Байгаль орчинЯрилцлагаОнцлох

Н.Мандах: Мод тарих бол насан туршдаа хайрлах хариуцлага хүлээ

Шинжлэх ухааны академийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны төвийн захирал ЭШДА, Доктор Н.Мандахтай ярилцлаа.

-Монголын орны газрын хөрсний өөрийнх нь онцлог ямар байдаг юм бэ?

Монгол Улс нь дэлхийн хойд хагаст төлөөлөл болсон байгаль цаг уурын бүх бүсүүдийг агуулдаг онцлогтой. Тэр хирээрээ эмзэг болдог. Яагаад гэвэл бүс хоорондын хил хязгаарт шилжилтийн бүсүүд давамгайлдаг учраас янз бүрийн байгалийн гамшиг, ган зуд тохиолдох үед гарах шинж, илрэх байдал нь илүү их байдаг.

Мөн өндөр уулсаар хүрээлэгдсэн учраас манай уур амьсгалын голлох чийглэг уур амьсгал нь хойноос, баруун хойд зүгийн салхиар дамжиж орж ирдэг. Тиймээс Алтай хангайн хооронд маш том, хуурай их нуруудын хотгор бий болсон. Хангайгаас Сэлэнгэ мөрөн лүү хуурай нөхцөлийг бүрдүүлсэн хөндий болдог. Дорнод Монгол руу уур амьсгалын арай өөр бүс болчихдог тул харьцангуй тогтвортой жинхэнэ хээрийн бүс нутаг зонхилсон байдаг.

2000 оноос хойш Монголын нутаг дэвсгэр дээр уур амьсгалын өөрчлөлт эхэлсэн гэдэг ч яг  судалгаагаар бол 1994 оноос хугарлын мөч нь эхэлсэн. Тэгэхээр 1994 оноос хойш бид энэ өөрчлөлтийг бодитоор мэдэрч эхэлсэн тул 1980-аад онтойгоо адилхан орчинд амьдрахаа больсон гэсэн үг.

Үүнтэй холбоотойгоор эко системд гарсан өөрчлөлтүүдийн нэг нь Монголын нийт нутаг дэвсгэрийн 56 орчим хувийг эзэлж байгаа хээрийн экосистем. Хээрийн экосистемийг бүрдүүлэгч ургамлын төрөл зүйлд нэлээн өөрчлөлт орж, сөл ихтэй олон наст ургамлаасаа илүү нэг наст хоёр наст, богино амьдралын циклтэй болсон. Түүнээс үүдээд дахин сэргэх чадвар багатай зүйл ургамлууд нь илүү их зонхилж байгаа нь цаашдаа муу юу, сайн уу гэдэгт дүгнэлт өгч чадахгүй байна.

Гэхдээ Дэлхийн байгаль хамгаалах сангийн жижиг туршилтуудаар манай газрын гол стресс болох ашиглалтыг бууруулж, хамгаалвал сэргэх магадлал өндөртэй гэсэн дүгнэлт гарсан ч 1.5 сая хавтгай дөрвөлжин километр талбай бүхэлдээ сэргэнэ гэж баттайгаар хэлж чадахгүй.

-1994 оноос өөрчлөгдсөн гол шалтгаан нь яг юу байсан юм бэ?

-Энэ бол аажимдаа илэрч байгаа дэлхийн дулаарлын, хугарлын, мөчлөгийн нэг хэсэг гэж болно. Зарим бүс нутагт буюу Киргиз, Казакстан зэрэг улсад 1992 он хугарлын мөч нь байсан. Баруунаас ирэх дээд агаар мандалд гарч байгаа энэ бүх өөрчлөлт хувьсгалууд хуримтлагдаж явсаар хамгийн хүчтэй, тасралтгүй өөрчлөлтийг авчирсан нь 1994 он гэж үзсэн. Энэ бол уур амьсгалын өөрчлөлтийн гол илрэл.

-Уур амьсгалын өөрчлөлтийг тодорхой хэмжээгээр удаашруулах боломжууд байдаг гэдэг. Ер нь юу хийвэл зохистой вэ?

