Жил бүрийн 3 дугаар сарын 24-ний өдрийг дэлхийн Сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Тус өдөртэй холбогдуулан ХӨСҮТ-ийн СТСА-ны үзлэг хяналтын тасгийн эрхлэгч П.Насанжаргалтай ярилцлаа.
-Энэ жилийн сүрьеэтэй тэмцэх өдрийн уриа онцлог юу байна?
-2021 оны уриа “ЦАГ ЯВСААР БАЙНА” хэмээн дэлхий нийтээр сүрьеэ өвчнийг устгахад илүү их анхаарал хандуулж эрч хүч, шинэ санаа, санаачлагатай шуурхай ажиллахыг уриалж байгаа билээ.
-Сүрьеэ гэж ямар өвчин бэ?
–Сүрьеэ нь Mycobacterium tuberculosis хэмээх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын халдварт өвчин юм. Нян нь ихэвчлэн уушгийг гэмтээдэг. Гэхдээ сүрьеэгийн нян бөөр, нуруу, тархи зэрэг биеийн аль ч хэсгийг гэмтээж болдог. Хэрэв эмчилгээ хийлгэхгүй бол сүрьеэ өвчин үхэлд хүргэх аюултай байдаг. Харин эмчийн зааврын дагуу эмчилгээг бүрэн хийлгэсэн үед эдгэрдэг өвчин юм.
Дэлхий дахинд болон Монгол улсад Сүрьеэ, КОВИД-19 нөхцөл байдал ямар байна вэ?
-Сүрьеэ өвчин нь дэлхий дахинд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлангаар жил бүр 10.4 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.8 сая хүн нас барж байна.
Дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ өвчин хэвээр байна.
Манай улс нь сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэг бөгөөд жилд шинээр 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилдөг. Хүүхэд залуучуудын дунд сүрьеэгийн өвчлөл өндөр байдаг энэ нь нийгэмд сүрьеэгийн халдварлалт идэвхтэй байгааг харуулдаг. Манай улсад жил бүр 200 гаруй хүн сүрьеэ өвчний улмаас амь насаа алдаж байгаа нь халдварт өвчний дотор нэгдүгээр байранд орж байна. Хэдийгээр сүүлийн жилүүдэд энэ өвчинтэй тэмцэхийн тулд төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, оношлогоо, эмчилгээнд сүүлийн үеийн тоног, төхөөрөмжүүд, оношлуур, эмчилгээг хэрэглэж байгаа хэдий ч өвчлөл, тархалт, нас баралт дорвитой буурахгүй байгаад анхаарч ажиллах шаардлагатай байна.
Өнөөдөр шинэ коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал дэлхийн 223 орны 120 гаруй сая хүн өвчилж, 2,7 сая хүн барсан байдалтай тулгамдсан асуудал хэвээр л байна. Монгол улсад КОВИД-19 анхны тохиолдол 2020 оны 3-р сарын 10-нд бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар 4000 гаруй тохиолдол бүртгэгдэж, тохиолдлын тоо нэмэгдсээр байна.
-КОВИД-19, Сүрьеэгийн онцлог ялгаатай тал?
Хэдийгээр сүрьеэ болон Ковид-19 аль аль нь ихэвчлэн уушгийг гэмтээж ханиалгах, халуурах, амьсгалахад хүндрэлтэй гэх мэт төстэй шинж тэмдгүүд илэрдэг ч эмнэлзүйн явцаараа ялгаатай.
Корона вируст халдварын үед эмнэлзүйн шинж тэмдэг богино хугацаанд илэрч, эмчилгээний үргэлжлэх хугацаа 1-2 долоо хоног хүртэл үргэлжилдэг бол сүрьеэгийн эмнэлзүйн илрэл ихэвчлэн удаан хугацаанд илэрч эмчилгээ 06-18 сар үргэлжилдэг.
Сүрьеэгийн үед ханиалгах ихэвчлэн цэр, цустай цэр ялгардаг бол хүндрэлгүй ковидын үед хуурай цэргүй ханиалга байдаг.
Корона вируст халдварын үед амьсгал давчдах зовиур эрт үед илэрдэг бол сүрьеэгийн үед ихэвчлэн хожуу үе шатанд удаан хугацааны дараа хүндрэл байдлаар илэрдэг.
КОВИД-19 дэгдэлт нэг гэр бүлийн хүрээнд эсвэл олон хүн цугларсан газар ихэвчлэн 1-2 долоо хоногийн дотор шинж тэмдэг илэрдэг бол сүрьеэгийн явц удаан хэдэн сарын дараа шинж тэмдэг илэрч болно. КОВИД-19 халдвартай хүнтэй 2 метрээс дотогш зайд 15 минут дээш хугацаанд хамт байхад халдвар авах эрсдэлтэй байдаг бол халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнтэй 6-8 цаг хамт байхад халдвар авсан байх эрсдэлтэй болдлог гэж үздэг. Энд бусад хүчин зүйлсүүд ихээхэн нөлөөтэй байдаг.
