Агаарын тээвэрлэгч, аялал жуулчлалынхан хамтын төлөвлөгөөтэй ажиллана
Зам, тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран агаарын тээвэрлэгчид болон аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчидтай бямба гаригт зангиагүй уулзалт хийлээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалын салбарынхантай өнгөрсөн долоо хоногт уулзалт хийсний дараа төлөвлөгдсөн, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготойгоор зохион байгуулсан салбар хоорондын уулзалт байв.
Уулзалтаар агаарын тээвэрлэгч, аялал жуулчлалын бизнес эрхлэгч хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, тулгарч буй бэрхшээлд нэг ойлголттой болох, хамтран төлөвлөгөө гаргах, улмаар Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэх хөтөлбөр, зорилтыг тодорхой болгох асуудлаар санал солилцсон.
Иргэний агаарын тээвэр, аялал жуулчлалын салбар нь нэг зоосны хоёр тал гэдэгт оролцогчид санал нэгдэж байв. Улмаар цаашид хоёр салбарын хөгжил харилцан уялдаа холбоотой тул анх удаа хамтарсан төлөвлөгөө боловсруулж салбарын яамдаараа дамжуулан Засгийн газарт танилцуулж батлуулахаар боллоо.
Ковид-19 цар тахалын дараах аялал жуулчлал манай улсад эрчимтэй хөгжих боломжтой гэж салбарынхан нь үзэж байна. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдалд санхүү, эдийн засгийн хямралд орсон агаарын тээвэрлэгчид болоод аялал жуулчлалын салбарынхныг хөл дээрээ бостол Төрийн бодлого, шийдвэрийн дэмжлэг хэрэгтэй гэдгийг аялал жуулчлал, авиакомпаниудын удирдлагууд ярилцсан.
Тухайлбал, дундын сан байгуулж хоёр салбарыг хөгжүүлэхийн тулд тэндээс татаас өгдөг байх нь зүйтэй гэдэг саналыг дэвшүүлэв.
Тухайн бүс нутагт аялагчдыг татах, агаарын тээвэрлэгчийг тогтвортой нислэг үйлдэхийн тулд татаас өгч дэмжлэг үзүүлдэг төрийн бодлого нь олон улсад ч байдаг жишиг юм.
Урьд нь салбарууд тус тусдаа хөтөлбөр, төлөвлөгөөгөө боловсруулж ажилладаг байсан бол энэ удаа аль авиа компани ямар улс, хот руу нислэг үйлдэх, аялал жуулчлалын компани аль гадаад улс орноос хэчнээн жуулчин авчрах вэ гэдэг төлөвлөгөөгөө уялдуулан нэгдсэн төлөвлөгөө боловсруулж ажиллах нь хоёр салбарын ирээдүйн хөгжилд үр дүнгээ үзүүлнэ гэж үзэцгээлээ.
Хурлын үеэр ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн Агаарын тээвэрлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал, сүүлийн жилүүдэд жуулчид ихтэй зуны гурван сард авиа компаниудад үүсдэг ачаалал, агаарын хөлгийн суудал ашиглалтын судалгааг танилцуулсан.
Түүнчлэн дотоодын аялал жуулчлал болоод олон улсын аялагчид хамгийн их сонирхож очдог аймгуудын нисэх буудлуудын засвар үйлчилгээ, олон улсын статустай болгох бэлтгэл ажлуудыг 2020 оны цар тахалтай холбоотой хязгаарлалтай үед хийгээд байгааг хэллээ.
Аялал жуулчлалын салбарынхан ИНЕГ-ын даргын дэргэд аялал жуулчал, агаарын тээвэрлэгч компаниудын оролцоотой Зөвлөл байгуулах санал гаргасан. Эл асуудлыг талууд дэмжиж Зөвлөлийг даруй байгуулах, улмаар ирэх гуравдугаар сард ИНҮТ-өөс хариуцан аялал жуулчлалын салбарынхантай форум зохион байгуулах гэж байгааг дуулган цар тахлын дараах үед хоёр салбарын хөгжил нь уялдаа холбоотой хамтын ажиллагаанаас маш их хамааралтай гэдгийг онцлон хэлж байв.
Уулзалтын төгсгөлд гарсан санал, дүгнэлтүүдийг боловсруулж Засгийн газарт танилцуулж батлуулахаар ажиллана гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар хэллээ. Мөн салбар хороодын дараагийн уулзалтыг товлосноор энэ удаагийн уулзалт өндөрлөв.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