-Уур амьсгалын өөрчлөлтийн талаар дэлхий даяар ярьж байгаа ганц зүйл бол агаар мандалд хүлэмжийн хий ялгаруулахгүй байх. Хүлэмжийн хийн 20 гаруй төрөл бий. Нийт хүн төрөлхтнөөрөө нийлээд нүүрстөрөгчийн давхар эрсдэлийг л бууруулах гэж хичээгээд  байгаа шүү дээ. Уур амьсгалын өөрчлөлтөд нөлөө үзүүлж байгаа маш олон хийнүүд байдаг.

Монголын хувьд нүүрстөрөгчийн давхар ислээс гадна хивэгч мал ихтэй гэдэг утгаараа метаны хийн ялгаруулалт өндөртэй орон. Тиймээс ХАА-н салбараас ялгаруулж  байгаа хий нь уур амьсгалын өөрчлөлтийг нэмэх магадлалтай. 1992 онд мал хувьд шилжсэн цагаас өсөлт нэмэгдсэн гэж тооцох юм бол 1994 он яагаад хугарлын жил болсон бэ гэдэг нийгэм талын тайлбар байх боломжтой.

-Яг одоо Монголын нөхцөл байдал ер нь ямар байгаа вэ.  Бороо хур бага орсон говийн бүсийн аймаг, сумдууд говь биш цөл боллоо гэж ярих болсон. Энэ талаар?

-Эхлээд нийт Монголоо ярья. Нийт Монголын хэмжээнд таагүй уур амьсгалын нөхцөлтэй нь хангай, хээрийн бүс, ойт хээр, газар тариалангийн бүсүүдэд илүү явагдаж байгаа.  Дулаарлын хэмжээ нь нэмэгдэж, хур тунадас нь буурсан. Харин эсрэгээрээ говь цөл, цөлийн бүс нутагт уур амьсгалын өөрчлөлтийн таатай нөлөөг хүлээж авч байгаа.

Цаг уурынхан уур амьсгал судлаачид надтай маргаж магадгүй. Гэхдээ энэ бол хойд мөсөн далайн мөсний хайлалт гэсэлтийн хурд, бидний Энэтхэгийн далайгаас алслагдсан байдал буюу өмнөд туйлын мөсний хучаасний нөлөө хоёрын мөргөж байгаа зай нь манай Монголын газар нутаг дээр ирж байгаа гэсэн үг юм. Нөгөө талаар өмнөд хөрш БНХАУ өөрийн цөлийн бүсийг ногооруулчихсан учраас энд ирж байгаа уур амьсгал, газар хоёрын хоорондын харилцан шүтэлцээний үр нөлөө гарч байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр газрын доройтол цөлжилт нийт нутаг дэвсгэрийн 78.9  хувийг эзэлсэн. Бэлчээрийн мониторингийн 1500-3000 цэгүүд дээрх үнэлгээгээр 70 хувь гэж батлагдсанд баяртай байгаа.

Гэтэл 70 хувийг бууруулах гэж ямар нэг үйл ажиллагаа хийлгүй Монгол Улсын Засгийн газар, Монголын төр, монголын иргэд 70 хувь  мөн, биш гэдэг судалгааг л их хийсэн. Энэ ажилд ойролцоогоор 5-6 сая ам.доллартай тэнцэхүйц хөрөнгө оруулалтыг оруулчихсан. Бид 10 гаран жил энэ судалгааг баталгаажуулах гээд л хуралдчихсан гэсэн үг. Тэр бол үнэхээр харамсалтай асуудал.

Баянхонгор, Говь-алтай зэрэг  аймгуудад ган гэдэг үзэгдэл болж байна. Ган гэдэг нь урт хугацаанд хуурай, бороогүй, халуун нөхцөл үргэлжлэхийг хэлнэ. Гангийн үзэгдэл ямар ч бүс нутагт ажиглагдаж болдог зүйл. 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 40 хувь нь шахуу гантай зуссан.

Нэг шалтгаан нь мэдээж уур амьсгалын өөрчлөлт, хоёр дахь шалтгаан нь тухайн аймгуудад хангалттай бороо орсон ч түүнийг нь шингээж чадах газрын гадарга үлдээгүй. Жоохон ч гэсэн бороо ороход тэрийг газар нь шингээгээд авдаг, шингээсэн хөрснөөс нь үр тариа ургамал ургах нөхцөлийг нь бүрэн алдагдуулчихсан.

