Нийгэм

Төрийн албаны ерөнхий шалгалт баасан гарагт эхэлнэ

Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 12-ны өдрөөс орон даяар эхлэх товтой. Энэ удаагийн шалгалтыг цар тахлын онцгой дэглэмийн нөхцөлд авна. Энэ жил шалгалт өгч байгаа хүмүүсийг хурууны хээгээр бүртгэж буй зэрэг хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, Төрийн албаны зөвлөлөөс ерөнхий шалгалтад бэлтгэгч иргэдэд зориулан “e-taz” гар утасны аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлээд буй.

Шалгалтад бэлтгэгчид аппликейшнийг үнэ төлбөргүй татан авч, холбогдох хууль, журамтай танилцах, төрийн албаны шалгалтын жишиг тест бөглөх, загвар үүсгэн өөрийгөө сорих, видео шторк, заавар, шалгалттай холбоотой ном, гарын авлагатай танилцах, татан авах боломжтой.

Ерөнхий шалгалттай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, салбар зөвлөлийн төлөөлөл болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлтэй өнөөдөр цахим уулзалт хийлээ. Төрийн албаны ерөнхий шалгалт нь хүний нөөцийн сан бүрдүүлж буй чухал ач холбогдолтой гэдгийг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг энэ үеэр онцолсон.

Цаашлаад төрийн албаны зарим туршлагыг хувийн салбарт нэвтрүүлэх давуу талтайгаас гадна мэргэшсэн, чадварлаг хүмүүсийг төрийн албанд ажиллуулж, тогтвортой байдлыг хангах гээд олон давуу талтайг хэлсэн юм. Харин оролцогчид хурууны хээг таних систем нэвтрүүлэн төрийн албаны ерөнхий шалгалтыг цахимаар авч, дүгнэдэг болсон нь сайшаалтай хэмээж байлаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version