Улс төр

Транзит заалын бүтээн байгуулалттай танилцлаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ оны наймдугаар сарын 12-нд Чингис хаан нисэх буудлын үйл ажиллагаатай танилцах үеэр нисэх буудалд онгоц газардсаны дараа угтах хоолойд хил, гааль, мэргэжлийн хяналтын хэд хэдэн ажилтан зорчигчдыг тосч, тав тухыг нь алдагдуулж, хүнд суртал үүсгэх шаардлагагүй. Мөн энэ асуудлыг нэг ажилтанд хариуцуулах, нэгэнт гаднын буудлуудаар шалгагдаад ирж байгаа зорчигчдын гар тээш, ачааг дахин шалгаж түвэг учруулалгүй ногоон гарцаар гаргах хэрэгтэй зэрэг үүрэг өгч байсан юм.

Түүнчлэн АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт зэрэг ойрын жилүүдэд болох олон улсын томоохон арга хэмжээнүүдэд оролцогчдыг нэгэн зэрэг хүлээн авах учраас “Чингис хаан” буудалд онгоц хөөрөх, буух зурвасыг өргөтгөх, транзит заал байгуулах, онгоц байрлуулах зогсоол, зорчигчдын танхимыг өргөтгөх ажлуудыг шуурхайлах үүрэг өгч байсан юм.

Европ, Азийн бүс нутгийн гүүр болж, үндэсний авиа компаниудын эдийн засгийг чадавхижуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг олон ажлын эхлэл болсон транзит заалын бүтээн байгуулалт, онгоц байрлуулах зогсоолууд өнөөдөр бэлэн болсонтой Ерөнхий сайд Ч.Сайханбилэг очиж танилцлаа.

Зорчигчдын тав тухыг хангах үүднээс гол танхимуудын зай, талбайг өргөтгөж шинээр тохижуулснаар цагт 800 зорчигч хүлээж авах чадалтай байсан тус нисэх буудал 1200 зорчигчдод үйлчлэх боломжтой болжээ.

Транзит танхимын бүтээн байгуулалттай танилцсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг буудлынхаа нүүр царайг богино хугацаанд олон улсын нисэх буудлын жишигт хүргэж чадсан Зам тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, Чингис хаан нисэх буудал, МИАТ-ийн удирдлагууд, тэдний хамт олонд баяр хүргээд, зорчигчид айлын жижиг өрөө шиг өрөөнд паспортны шалгалтад ордог, тэндээ багталцахгүй дараалал үүсгэдэг байдал алга болж, найман шугамтай, мөн E gate буюу цахим нэвтрэлттэй болсныг сайшаалаа.

Ийм засвар тохижилтыг хийхэд улсын төсвөөс хөрөнгө гаргаагүй, Чингис хаан олон улсын нисэх буудал дотоод боломжоо ашиглан 1,9 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийжээ.

Улаанбаатар хот аялал жуулчлалын маршрутын төгсгөлийн цэг байдаг. Нисэх буудалд буусан бүх хүн заавал Улаанбаатар хот, Монгол улсын хилээр нэвтэрдэг байсан бол өнөөдрөөс Улаанбаатар аялал жуулчлалын дундын цэг болж эхэлж байна. Шинэ транзит танхимаар дамжиж, дараагийнхаа онгоцонд суух бололцоо манай улсад анх удаа бий боллоо. Одоо энэ бололцоогоо сурталчилж, ОХУ-ын Омск, Новосибирск, Екатеринбург, Чита, Эрхүү зэрэг хотоос Улаанбаатарт транзитаар дамжаад зүүн өмнөд Азийн орнууд болон бусад орнууд руу явах нислэгийг зохион байгуулдаг болох ёстой гэж Ерөнхий сайд хэллээ.

Мөн шинэ ажил , үйлчилгээ эхлүүлчихээд эхний хэдэн өдөр нь шуурхай үйлчлээд хойшдоо назгайрч таарахгүй. Нисэх буудалд ажиллаж буй мэргэжлийн хяналт, хил, гааль, иргэний бүртгэлийн ажилтнууд үйл ажиллагаагаа анхны өдрийнх шигээ байнга эрч хүчтэйгээр явуулах ёстойг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анхаарууллаа Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version