Нийгэм

Цус ойртолт монголчуудын удмын санг устгаж байна

Монголчууд сүүлийн зуун жил ургийн бичгээ хөтлөөгүйгээс болж, цусан төрлийн хүмүүс хоорондоо гэр бүл болох явдал газар авсаар байна.

Даяаршлагдсан энэ нийгэмд гурав, дөрөв дэх үедээ цусан төрлийн холбоотой хүмүүс хоорондоо гэр бүл болох үзэгдэл түгээмэл болж байгаа талаар эрдэмтэд халаглаж сууна. Энэ асуудал үндэсний аюулгүй байдал хийгээд хүн амын удмын сангийн аюулгүй байдалд харанга дэлдсэн үзүүлэлт болоод байгаа нь судалгаагаар нотлогджээ.

Болсон явдал

Миний эмээ 1946 онд төрсөн хүн байда юм. Багаасаа л ижийтэйгээ хамт нутгаасаа гарч, Налайх дүүрэгт сууришжээ. Амьдралын эрхээр ижий нь хань бараатай болж, 3-н дүүтэй болсон байна. Ухаан орсон ч ижийгээсээ аавынхаа тухай асууж зүрхэлдэггүй байсан гэнэ лээ. Харин 1980-аад оны дундуур ижий нь нэг удаа “Эцэг чинь дайнд яваад эргэж ирээгүй юм. Сураг сонсох нээ, хэдэн жилийн өмнө нутагтаа очиж, биднийг хайж сураглаад явсан дуулдсан. Миний хүүхэн төрсөн аавыгаа амьд мэнд дээр нь олж уулзаарай” хэлсэн гэдэг. Удалгүй ижий нь насан эцэслэв.

Эмээ маань ч аавынхаа сургын гаргах гэж, хүн амьтнаас чих тавин нэлээд явсан юм билээ. Ингэж явсаар 1990-ээд онтой золгов.

Харин 1994 онд аавыгаа Дорноговь аймгийн Алтанширээ суманд амьдарч байна гэдгийг хүнээс дуулсаар очтол, холын хамаатан гэх 40 эргэм насны эмэгтэй “Ахыг хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хот руу хүүхдүүд нь аваад нүүсэн. Тэднийх гурван хүүхэдтэй. Хүүхдүүд нь том дарга хийдэг, ахыг сайхан асардаг. Ийм хүн байдаг юм гэж” зургийг нь үзүүлжээ.

Түүнээс хойш эмээ маань аавынхаа сургыг сонсож чадсангүй. Хий дэмий л зургийг нь зургийн цомогтоо хадгалж, үр хүүхэд, ач зээ нартаа хааяа гаргаж үзүүлнэ. Ингэхдээ  “Энэ миний аав. Одоо амьд мэнд байвал 90 гарч яваа хөгшин бий. Хүүхдүүд нь аавыгаа их сайхан өргөж явдаг гэсэн” хэмээн ярьж, суудаг байлаа.

2012 оны цагаан сараар манай эмээ дээр өссөн үеэл эгч найз залуугаа ах дүү амраг садандаа танилцуулав. Гадаад дотоодод боловсрол эзэмшсэн, нүдэнд дулаахан, даруу төлөв өндөр цагаан ах дүү амраг саданд маань ч таалагдав.

Зун нь бэр гуйхаар хэн хэдэн хүн эмээгийн очсон байдаг. Бэр гуйлгын хүмүүс дотор залуугийн аав багатжээ.

Тэр манай эмээг хараад л, “Таны нэрийг Должин /нэрийг нь бага зэрэг өөрчлөв/ гэдэг үү? Ээжийг чинь Ханд гэдэг хүн байсан уу” гэж асуужээ. Эмээ гайхшраад “Тийм” гэж хариулахад, “Энэ чинь юуных нь бэр гуйх үйл байх вэ, Энэ хүн чинь миний төрсөн эгч байна шүү дээ. Миний бага хүү таны том зээтэй учирсан бололтой” хэмээн дуу алдаж, тэврэлдэж уулзалдсан гэдэг.

Учир нь эмээг маань ч гэсэн төрсөн аав нь, хойд эхээс нь гарсан дүү нар сүүлийн 20 жил хайж, зураг хөргийг нь олж авчээ. Гэвч олж уулзаж чадахгүй, төөрөлдөж явснаа сүүлд дурссан юм. Эмээгийн аав  /элэнц өвөө/ өдгөө 101 настай буурай Улаанбаатар хотод энх тунх амьдарч байна.