КОВИД-19, Сүрьеэгийн тусламж үйлчилгээ…
Цар тахлын нөхцөл байдал нь сүрьеэгийн тусламж үйлчилгээнд тодорхой хэмжээнд нөлөөлөх нь дамжиггүй байна. Сүрьеэтэй өвчтөнийг илрүүлэн оношлох, эмчлэх нь сүрьеэг устгах хамгийн чухал арга зам хэвээр байсаар байгааг анхаарах хэрэгтэй.
Дэлхий дахинд КОВИД-19 цар тахалтай тэмцэж байгаа ч энэ үед сүрьеэгийн тусламж үйлчилгээ хаана ч тасалдах ёсгүй.
Өнөөдөр сүрьеэгийн эмчилгээтэй өвчтөнүүдийн 37% нь амбулаторийн, 30% нь сум, өрхийн эрүүл мэндийн төвийн, 26% сайн дурын идэвхтний хяналтанд, 15% нь цахим хяналттай эмчилгээ хийлгэж байна. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор өвчтөнд эмийг олон хоногоор хяналтгүй өгч явуулах шаардлага үүсч байгаа нь хожмын муу үр дагаварт хүргэж болзошгүй юм. Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд өвчтөн төвтэй, аль болох цахим эрүүл мэндийн технологийг ашиглан, шинэлэг арга барилаар эмчилгээ, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах хэрэгтэй болоод байна.
Сүрьеэгийн байгууллагад ажилладаг эмч, ажиллагсдын 20-30 хувь ковидын үеийн тусламж үйлчилгээнд дайчлагдан ажиллаж байна.
Ковидын сорьц цуглуулах, шинжилгээ хийх, өвчтөн зөөвөрлөх, мэдээлэл боловсруулах зэрэг бүхий л үйл ажиллагаанд оролцож байна. Энэ нь сүрьеэгийн тусламж үйлчилгээнд сайнаар нөлөөлөхгүй гэдгийг анхаарч ажиллах ёстой.
Дараагийн анхаарах асуудал бол КОВИД-19, Сүрьеэ гэх мэт халдварт өвчтэй хүмүүс нийгмийн дунд гутаан доромжлогдох, ялгаварлан гадуурхалд өртөх магадлал өндөр байдаг. Өөрөөр хэлбэл ялгаварлан гадуурхагдахгүйн тулд өвчнөө нуух, нийгмээс тусгаарлагдах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас зайлсхийдэг. Энэ нь өвчин хүндрэх, халдварыг цааш тараах сөрөг нөлөөтөй байж болзошгүй юм.
Иймд ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх, түүнийг таслан зогсооход төр засаг, иргэд, хэвлэл мэдээлэл, олон нийт чухал үүрэг гүйцэтгэдэг.
Бид бүгд цахим орчин болон бусад харилцааны хүрээнд КОВИД-19 болон сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэхэд эерэг хандлагатай байхыг уриалж байна.
-Сүрьеэгээр өвчилсөн хүн КОВИД-19 халдварт өртөх, өвчлөх, нас барах эрсдэлтэй юу?
-Сүрьеэгээр өвчилсөн хүн дархлаа суларсан байдаг энэ үед КОВИД-19 халдварт өртөхөд хүндрэх эрсдэл өндөр, эмчилгээний асуудал төвөгтэй болдог. Сүрьеэгийн нянгийн эсрэг удаан хугацааны эмчилгээ, нөгөө талаас корона вирусын эсрэг эмчилгээ хавсарч хийгдэнэ.
Сүрьеэ болон КОВИД-19 халдварын талаарх туршлага хязгаарлагдмал хэвээр байгаа боловч сүрьеэ болон КОВИД-19-өөр өвчилсөн тохиолдолд ялангуяа сүрьеэгийн эмчилгээг тасалсан тохиолдолд эмчилгээний үр дүн муутай байх магадлалтай байна. Гадны улс орнуудад хийгдсэн судалгаанаас харахад сүрьеэ болон КОВИД-19 хавсарсан халдвартай тохиолдолд нас барах эрсдлийг 2.1 дахин нэмэгдүүлж, эдгэрэх магадлалыг 25%-иар бууруулж байгаа тоо мэдээ ч байна.
-Сүрьеэгийн болон КОВИД-19 хавсарсан өвчтэй болон сүрьеэтэй өвчтөний эмчилгээ ялгаатай уу?
-КОВИД-19 халдвар ба сүрьеэгийн эмчилгээний менежментийн талаарх туршлага хязгаарлагдмал хэвээр байна. КОВИД-19 улмаас тусгаарлалтанд байгаа болон батлагдсан тохиолдолын хэн ч сүрьеэгээр өвчилсөн үед тусламж үйлчилгээг сүрьеэгийн заавар, удирдамжийн дагуу авна.
Сүрьеэтэй байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт эрт хандаж, оношилгоо эмчилгээнд хамрагдаж, эмчийн зааврын дагуу эмийн тун бүрийг тогтмол ууснаар бүрэн эдгэрэх боломжтой юм.