НийгэмОнцлохШинэ мэдээ

Ж.Гүррагчаа, В.А.Жанибеков нарыг Улаанбаатар хотын Хүндэт иргэнд өргөмжлөлөө

Хүн төрөлтхтөн сансарт ниссэний 60, Монгол хүн сансарт ниссэний түүхт 40 жилийн ой өнөө жил тохиож байна. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын нисгэгч В.А.Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн гэдэг. Нисэх багийнхан сансарт найман өдрийн турш байж, энэ хугацаандаа дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд амжилттай газардсан аж.

Уг нислэгийн эрдэм шинжилгээний хөтөлбөрийг боловсруулах ажлыг тухайн үед БНМАУ-ын ШУА-ынхан дангаараа хариуцаж байжээ. Тэр үеэр баг хамт олон Атлантын далай, Латин Америк, Арабын хойг гээд тив газрууд, Канад, АНУ, Куба зэрэг улсууд болон ашигт малтмал, амьтан судлал гээд газар зүйн төлөвлөгөөт олон зураг авсан гэдэг. Тэдгээр зургууд олон салбарын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан аж. Ялангуяа газрын мэдээлэлд буюу дэлхийн улс орны загас агнуурын аж ахуй хөгжихөд түлхүү ашиглажээ.

Энэхүү үйл явдлын дараа Монгол Улс нь сансрын уудамд техникээ гаргаж, туршсан дэлхийн тав дахь орон, сансар судалгааны төхөөрөмж бүтээж нислэгийн явцад бүтээж 20 дахь орон, өөрийн нисгэгчээ нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, хүн төрөлхтний сансар судлалын түүхэнд нэрээ мөнхөлсөн юм. Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь сансарт ниссэн Монголоос анхны хүн, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн түүхэнд бичигдсэн билээ.

Ж.Гүррагчаа нь 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрж, 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нислэгийн дамжаанд суралцсан. Улмаар 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсжээ. Тэрбээр 1978 оноос ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжэт Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байдаг. 1978 онд Ж.Гүррагчаа нь ардын армийн ахмад цолтой байсан бөгөөд түүнийг сансарт ниссэний дараа БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар цолоор шагнаж байв.

Нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар хамтран Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан залууст түүхийг таниулах, бахархуулах бүтээлч ажлууд санаачлан хэрэгжүүлж байна. Мөн энэ хүрээндээ БНМАУ, ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаа, БНМАУ, ЗХУ-ын хошой баатар В.А.Жанибеков нарыг Улаанбаатар хотын Хүндэт иргэнд өргөмжлөөд байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version