НийтлэлЭдийн засагОнцлох

Ц.Энх-Амгалан: Эдийн засгаа солонгоруулах боломжийг органик бүтээгдэхүүн дээр түшиглэж хөгжүүлмээр байна

“Эдийн засгаа солонгоруулах “бор алт” буюу сарлагийн хөөвөр”

Орчин цагийн худалдан авагчид ухамсартай хэрэглээг чухалчилж органик, өөрийн гэсэн философитой бүтээгдэхүүнийг дурлан авах болжээ. Зах зээлийн энэхүү хандлага дээр гарал үүсэл нь тодорхой Монголын нүүдэлчдийн сарлагийн ноосон утсаар нэхсэн бүтээгдэхүүн од болоход ойрхон байна. Энэ талаар Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан ийнхүү ярьж байна.

ӨВӨРМОНГОЛ БИШ МОНГОЛ НООЛУУР ГЭДГЭЭ ТАНИУЛАХ АРГА НЬ ОЛДСОН

Би Швейцар улсад суралцаж мэргэжил эзэмшсэн. Оюутан байхдаа эхлээд өөрийгөө танилцуулаад дараа нь Монголын тухай 30 минут ярьж өгдөг байлаа. Тухайн үед Швейцарын өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн зардаг гудамжинд байдаг ноолуурын дэлгүүрт орсон юм. Тэндэхийн лангуунд “Made in Mongolia” шошготой цамцыг 300 доллараар зарж байгааг хараад олзуурхаж байлаа. Гэтэл нэг л биш ээ, үнэтэйгээс гадна эргүүлж тойруулаад сайн хартал өвөрмонголын ноолууран бүтээгдэхүүн байсан юм. Тухайн үед ярьж тайлбарлаад өнгөрсөн, Монгол тусгаар улс гэдгийг тайлбарлах гэж нэлээд зүйл болж байж билээ. 

Өнөөдрийг хүртэл гарал үүсэл нь тодорхой органик, Монголын бүтээгдэхүүн гэдгээ онцлон таниулах тухай яриа асуултын тэмдэг болж ирсэн. Нэг гадаадын худалдан авагч маань “Та нар ерөөсөө бүтээгдэхүүнээ таниулахын тулд Монгол Улсынхаа далбааг л тавь, тэгвэл жинхэнэ Монгол бүтээгдэхүүн гэж танигдана” гэж хэлж байсан удаатай. Аз болоход энэ асуудлыг шийдэл нь гараад ирчихлээ. 

QR системээр аль нэгэн аймаг сумын жишээ нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын хоёрдугаар багийн малчин Буяндэлгэрийнх гэдгийг харж болох шийдэл нь гарчихлаа. Малчин, малын зургийг нь хүртэл харах боломжтой. Энэ малчин айлын сарлагаас гарсан бүтээгдэхүүн гэдгийг ингэж ээрч, боловсруулдаг гэдгийг худалдан авагч олоод үзчих боломжтой. 

Энэ бол Монголын малын гаралтай бүтээгдэхүүний чанар үнэлэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжиж буй “Хариуцлагатай нүүдэлчид”  цахим системийг “Швейцарийн хөгжлийн агентлаг”-аас НАМЭМ төслөөс хэрэгжүүлж байна. Хариуцлагатай гэдэг үгийн цаана бидний эртнээс өвлөгдөж ирсэн малч, байгальдаа ээлтэй хандлага бий. Дөрвөн улирлын хэцүү бэрхийг үл тоон бэлчээрээ сэлгэж нүүдэллэхийн цаана бэлчээрийн доройтлыг бууруулах, зүй зохистой ашиглах, шимт чанарыг сайжруулах гээд өвгөдийн ухаан нуугдаж байжээ.

ҮНЭ ЦЭН, ТҮҮХ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН

Хэрэглэгчид аль болох гаднах ганган чамин хэлбэр хийцийг бус тухайн бүтээгдэхүүний түүхийг судалж, байгальд ээлтэйг нь сонгож байна. Энэ хэрээрээ загварын ертөнц эх дэлхийдээ ээлтэй хандлага руугаа эргэж органик руу тэмүүлэх болсон. Энэ  үед дэлхийн зах зээлд жинхэнэ органик нэрээр танигдах ёстой бүтээгдэхүүнийг би Монгол сарлагийн хөөвөр, торомны ноос гэж боддог. 

Азийн цээжинд орших Монгол гэдэг орон гадныханд ямар таахын аргагүй нууцлаг санагддаг гээч. Бэлчээр нь эрүүл, мал нь тааваараа бэлчдэг дэлхий дээр үлдсэн сүүлчийн нүүдэлчин хаа холын Монголоос ирсэн бүтээгдэхүүн гэхээр өөрийн эрхгүй гадныхны сонирхдог юм. Бид бүтээгдэхүүний маркетинг дээрээ чанарыг сурталчлахдаа дөнгөж 20-30 хувийг нь дурддаг. Гол нь тухайн бүтээгдэхүүнийхээ бүтсэн түүхэнд үнэ цэн оршдог гэж болно. 