Бид байгалийг зэмлэхээсээ илүү байгальтай харьцаж байгаа хүнийг зэмлэх хэрэгтэй. Хүнийг гэхээр малчнаа зэмлээд байдаг. Малчдыг буруутгаж болохгүй. Үүний оронд төлөвлөлтөндөө анхаарах хэрэгтэй л дээ. Бид үнэндээ байгалийн нөөц ашиглалт дээр төлөвлөгөөгүй ажиллаж байна.

Баянхонгор аймаг гэхэд нийт алт олборлох боломжтой талбайн 60 орчим хувийг нь олборлочихоод, эргээд нөхөн сэргээлт хийхгүй байна. Гадаргын жоохон урсацыг хэт ашиглаад боогоод, голдрилыг нь өөрчлөөд шургахад хүргэсэн.

Байгальд ургамал байж л газрын доорх хөрснийхөө усыг дээш нь татаж гол горхи болгон урсгадаг. Ой нь байж тэнгэрээс буусан хур бороо, хөрсөнд шингэсэн борооны устай нийлээд гол мөрнийг бүрдүүлдэг. Ой модоо тайраад, өвс ургамалаа устгаад байгаа учраас л бид өнөөдөр гантай, усгүй байгаа юм.

-Урд хөрш гэлтгүй манай эрдэмтэд говийн хөрсөнд мод тарьж, байгалийг сэргээх боломжтой талаар ярьдаг шүү дээ?

-Манай Монголчуудын уламжлалт соёл бол газар тариалан эрхэлж, газар ухаж төнхчиж хоолоо олдоггүй. Харин цаг хугацааг нь тооцож, газраа зөв төлөвлөж, орон зайд нь  тааруулж ашигладаг сэтгэхүйтэй ард түмэн.

Хэдэн мянган жилээр үргэлжилчихсэн энэ сэтгэхүйг 30-хан жилийн дотор өөрчлөөд “Малаа цөөлж хашаанд хийгээд хажууд нь мод тарь” гэвэл хүний эрхийг зөрчинө. Өв соёлоо ч үгүй болгож байгаа юм. Харин эдийн засгийн хөшүүргүүдийг бий болгох нь чухал.

Манай Монголын жишээ татдаг Герман, Австрали, Америк зэрэг улсуудад хөдөө аж ахуй нь төрөөс тэтгэмж авч байж хөгждөг. Харин манай мал аж ахуй бол өөрөө өөрийгөө аваад явчихдаг. Тиймээс 1000 малтай байх уу эсвэл 500 малтай байж хоёр жилдээ мянга хүргээд түүнийгээ зах зээлдээ гаргаж ашиг хүртээд, сайхан амьдрах боломжтой болгох уу гэдэгт нь анхаарах ёстой юм. Төр эдийн засгийн таатай нөхцөлийг нь бүрдүүлчихвэл малчин хүн хэзээ ч өөрийгөө зовоон байж малыг мянга мянгаар нь тэжээхгүй.

Харин мод тарих асуудал өөр л дөө. Мод ургаж байгаагүй газар тарих бол та яг хүүхдэд анхаарал тавьдаг шиг л байх ёстой. Үүнийг Сайншанд Зүүнбаян дахь Оросын цэргийн хотхонууд харуулна. Найрамдалын хотхоны цэцэрлэгт хүрээлэн өмнө нь ямар сайхан, өндөр том улиасуудтай байлаа. Харин одоо арчилах хүмүүс нь байхгүй учраас цэцэрлэгүүд нь байхгүй болсон.

Тиймээс мод тарих бол насан туршдаа хайрлах хариуцлага хүлээх хэрэгтэй. Чадахгүй бол битгий хий. Яагаад гэвэл тэр модны цаана дандаа мөнгө явж байгаа. Тэр модыг таныг суулгаасай гээд хэн нэгэн хүн мод үржүүлгийн газар байгуулаад өөрийнхөө цагийг зарцуулаад, усалгаа хийхээр усыг татаж, бордож, анхаарал хандуулсан.