Ийнхүү бэр гуйлга маань 50 жил уулзаагүй эцэг охин хоёрын уулзалтаар төгссөн юм. Харин үеэл эгч, хамаатны ах хоёрын маань хайр сэтгэл, сэтгэл эмзэглүүлэм өрөвдөлтэйгээр дууссан. Тэд өдгөө өөр өөрийн амьдралаар амьдарч явна.

Хэрэв дээрхи тохиолдолд эмээ, их нагац хоёр маань бие биенээ таниагүй бол цус ойртож, удмын санд өөрчлөл орох байлаа.

-Орон нутагт цус ойртолт илүү их ажиглагдаж байна-

Монголчууд бид хэзээнээс өөрийн есөн үе дотор гэр бүл болохыг цээрлэж, үр хүүхдүүддээ зааж сургаж ирсэн. Үүгээрээ Европоос ялгаатай. Европын хаад вангууд ихэвчлэн өөрийн ураг төрөл дотроо гэр бүл болдог байсан нь өнөө хэр мэр сэр хадгалагдсаар үлдсэн.

Монголд коммунизмын он жилүүдэд ургийн бичиг хөтлөх нь бараг зогссон байсан. Харин 2000 оноос энэ ажил эхэлсэн боловч зохион байгуулалт муу дээр нь хүн бүр хүссэн ургийн овгоо зохиосон зэргээс болж, холион бантан болсон гэхэд хилсдэхгүй.

Иргэний бүртгэлийн Ерөнхий газрын мэдээллээр манай улсын хүн амын 86 хувь нь Боржигон овогтой байдаг гэнэ. Дээр нь хятадууд хүртэл боржигон хэмээн тууж явна.

Энэ бол туйлшралын нэг хэлбэр.

Судлаачдын судалгаагаар цус ойртолтын газарзүйн тархалтын хамгийн их голомт хаана байна гэхээр Монгол орны хойноос өргөргийн дагуу урагшлах тутам хүн ам дахь цус ойртолтын төвшин аажмаар ихэсдэг зүй тогтол ажиглагдсан байна.

Тодруулбал, урагшаа говь уруу явахын хэрээр хүн амын суурьшилт сийрэгжиж, хосууд бие биеэ сонгох сонголт багасан, хүссэн хүсээгүй хоорондоо гэрлэж байна гэсэн үг. Гэхдээ дан ганц говь ч биш бүх аймгуудад мэр сэр ажиглагдаж эхэлсэн байна.

Манай өнөөгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн бүтэц нь цус ойртолтод хамгийн их нөлөөлж буй хүчин зүйл болоод байна. 21 аймгийн 330 гаруй сум хэт жижигхэн бүтэц юм. Өөрийн аймаг сумаасаа холдож үзээгүй хүмүүс өөр хоорондоо суухаас аргагүй.

Хүн амын дунд нэг багийн уугуул хүмүүс хоорондоо гэрлэх нь нийт гэрлэлтийн 85,4 нэг сумын хүн амын 73,9 нэг аймгийн хэмжээнд 86,1 хувийг эзэлж байна.

Энэ бол яах аргагүй үндэсний аюулгүй байдал, Монгол хүний удмын санд учирсан хамгийн том аюул юм.

Мөн зөвхөн хөдөөд ч гэлтгүй хотын залуус ч даяаршлагдсан нийгмээ дагаад бодол санаа нь өөрчлөгдөж ах дүү хамаатан садан ахмад настнаа хүндлэх нь бүү хэл таньж мэдэхгүй байна. Өнөөдөр захын нэг хүүхдээс асуухад өвөөгийнхөө бүтэн нэрийг мэдэхгүй байх нь энүүхэнд.

Өнөө үед дээрх жишээтэй адил хамаатан садан ах дүүсийн дунд гэр бүл болох хэмжээнд хүрчихээд байгаа нь нууц биш.

-Цус ойртолтын улмаас ургийн гажиг нэмэгджээ-

Цус ойртолтыг ерөнхийдөө шууд ба, холуур цус ойртолт гэж хуваан үздэг.

