Монгол-Тайландын худалдааны танхим байгуулжээ
Монгол-Тайландын худалдааны танхим байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимыг төлөөлөн Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд А.Төмөр, Тайландын Хаант Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга ноён Калин Сарасин нар 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Бангкок хотноо байгуулжээ.
Энэхүү баримт бичгийг байгуулснаар хоёр улсын хооронд худалдааны эргэлтийн хэмжээ мэдэгдэхүйц өсч, хөрөнгө оруулалт нэмэгдэж, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжих зэрэг олон эерэг үр дүн гарна гэдэгт итгэлтэй буйгаа цахим хэлбэрээр оролцсон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин тэмдэглэв. Цаашид танхим хоорондын хамтарсан бизнес уулзалт зохион байгуулж, хоёр улсын бизнес эрхлэгчдийг албан ёсны шугамаар холбож шинэ түншлэл бий болгох, мөн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг харилцагчийг нь олоход тус дөхөм үзүүлэх бүрэн боломж нээгдэж буйг онцлов.
Өнгөрсөн онд хоёр улсын худалдааны нийт эргэлт 34.6 сая ам.доллар болж буураад байгаа бөгөөд худалдааны эргэлтийг хурдацтай нэмэгдүүлэхэд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь чухал гэдгийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин онцлов.
Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Тайландын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх их сургууль болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Бизнес академийн хамтын ажиллагааг эхлүүлж, цаашид чадварлаг бизнесийн боловсон хүчин бэлтгэх тал дээр хамтран ажиллахаа талууд нотоллоо.