Гэтэл ерөнхийлөгч мод тарих өдөр гэсэн, бид цөлжилттэй тэмцэхийн тулд мод тарих ёстой гээд нэг хүний хөдөлмөрийг говь руу аваачаад хатсан борц болгож болохгүй. Тэрийгээ үнэгүй тарихгүй. Энэ тэндээс мөнгө авч тарьж байгааг би маш том нүгэл гэж  боддог.

Мэдээж сайхан ажил болгосон жишээ зөндөө бий. Тухайлбал, Монгол- Солонгосын ногоон хэрэм, Ногоон Ази төрийн бус байгууллага зэрэг олон улсын байгууллагаас санхүүжилт нь хийгдэж байгаа төслүүдийн үр дүн боломжтой гэдгийг харуулж байгаа юм.

-Дэлхийн олон эрдэмтдийн судалгаагаар хүмүүс та бүхэн одоо энэ цөлжилтийн эсрэг ямар нэгэн юм хийхгүй бол дэлхий ертөнц маань хэцүүдэх гээд байна. 2030 онд ийм болно, 2040 онд ийм болох нь гээд л зураглаад байгаа шүү дээ. Тухайлбал, Монголд энэ нөхцөл байдал яг ямар байна вэ?

-Яг Монголын хувьд уур амьсгалын өөрчлөлт олон таатай нөхцөлүүдийг бүрдүүлж байна. Говьд илүү их хур тунадас ордог болсон. Мэдээж говийг хээр болгох хэмжээний хур тунадас орохгүй ч амьдруулах хэмжээний хур тунадас орж байна.

Гэхдээ Улаанбаатар хотын бид сүүлийн хоёр жил зун үзсэнгүй. Дандаа бороотой. Газарт шингэдэг таатай хөрсөнд борооны ус гэдэг маш эерэг өөрчлөлт. Харамсалтай нь энэ усыг шингээж авч чадахгүй байгаа нь бидний хохь гэж би хэлнэ.

Газраа талхлаад ус шингэхгүй болгочихоод үер буухаар нь тэнгэрийг буруутгадаг нь том нүгэл. Газрын хөрс гэдэг ширхэгтэй, нүх сүвтэй зүйл. Өвс ургамалтай, сийрэгдүү зөөлөн хөрстэй бол ямар ч усыг өөртөө шингээж, хадгалаад 1-2 жил ганд тэсвэртэй байх нөхцөлийг бүрдүүлдэг.

Хатуу, хатсан газар бол доошоогоо ус шингэхгүй, урсаад үер үүсгэдэг. Лүн сумын хэсэгт ямар ч бороо орсон урсаад явах нөхцөлийг бүрдүүлчихсэн. Яаж тэмцэх вэ гэвэл төлөвлөх хэрэгтэй. Эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй.

Газар гэдэг бол талбайн болон мөнгөний хувьд маш том хөрөнгө. Энэ хөрөнгийг бид ухаад төнхөөд хурдан барах уу, эсвэл тордоод сэлбээд удаан явах уу гэдэгт хоёр өөр хугацаа гарч ирэх байх.

Өнөөдрийн байдлаас дүгнэвэл 2030 он гэхэд бид Баянхонгор, Говь-Алтай зэрэг угийн хагас цөлөрхөг аймаг сумдаа алдах түвшинд ашиглачихсан байх болов уу. Жишээ нь, Дундговь бол 2001 оны зуд, 2003-2007 он хүртэл нэвт үргэлжилсэн 5 жилийн ган гачигийн дараа дахиж сэргэсэнгүй. Бид нар 2030 онд яг одоогийнх шигээ амьдраад л байвал юу хүлээж байгаа вэ  гэдгийг Дундговь аймгийн газар нутгаас харж болно.

Баруун аймгийнхан бол Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Бууцагаан сумдууд руу очоод л харж болно. Хүн мал амьдрах таатай нөхцөлтэй байсан ч өнөөдөр бидний нүдэн дээр байхгүй болж байна. Хүний нөлөө их байна. Нөгөө талаар малчид өөрсдөө хүсээд малаа өсгөөд байгаа юм биш. Зүгээр л тэдний баталгаатай амьдрах нөхцөлийг нь хангаж өгч чадахгүй  байна.

-Байгаль орчин нүдэн дээр өөрчлөгдөхийг мэдэрч, түүнийг нь хүмүүс ойлгохгүй байх тусам танд ямар санагддаг вэ?

