НийгэмFocusШинэ мэдээ

Хатан ижий нарт хүндэтгэл үзүүлэв

Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтан ЗХЖШ, ЦДБЭЧ хамтран “Хатан ижий” хүндэтгэлийн арга хэмжээг 6 дахь жилдээ уламжлал ёсоор зохион байгууллаа.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээ нь Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд олон жил үр бүтээлтэй ажилласан, олон хүүхэд төрүүлж өсгөсөн, гэр бүл үр хүүхдүүд нь үе дамжин Зэвсэгт хүчинд алба хааж яваа, баялаг түүх намтартай, бахархан дуурайх гэгээн үйлстэй ижий нарыг алдаршуулан өргөмжлөх, тэдний гавьяа зүтгэл, гэр бүлийн зөв хандлагыг олон нийтэд сурталчлах зорилготой юм.

Энэ жилийн “Хатан ижий”-д БХЯ-ны харьяа байгууллагууд болон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудаас 57 ээжийн тодорхойлолт, танилцуулга ирснээс Н.Алтанцэцэг (БХЯ-ны Ахмадын хороо), Д.Норжин (ҮБХИС), Д.Цэцэгээ (016), Г.Янжмаа (120), Г.Чулуунцэцэг (327), Д.Энхтуяа (ЦДБЭЧ), Э.Эрмаа (7780), М.Энхтуяа (011), А.Оюунгэрэл (150) нарын есөн ижий шалгарч, “Өргөмжлөл”, хүндэтгэлийн эздээр тодорсон юм.

Орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн босгон дээр хатан ижийгээр шалгарсан ээжүүдийн 3-10 хүртэлх үр хүүхдүүд нь төрийн цэргийн байгууллагад алба хааж байгаа, өдгөө зарим нь даян дэлхийд энхийг сахиулж яваа, өөрсдөө ч мөн залуу, халуун насаа Зэвсэгт хүчиндээ зориулсан байна.

Хатан ижий нарт ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг баяр хүргэж хэлсэн үгэндээ “Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд олон жил үр бүтээлтэй ажилласан, олон хүүхэд төрүүлж өсгөсөн, хань ижил, үр хүүхдүүд нь Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагад алба хааж яваа, баялаг түүх намтартай, бахархан дуурайх гэгээн үйлстэй ижий нарыг алдаршуулан өргөмжилж байгаадаа баяртай байна. Үр хүүхдүүдээ эх оронч үзэл сэтгэлгээтэй өсгөж хүмүүжүүлсэн та бүхнээр бахархаж байна. Ижийгээ баярлуулна гэдэг энэ хорвоогийн хамгийн сайхн ажил. Ажил албаа сайн гүйцэтгэж, ижийгээ энэ эрхэм шагналын эзнээр тодруулж, баярлуулж байгаа цэргийн алба хаагчдаараа ч бахархаж байна” хэмээн онцолсон юм.

Арга хэмжээний төгсгөлд шалгарсан ээжүүдэд “Хатан ижий” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Цэцэгээ өнгөрсөн зургаан жилийн хугацаанд шалгарсан 46 хатан ээжийн тухай өгүүлэх бүтээлийн дээжээс бэлэглэж, “Хатан ижий” хүндэт тэмдэг гардуулан өгсөн юм. Тэрээр 2017 онд “Хатан ижий”-гээр шалгарч байсан ээж юм.

Ташрамд сонирхуулахад, Зэвсэгт хүчний “Хатан ижий” нараас хамгийн өндөр настай ээж нь 96 настай Р.Рэнчинцоо (167), хамгийн олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээж Ө.Марууш (350) нар ажээ. Ө.Марууш гуай 14 хүүхэд төрүүлж өсгөсөн ба түүний 13 нь төрийн цэргийн байгууллагад алба хаадаг байна.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг хязгаарлагдмал хүрээнд халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулсан юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version