Шууд цус ойртолт нь ураг төрөл хоорондоо гэр бүл болохыг хэлдэг бол холуур цус ойртолт нь нэг сум, баг, аймгийнхан хоорондоо гэр бүл болохыг хэлдэг байна. Эндээс харахад манайхан холуур цус ойртолтонд нэгэнт өртөж байгааг харж болохоор.

Иймээс л тэд ах дүү хамаатан садантайгаа гэр бүл болж үүнийх нь уршигаар төрөлхийн гаж хөгжилтэй хүүхдүүд ихээр төрөх боллоо. Уруул тагнайн сэтэрхий, нугас нь ивэрхий, тархи нь усаар дүүрсэн, өтгөний сүв нь битүү, хэвлийн урд талын хана байхгүй зэрэг гаж хөгжилтэй хүүхэд төрөх давтамж нь жил ирэх бүр нэмэгдсээр байгааг эмч мэргэжилтнүүд дуу нэгтэй хариулж байлаа.

Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр бол 2014 оны тоо баримтаар 81715 хүүхэд мэндэлснээс улсын хэмжээнд 480 орчим хүүхэд төрөлхийн ургийн гажигтай төржээ. Энэ бол зөвхөн нэг жилийн тоо баримт.

Хамгийн харамсалтай нь эдгээр ургийн гаж хөгжилтэй хүүхдүүдийг эмчлэх мөн нийгэмшүүлэх сургууль, цэцэрлэг Монгол Улсад байдаггүй юм. Ургийн гажигтай хүүхдүүд хорвоод мэндэлж, айдас авчирч байгаа нь хэд хэдэн шалтгаантай.

Тиймээс Монгол айл өрх бүр өөрсдийн ургийн бичгээ хөтөлж үр хүүхдээ ах дүү хамаатан садныг нь танилцуулах шаардлагатай юм. Мөн төр засгийн зүгээс цус ойртолт явагдаж байгаа орон нутгуудад хүн амын удмын сангаа хамгаалахад чиглэгдсэн бодлого боловсруулах хэрэгтэй байгаа юм.

Мөн сэтгэцийн өвчтэй хүүхэд өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн эмч нар хэлж байна.

Яг өнөөдрөөс эхлээд цус ойртолтын талаар тодорхой арга хэмжээ авахгүй бол бид шинээр хэд хэдэн сэтгэцийн эмнэлэг байгуулах шаардлага гарах нь байна.

-Цус ойртолтыг холдуулж байна гээд гадаад хүнтэй суух буруу-

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хүний генетик, экологийн эрүүл мэнд судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан, хүн судлаач, анагаах ухааны доктор Э.Энхмаатай ярилцлаа.

-Манай улсад цус ойртолтгүй аймаг, сум байна уу?

-Харамсалтай нь байхгүй.  Энэ цус ойртолтын улмаас бид мөхлийн ирмэгт ирчихсэн байна шүү. Цус ойртолтыг аймаг бүрээр тооцож үзсэн. Цус ойртолт хэрэв илрэхгүй байвал цус ойртолтын коэффицент тэг /0/-тэй тэнцүү байдаг. Гэтэл ийм үзүүлэлттэй аймаг ерөөсөө байхгүй. Аймаг бүрээс цус ойртолтын төвшин ямар нэг хэмжээгээр илэрсэн.

Тэгэхээр танай аймагт их, манай аймагт бага байна. Тэр говийнхон л цөөхүүлээ хэцүүдлээ. Улаанбаатарт хүн ам ихтэй учраас энд гайгүй гэж ойлгох ямар ч боломжгүй болчихлоо.

 -Цус ойртолт хамаатан садны хэддэх үе дээр илүү илэрч байна?

-Өнөөдөр хүн амын дотор ямар төрлийн цус ойртолт байна гэхээр өөрөөсөө дээш гурав дөрөв дэх үеийн ах дүү нар хоорондоо гэрлээд байхад илэрдэг тийм төвшний цус ойртолт түгээмэл болчихжээ.

Өөрөөр хэлбэл элэнц хуланцынхаа төвшинд цусны хамаатай хүмүүс гэрлэхэд илэрдэг цус ойртолт бидний судалгааны үр дүнд илэрсэн. Энэ нь юуг хэлж байна гэхээр өнөөдөр монгол хүний удмын сангийн аюулгүй байдал ноцтой алдагдаж байна. Тэгэхээр монголчууд цаашид ургийн бичгийг зайлшгүй хөтлөж эхлэх шаардлагатай байна.