-Одоо бүр ч ойлгохгүй болчихсон учраас бухимдаад яах билээ. Хямрал бол мөнхийн үргэлжилнэ. Хүн өөрөө өөртөө тавьсан нэг зорилго байдаг шүү дээ. Тэр зорилгодоо хүрч чадахгүй болохоор өдөр болгон хямардаг.

Гэхдээ би энэ асуудалд арай өөр өнцгөөс хандаж, мессежүүд өгөөд явъя гэж бодсон. Тухайлбал, зах зээлд хөшүүрэг нь ганцхан ямааны ноолуур байгаа цагт малчин хүнийг малынхаа тоог цөөл гэж хэлж болохгүй. Харин хонины ноосыг ноолуурын түвшинд аваачих технологи руу хөрөнгө хаявал хүн хонио үржүүлээд махыг нь идээд ноосыг нь зарж борлуулаад явна.

Мөн чацаргана байна. Манай урд хөршийн цөлийн экосистемд түшиглэсэн эдийн засгийн хөшүүрэгний нэг нь чацаргана. Бид яагаад ядуу, хөгжихгүй байна. Яагаад амархан амьдрах гээд байна гэвэл  хүний хөдөлмөрийг зөв бодитой үнэлдэггүйтэй холбоотой.

Ажил хийж байгаа хүндээ зохих ёсных нь шагнал урамшуулал цалинг нь өгдөггүй учраас хөдөө аж ахуй газар тариалантай холбоотой маш их алдагдал хүлээж байгаа. Нөгөө талаар эдийн засгийн ухаалаг удирдлага хэрэгтэй байна.

Өнөөдөр Дарханд Арьс ширний шинэ комплекс барина гээд байшин л яриад байгаа. Уг нь бид Австрали, Канад зэрэг хөдөө аж ахуйд тулгуурласан супер үйлдвэрлэл хөгжүүлчихсэн улс орнуудаас технологийг нь худалдаж авах боломжтой. Тоног төхөөрөмжийг нь худалдаж авахгүй гэхэд хийх түвшний үйлдвэрлэлийг бий болгохыг зорих ёстой.

Одоо байгаа үйлдвэрлэлдээ тэр арга замыг нэвтрүүлээд, заагаад чиглүүлээд стандарт хяналтыг нь зөв тавиад явах ёстой юм. Гэтэл хөдөө хээр нэг байшин барьж дуусахад дараа нь тоног төхөөрөмж хэрэг болно. Мэдээж Канад, Австрали руу явахгүй шүү дээ. Байшиндаа өчнөөн тэрбумыг зарчихсан учраас урд хөрш рүүгээ л явна.

Манай урд хөрш байгаль орчинд одооноос анхаарал хандуулж байгаа хэдий ч орчин үеийн үнэтэй технологийг Монгол зэрэг өөрөөс нь хараат эдийн засагтай улс руу шилжүүлэхгүй. Үнэндээ эдийн засгийн хувьд бүх л хар үйлдвэрлэлийг Монгол мэтийн улсад хийж, цэвэр үйлдвэрлэл Хятаддаа л хийгдэнэ гэдгийг ойлгож, сэтгэх ёстой байтал даанч чадахгүй байна.

-Дэлхий хүрэн эдийн засгаас татгалзаж байхад манайх хэлбэрийг нь өөрчлөөд хэрэглээд байна?

Ер нь манай бодлого тэр чигээрээ уур амьсгалын өөрчлөлтийг дэмжсэн мэт байгаа. Цахилгаан станцууд нэмж байгуулахаар төлөвлөж байна. Уг нь бид нар нарны эрчим хүч, салхины эрчим хүчээр бүрэн хангагдах боломжтой улс.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах Салхит уулын Салхин цахилгаан станцаас өөр газар байгуулах боломжгүй гэж үздэг юм билээ?

-Тийм бишээ. Жишээ нь, баруун хэсгийг цахилгаанаар хангахад Аж богдын урдуур Говь-Алтай, Баянхонгор хоёрын зааг нутгаар салхины ферм байгуулах бүрэн боломжтой Урд хэсэгт Өмнөговь, Өвөрхангай хоёрын зааг нутаг байна. Говьсүмбэр, Сүхбаатар дамнасан нэг зурвас байна.

