэдээ

Хэрлэн сумын 2 тохиолдол батлагдаж, дахин 2 сэжигтэй тохиолдол илэрчээ

Өнөө өглөө 08:00 цагаас эхлэн Хэнтий аймгийн Шуурхай штаб хуралдлаа. Өчигдөр тус аймагт сэжигтэй тохиолдол 4 бүртгэгдэж, нарийвчилсан /PCR/ шинжилгээгээр Хэрлэн сумын хоёр тохиолдлын шинжилгээний хариу эерэг гарч, Бор-Өндөр сум, Мөрөн сумын хоёр иргэний шинжилгээ сөрөг гарсан байна.

Хэрлэн сумын батлагдсан тохиолдлуудыг Халдвартын тасагт хэвтүүлсэн. Голомтын эх уурхай Улаанбаатараас зөөвөрлөгдөн орж ирсэн, тодорхой бус байгаа учраас Шуурхай штабын хариу арга хэмжээний баг, тандалт судалгааны баг төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

Өчигдөр шөнө Шуурхай хариу арга хэмжээний 1, 2 дугаар бүлэг Хэрлэн суманд батлагдсан хоёр тохиолдлын ойрын болон дам хавьтал болсон 97 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хоёр иргэнээс эерэг гарч мөн сэжигтэй тохиолдлоор бүртгэгдлээ. Сэжигтэй тохиолдол болон ойрын хавьтлуудаас нарийвчилсан /PCR/ шинжилгээний сорьц авч лаборатори луу хүргүүлээд байгааг албаны эх сурвалж мэдэгдлээ.

Өглөөний хурлаар аймгийн Засаг дарга ойрын болон дам хавьтал болсон хүмүүсийг яаралтай тогтоохыг Тандалт судалгааны багт, PCR шинжилгээ авахыг эрүүл мэндийн байгууллагад даалгалаа. Тэрбээр тархалтыг хумих, ойрын хавьтлуудыг даруй бүрэн тогтоох үүднээс хүнс хүргэлтийн үйлчилгээг түр зогсоох, тусгай горимоор ажиллаж буй төрийн байгууллагуудын үйлчилгээг зогсоох, гудамж талбайд эргүүл нэмэгдүүлэн гаргахад төрийн албан хаагчдыг татан оролцуулах, иргэдийн хөдөлгөөнийг бүрэн зогсоохыг холбогдох удирдлагуудад үүрэг болголоо.

Иргэдийн хөдөлгөөнтэй холбогдуулан яг одоо дроны /нисдэг төхөөрөмж/ тусламжтайгаар хяналт тавьж байна. Өчигдөр Эрүүл мэндийн яамнаас Хэнтий аймагт 23 тохиолдол бүртгэгдсэнийг мэдээлсэн. Тэгвэл аймгийн Молекул биологийн лабораториор өчигдөр шөнө хоёр тохиолдол батлагдлаа. Одоогоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 8 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Өвчтөнүүдийн 3 нь хүндэвтэр, 5 нь хөнгөн, зовуурь багатай байгааг эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Коронавирусын халдвар авсан 17 хүн бүрэн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжээд байна. Ард иргэд та бүхнийг халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, гэртээ байхыг аймгийн шуурхай штабаас анхааруулж байна.

Эх сурвалж: ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version