Элчин сайд Ш.Батцэцэг Хаванагийн Их сургуулийн захирал Мириам Никадотай уулзаж, өмнөх уулзалтаар хоёр талаас хэрэгжүүлэхээр тохиролцсон арга хэмжээнүүдийн явцын талаар дэлгэрэнгүй ярилцав. Уулзалтаар 2021 оны 6-8 дугаар сард Хаванагийн Их сургууль дээр 15-20 монголын багш, оюутны бүрэлдэхүүнтэй зуны сургалтыг эдийн засаг, хууль эрх зүй, түүх, биохимийн шинжлэх ухааны чиглэлээр зохион байгуулахаар төлөвлөж буй хамтарсан төслийг хугацаанд нь хэрэгжүүлэхээр тохиролцов.
Хаванагийн Их сургуулиас испани хэлний багш МУИС-д урьж ажиллуулах гэрээний урьдчилсан нөхцөл болон 2022 оны хичээлийн жилээс биотехнологи, биохимийн чиглэлээр магистрын зэргээр 15 монгол оюутныг сургах сургалтын агуулга, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Хаванагийн Их сургууль болон манай СЭЗИС, ШУТИС-ийн хооронд хамтран ажиллах санамж бичгийн төслийг ойрын хугацаанд эцэслэх дээр санал нэгдэв.
1728 онд үүсэн байгуулагдсан Куба улсын ууган их сургуулийн нэг Хаванагийн Их сургууль нь 2021 онд гаргасан дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад 498 дугаар байрт жагссан байна.
Хаванагийн Их сургуулийн ректор Мириам Никадо Элчин сайд Ш.Батцэцэгийг тус сургуульд Монгол, Кубын харилцааны сэдвээр ирэх 5 дугаар сард лекц уншихыг урьсаныг Элчин сайд талархан хүлээн авч, мөн үеэр дипломат харилцааны 60 жилийн ойн хүрээнд бэлтгэсэн гэрэл зургийн үзэсгэлэнгээ үзүүлэхээр болов. Түүнчлэн Хаванагийн Их сургуулийн зүгээс тус сургуулийн гадаад харилцааг хөгжүүлэхэд бодит алхамууд хийж байгаа Монголын Элчин сайдын яаманд талархал илэрхийлэхийн сацуу цаашид урт хугацааны цуврал арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллах тал дээр талууд санал нэгдсэнээр уулзалт өндөрлөв.