Эдийн засгийн хувьд хэрэгцээтэй бүсүүд. Салхи нь байна, нар нь байна. Гэхдээ хөрөнгө нь болохгүй байна. Мөн тэрийг нь ажиллуулах хүнийг нь цалинжуулах болно. Манайхан хөдөөд хүнд цалин өгөхгүйгээр үйлдвэрлэл хийчих гээд л үзээд байна. Гэтэл Жижиг дунд үйлдвэрлэл Монголын эдийн засгийг аврахгүй гэдэг ойлгомжтой болчихоод байна.

Ер нь хөгжчихсөн орнуудын жишээг харахад бол төр нь баян, иргэд нь ядуу байдаг. Монголд эсрэгээ. Бид баян амьдрал гэдгийг харамсалтай нь киноноос л хараад байна. Иргэн нь баян, төр нь ядуу байгаа нөхцөлд ямар ч хууль, зохицуулалт, стандарт мөрдөгдөх боломжгүй гэдгийг сүүлийн 30 жилийн Монголын хөгжил харуулчихаад байна. Захын баян нь өөрөө өөртөө хууль захиалж байна. Хуулийн цоорхой болгоныг хэн хийж байна, баян нь л хийж байна.

-Тэгвэл Монгол Улс цөлжилт, газрын доройтлыг бууруулж чадах уу?

Чадна.  Нэгд, байгальтайгаа хоршиж амьдрах нь манай соёл. Байгалиа харж, байгалиа ажиглаж, байгалийнхаа хэмнэлд орж, тэр хэмнэлийг ойлгох нөхцөл буюу соёл, өв уламжлал руугаа эргэн харах нь номер нэг асуудал. Түүнийг сэргээх, батжуулах, түгээн дэлгэрүүлэх ажил бол Боловсрол, шинжлэх ухааны байгууллагын асуудал. Түүнийг дэмжих, хөрөнгө оруулалтыг  хийх нь БОАЖЯ-ны асуудал.

Мэдээж 21 дүгээр зуун учраас бид төв суурин газарт амьдарч байна. Ийм хотжсон амьдралаас бид зугтахгүй, Монгол Улс энэ процест бүрэн шилжсэн. Тиймээс хөдөө орон нутгуудыг хөгжүүлэх, ялангуяа энэ аймгийн төв, сумын төвүүдэд  чацарганыхаа фермийг байгуулах хэрэгтэй. 

Гэхдээ заавал түүхий эд байвал бүтээгдэхүүн үйлдвэрлэх явагдана гэсэн зарчим баримтлах хэрэгтэй. Жишээ нь, Өмнөговьд үйлдвэрлэсэн ундаагаа Өмнөговийнхон өөрсдөө л худалдан авч хэрэглэхгүй бол Улаанбаатарынхан очиж хэрэглэхгүй гэдгийг ойлгох нь чухал.

Манай монголын эдийн засагт маш их гардаг нэг зүйл өөрсдийнхөө хийсэн зүйлийг авдаггүй. Тухайлбал, Доржийн үйлдвэрлэсэн гутлыг өмсөхгүй гээд Ван овогтний гутлыг өмсөөд байна шүү дээ. Тэгэхээр яаж үйлдвэрлэл урагшаа явах юм? Ер нь бол зөв сэтгэлгээтэй хэрэглэгч байх ёстой. Тийм сэтгэлгээ Монголд байхгүй.

Чин үнэнчээр хэрэглэж байгаа нь гурил, мах хоёр л шүү дээ. Гурил нь ч бас асуудалтай. 40 хувийг нь Оросоос худалдаж аваад байгаа шүү дээ. Жил болгоны намар бөөн хэрүүл болж байна. Тэгтэл сүүлийн үед ургац нь ч бага болсон. Тэгэхээр энэ бүхэндээ анхаараад явчихвал бид малаа гадагш нь зарахгүйгээр л амьдарчих боломжтой.