Угийн бичгийг хэзээнээс хөтлөхөө больсон юм бэ?

-Анх 1925 онд Монгол Улсын Засгийн газрын нууц тогтоол гарч монгол хүн овог хэрэглэх, угийн бичгээ хөтлөх явдлыг болиулчихсан юм билээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл 90 жил өнгөрч. Хүний нэг үе удам гарч ирэх генетикийн хугацаа 25 жил байдаг юм л даа. Өөрөөр хэлбэл, миний үр хүүхэд төрөөд дунджаар 25 нас хүрч байж гэрлээд дараагийн үе удмаа төрүүлнэ. Энэ хугацаагаар тооцох юм бол даруй гурван үе удам давсан хугацаа өнгөрчихсөн байгаа юм.

Монголын хүн амын дотор цус ойртох үзэгдэл байна уу гэдэг дээр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн /Хүн судлалын үндэсний төв/ олон жилийн судалгаа хийж, өнөөдөр ямар төвшинд хүрчихээд байгааг нь тодорхойлж гаргаж ирчихээд байна л даа. Генийн сангийнхаа тодорхой хувиар хоорондоо ураг төрлийн холбоотой хүмүүс гэрлэхийг цус ойртсон гэрлэлт гэдэг. Хүн 32040 гентэй гэдгийг эрдэмтэд нарийн тодорхойлчихсон байна. Түүний 16020-ийг нь ааваасаа, үлдсэнийг нь ээжээсээ авдаг. Ингэж хувь хүний генийн сан бүрддэг юм.

Манай хүрээлэн сүүлийн 30 жил энэ асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Энэ хугацааны судалгааны үр дүн, бусад судалгааны бодит үр дүнд тулгуурлаад өнөөдөр Монголын хүн амын дунд цус ойртолт ямар төвшинд байгаа, түүний үр дүн нь юу юм бэ гэдгийг тогтоож гаргасан.

 -Хэдэн үе өнгөрч байж генийн сангийн хувьд огт хамаагүй хүмүүс болох вэ?

-Жишээ нь, энгийнээр хэлбэл миний биеэр аавын цусны 50 хувь, ээжийн цусны тал хувь нь эргэж байгаа. Өвөөгийн цусны 25, эмээгийн цусны 25 хувь гэх мэтчилэнгээр хоёр дахин багасч дээшээ явсаар байгаад ес дэх үе дээрээ ирэхээр генийн сангийн холбоо маань 0.19 хувь болдог. Ийм хувиар л би ес дэх үеийнхээ өвөг дээдэстэй хамаатай байх нь. Үүнээс цааш арав дахь үе рүүгээ ороод ирэхээр үндсэндээ генийн сангийн хувьд бараг хамаагүй, харь элгийн хүмүүс болж хувирдаг байна. Тэгэхээр есөн үеийн дотор ураг холбож болохгүй ээ гэдэг монгол ёс заншлын шинжлэх ухааны үндэслэл нь энэ.

-Тэгвэл гадаад иргэнтэй гэрлэж, цус ойртолтоос ангижирч болох уу?

– Монгол Улсын иргэн, өрх бүр ургийн бичгээ хөтөлж эхлэх хэрэгтэй. Цус ойртолтыг холдуулж байна гээд гадны хүмүүстэй гэрлэх нь туйлын буруу. Зарим нь өөрийгөө зөвтгөж байгаа байх. Үгүй шүү гэж хэлмээр байна. Хүн амьдралын орчиндоо удмын сангийнхаа тусламжтай дасан зохицож, амьдрал нь тэнцвэртэй явагддаг.

Өөрөөр хэлбэл, бид монгол цус, монгол удмын сангаар Монголынхоо байгаль, уур амьсгалд дасан зохицож байж сая эрүүл чийрэг бие бялдар, оюунлаг байдлаа хадгална. Нөгөө талаас эрлийзжилтээр тухайн улс үндэстний удмын санд урьд хожид байгаагүй удамшлын өвчний ген хэдэн мянгаараа ороод ирдэг.

-Цус ойртолтын үр дагавар, хор холбогдол нь юу вэ?

