Налайх дүүргийг агаарын чанарын бүсэд оруулна
Нийслэлийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаар Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд нийслэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын хуулийн шинэчлэсэн найруулгын төслийн тухай, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2016-2020 онд хийсэн ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай гэсэн асуудлыг хэлэлцэх товтой.
Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд агаарын чанарыг сайжруулах бүсүүдийг тогтоож, зорилтод арга хэмжээ авч буй. Тэгвэл 2021 оны өвөлжилтийн жилд Налайх дүүргийг уг бүсэд оруулахаар судалж эхэлжээ. Ингэснээр Налайх дүүргийн иргэд сайжруулсан шахмал түлш түлэх боломжтой болно. Мөн “Таван толгой түлш” компанийнхан түлшинд агуулагдаж байгаа хүхрийн хэмжээг бууруулах зорилгоор барьцалдуулагч нийлүүлэх аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах хороо байгуулжээ. Энэ төрлийн барьцалдуулагчийг ашигласнаар хүхрийн хэмжээг 20 хувиар бууруулах боломжтой.
Түүнчлэн тус компаниас нүүрсний түүхий эдийг дулааны аргаар боловсруулахаар ТЭЗҮ боловсруулсан бөгөөд үүний үр дүнд хүхэр 50 хүртлэх хувиар буурна гэж үзэж байгаа юм. Харин автомашинаас үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах хүрээнд гэрлэн дохионы удирдлагын системийг сайжруулах, ингэснээр ямар үр дүнд хүрэхийг судлах, евро-5 шатахууныг хэрэглээнд нэвтрүүлэх, бохирдол ихээр ялгаруулж буй автобус, тээврийн хэрэгслийг засвар үйлчилгээнд хяналт тавьж, сайжруулах гээд шат дараатай арга хэмжээ авч буй талаар нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө танилцууллаа.
Нийслэлийн агаарыг бохирдуулагч томоохон хүчин зүйл нь халаалтын зуухууд байдаг. Иймд нийслэлийн ЗДТГ-аас халаалтын зуухуудыг буулгах, сайжруулах ажлыг тогтмол зохион байгуулж буй. Тухайлбал, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 100кВт-аас дээш хүчин чадалтай зууханд MNS5043:2016, MNS5919:2008 стандартын дагуу жил бүр хэмжилт хийж байна. Өнгөрсөн онд 48 аж ахуйн нэгжийн халаалтын зууханд хэмжилт хийж, стандарт хангаагүй 31 зуухны хэмжилтийн дүнг холбогдох байгууллагад хүргүүлж, сайжруулалт хийжээ. Мөн нэгдүгээр сард “Ванхүү” ХХК-ийн КCRM-0.6МВт хүчин чадалтай зуухнаас хаягдах хүхэр, тоос стандартаас давсан, “Сайле Фүүд Монголия” ХХК-ийн DZL-2тн/цаг зуухнаас хаягдах СО стандартаас давсан байсныг хэмжилтээр дүгнэж нийслэлийн Мэргэлжлийн хяналтын газарт хүргүүлсэн байна.
Эдгээрээс гадна агаар, орчны бохирдлыг бууруулахад хувийн хэвшилтэй хамтран ажиллах талаар судалгаа эхлүүлжээ. “Юу би метан” ХХК-тай хамтран гэр хорооллын айл өрхүүдийг хийгээр халаах цогц ажлыг туршилтаар нэвтрүүлэхээр зорьж байгаа гээд цөөнгүй ажлыг дурдаж болно. Цаашид ч хувийн хэвшлийн санал санаачилгыг нээлттэй хүлээн авч буй бөгөөд ирэх тавдугаар сард төр, хувийн хэвшлийн хамтарсан чуулган зохион байгуулах төлөвлөгөө гаргажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгчид насжилт өндөртэй амвтомашин замын хөдөлгөөнд оролцож, улмаар орчныг бохирдуулж байгаад анхаарах ёстой гэлээ. Хурлын дарга Ж.Батбаясгалан “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр олон байгууллага ажиллаж байна. Хийж буй арга хэмжээ бүр үрд дүн үзүүлэх ёстой. Тиймээс төлөөлөгч нарын хэлсэн саналыг үйл ажиллагаандаа тусгах нь зүйтэй” гэсэн юм.
Нийслэлийн ИТХ-н ээлжит V хуралдаан үргэлжилж байна…
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