WorldFocus

“Дэлхийн Мөнгөний Долоо Хоног” аяныг нээлээ

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Санхүүгийн боловсролын олон улсын сүлжээ (OECD/INFE)-ээс зохион байгуулдаг “Дэлхийн Мөнгөний Долоо Хоног” аяны нээлтийг Монгол Улсад зохион байгууллаа.

Тус аян нь хүүхэд, залуучуудын санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх, гэр бүл болон нийгэмд мэдлэгээ хуваалцах үүрэг оролцоог нь нэмэгдүүлэх зорилготойгоор жил бүр зохион байгуулагддаг. Энэ жилийн уриа үг нь “Суралц-Хуримтлуул-Өсгө” бөгөөд Монголбанкнаас тус арга хэмжээг 2013 оноос холбогдох байгууллагуудтай хамтран хүүхэд залуучуудын мэдлэг, боловсролыг дэмжих чиглэлээр зохион байгуулж ирсэн билээ.

Энэ жил Монголбанк, БШУЯ, Хадгаламжийн даатгалын корпораци, Монголын Банкны Холбоо, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Насан туршийн боловсролын үндэсний төв, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан болон арилжааны банкууд хамтран 3 дугаар сарын 22-ноос 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хэрэгжүүлэх бөгөөд энэхүү үйл ажиллагааны нээлтийг өнөөдөр цахимаар хийлээ.

Энэ үеэр оролцогч талууд “Монгол Улс дахь санхүүгийн боловсролын өнөөгийн байдал ба цаашдын хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн нээж Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван хэлсэн үгэндээ “Монголбанкнаас Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг 2016 оноос хойш бусад байгууллагуудтай хамтран амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.  

Санхүүгийн мэдлэгтэй иргэдтэй байх нь улс орны эдийн засгийн тогтвортой байдалд нөлөөлдөг. Тиймээс ч санхүүгийн боловсрол олгох бодлогыг Төв банкнаас 2013 оноос Төрөөс мөнгөний бодлогын баримт бичигтээ тусгаж ирсэн” гэдгийг онцлов. Мөн тэрбээр цар тахлын энэ үед иргэдэд гэнэтийн хэрэгцээндээ зориулж хуримтлал үүсгэх, зардлаа хэмнэж сурах, санхүүгийн луйвраас өөрийгөө болон өрх гэрээ хамгаалах, гэнэтийн нөхцөлд тохирсон санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зөв сонгож сурах, тохиромжтой хөрөнгө оруулалтыг хийх гэх мэт хэрэгцээ, шаардлага үүссэн байгаа үед энэхүү аяныг Монгол Улс даяар өрнүүлэх болсонд сайшаалтай хандаж буйгаа илэрхийллээ.

Тус аяны үеэр хамтрагч байгууллагуудтай “Мөнгөө хэрхэн удирдах вэ”, “Хувь хүний санхүү ба өрхийн төсөв”, “Зардал ба хуримтлал”, “Цахим мөнгө” зэрэг сэдвээр сургалтууд зохион байгуулж, олон нийтэд мэдээлэл өгнө.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version