Эдийн засагОрон нутагFocus

Сангийн сайд Б.Жавхлан Өмнөговь аймагт ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Өмнөговь аймагт ажиллаж байна. Тэрбээр гашуунсухайт боомтын үйл ажиллагаа, гаалийн шинэчлэлийн ажилтай танилцлаа. Гашуунсухайт бол Монголын байгалийн баялгийн экспортын гол гарц бөгөөд, улсын төсвийн бүрдэлд чухал үүрэгтэй боомт юм.

2021 онд улсын төсвийн гаалийн орлогын төлөвлөгөө 271.20 тэрбум бөгөөд нэгдүгээр улирлын байдлаар 73.53 тэрбумын орлого бүрдүүлжээ. Харин цаашид жолооч нарын ПГУ шинжилгээний хүчинтэй хугацааг 10-14 хоног болгож сунгах асуудлыг шийдвэрлэх, мөн Монгол Улсын талд хийсэн ПГУ шинжилгээний дүнг БНХАУ-ын тал хүлээн зөвшөөрдөг болох шаардлагатай байгааг Гашуунсухайт боомт дахь Гаалийн газрын мэдээлэлд дурдлаа.

Ингэснээр нүүрсний гарц бодитоор нэмэгдэх боломж нээгдэх юм. Түүнээс гадна ачилт хийлгээд замд гарсан жолооч шинжилгээ өгөх зорилгоор машинаа зам дээр орхиж явах, ачилт хийгдээгүй машины жолооч шинжилгээ өгөх ачааллыг зохиомлоор үүсгэхгүй байх нөхцөлийг бий болгоно гэж үзэж байна.

Мөн Гашуунсухайт-Цагаан хад чиглэлийн автозамыг нэгдсэн телесистемд холбохоор төлөвлөж байна. Гаалийн шинэчлэлийн хүрээнд Гашуунсухайт боомтын цогцолборыг байгуулах ажил эхэлсэн ч коронавируст цар тахлын улмаас бүтээн байгуулалтын ажил түр зогсоод байгаа юм.

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх энэхүү төслийг хэрэгжүүлснээр боомтын нэвтрэх чадвар 2-3 дахин нэмэгдэж,  экспорт тэр хэмжээгээр сайжирна. Тодруулбал, өдөрт нүүрс экспортлох тээврийн хэрэгслийн тоо гурав дахин нэмэгдэнэ.

Энэхүү “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслөөр эрдэс баялгийн экспортын хэсэгт 18 эгнээ бүхий хүнд даацын автозам, зорчигч ачаа тээврийн нэвтрүүлэх хэсэгт зургаан эгнээ автозам, боомтын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ,  ажилчдын орон сууц зэрэг бүтээн байгуулалтуудыг хийж хэрэгжүүлэх юм.

Сангийн сайд Б.Жавхлан “Бид цаашид зөвхөн Гашуунсухайт бус урд хилийнхээ боомтуудын хүчин чадлыг Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц болон бусад санхүүжилтийн эх үүсвэрээр нэмэгдүүлнэ. Эдгээр бүтээн байгуулалтын ажлууд ковидын улмаас нэг жил орчим саатлаа. Энэ жилийн хувьд ямар нэгэн саадгүйгээр эхлүүлэхээр ажиллаж байна.

Ирэх жилийн зургаан сард Гашуунсухайт боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажил дууссанаар нэвтрэн өнгөрүүлэх чадвар 2-3 дахин нэмэгдэнэ. Мөн боомтууд дээр ажиллаж, үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан, алба хаагчдын ажиллах, амьдрах ая тухтай орчин бүрдэхээс гадна хилийн зорчигч тээвэрчид, нэн ялангуяа экспортын тээврийн жолооч нарын аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг шийдвэрлэх юм” гэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version