Яагаад гэвэл арьсыг нь гутландаа, махыг нь хүнсэндээ, ясыг нь бордоондоо хэрэглэж болно. Хэрэглээ байхгүй бол үйлдвэрлэл байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Уул уурхайгаас бол бид татгалзах хэрэгтэй. Бидэнд Эрдэнэт, Оюу толгой байна. Энэ хоёр уурхай л хангалттай. Уул уурхайн асуудал их л байвал байгаль орчин илүү их сүйтгэгдэж, бид бие биенийгээ үзэн яддаг болно, улам л их өрөнд орно. Үнэндээ Монгол хүн, Монгол улсдаа хоорондоо байлдах шаардлагагүй.

Судалгаа шинжилгээний хувьд, бид өнөөдрийг хүртэл 1990 оны мэдээллээр л яваад байгаа. Байгаль орчноо бид тэрүүгээр үнэлж байгаа. Манай хөрс 1986 онд ийм байсан, 1994 онд ийм болчихсон, 2000 ийм болсон гэж нийт нутаг дэвсгэрээрээ үнэлээгүй. Үнэлсэн ч хэн ч мэдэхгүй нэг газар архивт хийчихдэг. Би ч хүртэл мэдэхгүй. Уг нь Газрынхаа хуулиар 5 жил тутамд хийгддэг ажил.  

Хэн хэрэглэдэг, хэнд хэрэгтэй, ямар өөрчлөлтүүд гарчихсан  талаар мэдээлэл огт байхгүй. Тиймээс нөхөн сэргээгддэг нөөц болох ургамал, хөрс, усыг нэг арга зүйгээр хянаж, судалж хэмжээд ямар өөрчлөлт гарсныг нь бүх үзүүлэлтээр нь гаргах хэрэгтэй.

Ямар ч иргэн ирээд миний өмчилж авах гэж байгаа 0.07га газар хуучин ямар байсан. Одоо ямар байна? Би сайжруулъя гэвэл яах вэ гэж зөвлөгөө авдаг “Нэг цэгийн үйлчилгээ”-тэй болчихвол хүмүүсийн хандлага өөр болно. Хүмүүс 0.07 га газартаа нэг хашаа бариад гэр барьж эсвэл байшин бариад болчихдог.

Гэтэл амьдрал тийм биш. Хүн үгэнд дуртай байх ёстой, сониуч байх ёстой. Миний  амьдарч байгаа энэ хашаанд юу хийж болохов, яаж илүү сайхан болгох вэ гэдэгт анхаардаг. Энэ талаар олон нийтэд сурталчилан таниулдаг байх хэрэгтэй.

Миний эргэн санагалздаг нэг соёл байдаг. Америкт очиход нэг гудамжаараа шахуу нийлээд, ажлаа тайлагнаад, бие биенийгээ мэддэг, ирж очдог, яг Монголын нүүдэл тосож цай өгдөг уламжлалтай адил. Шинэ айл нүүж ирэхэд нь “Би танай хөрш” гэж өөрийгөө болон бусдыгаа танилцуулаад явдаг.

Манай тийм харилцаа 1992 оноос хойш огт байхгүй болсон. Одоо бол өөрийнхөө байрны нэг давхарт байгаа айлуудыг ч мэдэхгүй шахам болсон. Бараг айна. Ийм харилцаа удах тусам бид нар байгальтай хандах хандлагаа улам л холдуулна. Тэгэхээр уламжлал, соёл алга болно. Тийм харилцааг үүсгэж байж гэр хорооллыг ногооруулна.

Нэг айл нь худагтай болж, бусадтайгаа хуваалцана. Би ийм үр цэцэгтэй болчихлоо, танайх энэ цэцгийг ингэж тариарай гээд бэлэглэдэг болно.

Хөршийн холбоо, нийтэч сэтгэлгээ Ардчиллын эх орон Америкт байна. Нүүдэлчин соёлтой, хэнтэй ч эвсэж амьдардаг, ямар ч шашныг хүлээн зөвшөөрдөг, Монголд энэ соёл байхгүй болж байгаа нь үнэхээр харамсалтай.

Хүн хүнээсээ хөндийрвөл байгалиасаа маш хурдан хөндийрнө. Ойлгомжтой шүү дээ. Хүн ханаар хүрээлүүлчихэж байгаа юм чинь. Энэ хана чамайг ч байгалиас хөндийрүүлнэ.

Ярилцсан: П.Нарандэлгэр

Эх сурвалж: Ногоон Ази ОУТББ

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version