Малчид хэрхэн өвсний сайн, усны тунгалгийг сонгон малаа бэлчээдэг талаар нүүдэлчин эмэгтэйчүүд оройн цагаар утсаа ээрэнгээ хүүхдүүддээ үлгэр ярьж өгдөг тухай, сарлагаа самнахдаа өвтгөж гэмтээхгүйгээр малдаа ээлтэй аргаар самнаж авдаг гээд нүүдэлчин ахуйн юм бүхэн өвөрмөц өөрийн гэсэн онцлогтойг таниулан ойлгуулдаг. Энэ тухай ном хүртэл бичсэн.

Эдгээр түүх тэр чигээрээ бидний давуу тал гэдгийг би энэ чиглэлээр олон жил ажиллахдаа улам ихээр мэдэрч байна. Үнэндээ бид Хятадтай үйлдвэрлэлээрээ хэзээ ч өрсөлдөж чадахгүй. Бид тэднээс өөрсдийн нүүдэлчин соёл, онцлог, үнэ цэнээрээ танигдах ёстой. Ингэж чадвал бидэнд асар том зах зээлийн хаалга бүрэн нээгдэнэ. Өнөөдөр гэхэд Жорж Клунигийн эхнэр Амал Кулуни нарын алдартнууд энэхүү нэхмэлийн утсыг худалдаж аваад өөрийнхөө сонирхсон бүтээгдэхүүнийг хийж өмсдөг шинэ хэрэглээг бий болгосон. Тэд хувь хүнийхээ үнэ цэнийг харуулахын тулд, амьдралынх нь философитой нэгдэж байвал энэ төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авахад бэлэн байдаг. Японы хэрэглэгчид утсыг авахаас илүүтэй 30-аад ам.долларын үнэтэй номыг сонирхож  худалдан авдаг юм. Хэрэглэгчид бүтээгдэхүүнийг зарсан үнээсээ 20 хувийг бид малчдад буцааж олгож байна. 

Арав гаруй жилийн өмнө сарлагийн хөөврийг дэлхийн зах зээлд гаргаж байсан зорилго маань биелэхэд ойртсонд баярладаг.

ЯАГААД САРЛАГИЙН ХӨӨВӨР, ТОРОМНЫ НООС ГЭЖ…

Сарлаг бол Монгол, Төвдөд л байдаг амьтан. Төвдийн улс төрийн байдлаас хамаарч тэр бүр харилцахад төвөгтэй. Швейцарь хүн надад “Танайх ардчилсан орон учраас бүх зүйл нь ил тод. Жишээ нь Архангай аймгийн Тариат сумын сарлагийн хөөврөөр гар аргаар хийсэн нэхмэлийн утас гэвэл би итгэнэ. Харин Төвдөөс ирсэн зүйл ийм түүхтэй ирвэл итгэхэд бэрх” гэж хэлж байсан юм. Бидэнд өөрсдийн онцлогоор танигдах олон боломжийн нэг энэ. Монголчууд сарлагийн хөөвөр л гэж ярьдагаас биш нарийн зүйлийг нь тэр бүр мэддэггүй. Сарлагийн хялгас дотроос маш нарийн буюу 17 микронтой ноолуур шиг зөөлөн хөөвөр гардаг. Сарлагийн хөөврийг ноолууртай харьцуулахад хямд үнэтэй хэрнээ нягтрал өндөр учраас маш дулаахан. Ноос, ноолуурыг бодвол эдэлгээ урттай, байгалийн эко өнгөөрөө гээд олон давуу талтай.

Тэгээд ч сарлаг өөрөө байгаль дэлхийд ээлтэй амьтан. Ямаа ногооны навч найлзуурыг малтаж зулгааж иддэг тул, бэлчээр сүйтгэхдээ гаргууд бол сарлаг өвсийг ороож иддэг тул үндэс нь үлддэг. Тийм ч учраас малынхаа 10 хувийг л ямаа байлгаж ирсэн нь өвгөдийн ухаан байжээ.

АЙЛААС ЭРЭХЭЭС АВДРАА УУДАЛ БУЮУ МАЛ АЖ АХУЙГАА ТҮШИГЛЭХ НЬ

Бид эдийн засгаа солонгоруулах, үйлдвэржсэн орон болох ёстой гэдэг дээр санал нэгддэг. Гэхдээ гарц нь хаана байна вэ, бид хэдий болтол уул уурхайгаас хамааралтай байх ёстой гэж? Миний бодлоор “эдийн засгийг солонгоруулах” асуудал явж явж малын түүхий эд боловсруулдаг үндэсний цөөн хэдэн үйлдвэрүүд дээр л бууна гэж хардаг. Өнөө айлаа эрэхээр авдраа уудал гэдэг л амьдралд буух нь.