-Цус ойртолт ямар үр дагавар авчирдаг юм бэ гэдгийг хүний генетикийн шинжлэх ухаан аль хэдийнэ тогтоочихсон. Хүн болгонд ээж, ааваас далд хэлбэрээр удамшдаг муу шинжийн генүүд хэдэн арваараа байдаг. Гэтэл цус ойртсон гэрлэлтээр нөгөө далд байсан муу шинжийн генүүд хоорондоо ижилсэх магадлал ихэсч, өвчин болж илрэх нөхцөл нь бүрддэг. Тэгэхээр төрөлхийн удамшлын өвчин согогтой, оюуны хомсдолтой хүүхдүүд олноороо төрөх, нөгөө талаар хүний бие бялдрын хөгжил муудаж, их давжаа болдог. Аливаа өвчнийг эсэргүүцэх дархлаа суларч доройтдог, юмыг их хурдан түргэн сэтгэдэг оюун ухааны ир мохоо болж ирдэг. Амьгүй төрөлт, зулбалт их болж байгаа нь бүгд л цус ойртолтын илрэл. Биеийн эсэргүүцэл дархлаа суларч, ямар нэгэн өвчнийг эсэргүүцэх хувь хүний чадавх муудна. Ийм муу үр дагавартай гэдэг нь хүний генетикийн шинжлэх ухаанаар нэгэнт нотлогдсон зүйл. Төрөлхийн согог гажигтай хүүхдийг 2005 оноос хойш улсын хэмжээнд бүртгэдэг болсон. Бүртгэлийн газраас мэдээлэл аваад харахаар төрөлхийн согог гажигтай хүүхэд төрөөгүй  аймаг гэж алга.

Тийм учраас бид энэ асуудлыг өөрөөсөө холтгож тайвширч болохгүй. Уруул, тагнай нь сэтэрхий, зүрхний гажиг, нугасны ивэрхий, хошного нь битүү гээд 10 төрлийн төрөлхийн хөгжлийн гажгаар судлахад ийм үр дүн гарч байгаа юм. Цус ойртолт жилээс жилд нэмэгдээд л байна. Нэмэгдэхийн хэрээр төрөл бүрийн төрөлхийн гажиг согогтой төрдөг хүүхдийн тоо олшроод байна гэсэн үг. Цус ойртолт гэдэг бол 25, 25 жилээр нэмэгдээд явдаг. Чимээгүй тахал гэсэн үг.

-Элэнц хуланцын төвшинд ураг төрлийн хамаатай хүмүүс гэрлэж цус ойртоод байна гэж та хэллээ. Нийслэлд түгээмэл байна уу, эсвэл хөдөө энэ үзэгдэл их байна уу?

-Бид цус ойртолтын газар зүйн тархалтын зураглалыг гаргасан юм. Макро төвшинд буюу аймаг бүрээр харахаар алаг цоог зураглал гараад ирсэн. Харин микро төвшинд буюу Монгол орны газар зүйн уртраг өргөргийн зурвасууд, нэгж градус бүрээр тооцоод нарийн шинжилгээ хийгээд үзэхээр ерөөсөө Монгол орны өргөргийн дагуу хойноосоо урагшлах тутам цус ойртолт аажмаар ихэсдэг зүй тогтол илэрсэн. Өөрөөр хэлбэл, хүн ам сийрэг суурьшсан нутагт цөөн тооны хүмүүс хүссэн хүсээгүй хоорондоо гэрлээд алсуур цус ойртолтыг улам нэмэгдүүлж байна. Хүн амын шилжин суурьшилт багаас сумын төв, сумын төвөөс аймгийн төв, тэндээс хүн ам олноор суурьшсан томоохон хот руугаа чиглэлтэй байдаг. Социализмын үед ч ийм  чиглэлтэй байсан, зах зээлийн эдийн засагтай нийгэмд шилжсэн үед ч энэ урсгал хадгалагдаад байгаа. Хөдөөнөөс хотод ирээд нийслэлийн яг унаган иргэнтэй гэр бүл болоод амьдрал зохиож байгаа нь харьцангуй ховор шүү дээ. Гэр бүлээрээ л нийслэлд шилжиж ирдэг. Нийслэлд цус ойртолт арай бага, хөдөө орон нутаг руугаа илүү байгаа гэж шууд хэлэхэд хэцүү л дээ.

Б.Одон

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version