2008 онд энэ ажлыг эхлүүлж байхад малчид 1 кг сарлагийн хөөврийг 500-хан төгрөгөөр зардаг байлаа. Харин өнөөдөр 15-20 мянган төгрөг болж өсжээ. Арваад үйлдвэр 10-аад сая долларын орлогыг олж байгаад олзуурхдаг. Энэ жил гэхэд бид 300-400 малчинд бид сургалтаа хүргэхээр зэхэж байна. Малчдадаа энэ бүхнийг зааж сургаад дараа жил гэхэд европын үзэсгэлэн худалдаанд оролцохоор төлөвлөж байна. Ногоон алт төслөөс малчид өөрсдийн хийдэг ажил нь үнэ цэнтэй гэдгийг ойлгож авсан. Нэг малчин эгч “Эхэндээ хэн нэгэн бидэнд туслах байх гэж харж байна. Одоо бид нэгдээд өөрсдөө хичээвэл чадах юм байна гэдгээ ойлгосон. Үүнийг ойлгуулсанд баярлалаа” гэж байсан.

Сарлагийн хөөвөр бол ганцхан бүтээгдэхүүн шүү дээ. Үүний ард сарлагийн арьс шир, сүү гээд маш олон бүтээгдэхүүн бий. Төрөлжүүлээд экспортловол эдийн засагтаа чамлахааргүй л дэм болно. Нүүдлийн мал аж ахуй бол эдийн засгаа амилуулах том боломж. Мөшгих системээр бүтээгдэхүүнийхээ үү түүхийг судалсан жуулчин Монголд очиж үзэхийг хүсэж болно. Энэ мэтээр харвал аялал жуулчлалын үүд хаалга нээгдэхэд ойрхон харагддаг. Гэхдээ анхаарах зүйл олон байна. Уг нь бидний өвөг дээдэс мянга мянган  жил бэлчээр нутгаа хамгийн зохистойгоор ашиглаж, мал сүргээ улам л чанаржуулан, амьдрал ахуйгаа авч явсаар ирсэн туршлага бидэнд бий.  

“Өглөөний нарыг наранд бүү бод, өсөхийн жаргалыг жаргалд бүү бод” гэх юм уу, “эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэлцдэг, эсвэл “хургандаа цадаагүй хонь төлөг болтлоо майлдаг”, “ямаа ихэсвэл ягдахын цондон”, “тарвага алаад баяждаггүй” гэх мэт өдөр тутам сургадаг зүйр цэцэн үгс нь хүртэл байгалийн тэнцвэрт байдлыг сануулж, цаг агаарын аюулаас урьдчилан сэргийлсэн, үр дагаврыг нь тооцоолсон, сүргийн бүтцийг ямар байлгах ёстойг захиж сургасан байдаг нь манай монгол малчдын холч арга ухааныг илтгэсэн хамгийн наад захын жишээ юм.

2018 онд гарсан гарсан бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлангаас үзэхэд нийт бэлчээр нутгийн 13 хувь буюу 100 000 мянган га бэлчээр нутаг байгалийн аясаар нөхөн сэргэх чадвараа алдаж бүрмөсөн цөлжсөн тухай дүгнэлт гарсан. Биднийг ухаарч арга хэмжээ авах гэсээр байтал доройтож цөлжсөн бэлчээрийн хэмжээ хяналтаас гарчих вий дээ. Үүнийг шийдэж чадвал бидэнд хэдэн малынхаа буянаар эдийн засгаа тэтгэх боломж байна. Бид өөрийнхөө давуу талыг л тодруулж, өрсөлдөх чадвараа болгох ёстой. 

АРВАН ЖИЛИЙН ДАРАА ШВЕЙЦАР ЖУУЛЧИН ИРЭЭД АСУУВАЛ…

Дэлхийн зах зээл дээр хэний ч хийдэггүй өвөрмөц, дахин давтагдашгүй бүтээгдэхүүн гаргах боломж бидэнд бий. Өнөөгийн байгаль орчиндоо ээлтэй хандлага бидэнд асар том зах зээлийн үүдийг нээж өгч байна. Энэ бол бидэнд олдож буй боломж. Хүн болгон швейцарь цагтай болохыг хүсдэг шүү дээ. Үүн шиг монгол органик бүтээгдэхүүнийг авахыг хүсдэг болж болно. Магадгүй арван жилийн дараа Швейцарын жуулчид ирээд манай улсын татвар төлөгчдийн мөнгөөр хэрэгжсэн төслөөс юу үлдсэн бэ гэвэл бид үүнийгээ нүүр бардам харуулаад сууж байна гэж боддог. 

Ц.ЦЭРЭНДОЛГОР

Эх сурвалж: peak.mn

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version