Засгийн газарГадаад харилцааБоловсролFocus

“Мянган инженер” төслийг хоёр жилээр сунгах саналтай байгаагаа илэрхийллээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Японы Олон Улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын суурин төлөөлөгч Тамүра Эриког хүлээн авч уулзлаа.

Уулзалтын хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарт Япон улсын буцалтгүй тусламж, зээлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлын явц, үр дүнгийн талаар ярилцаж, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Боловсрол, шинжлэх ухааны яам өнөөдрийн байдлаар ЖАЙКА байгууллагатай хамтран таван төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Амжилттай хэрэгжиж буй төслийн тухайд “Мянган инженер” төсөл үр дүнгээ өгч, анхны 98 төгсөгчид бүгд ажлын байртай болсон.

Энэхүү төсөл нь мэргэжлийн боловсрол, дээд боловсрол, их сургуулийн хамтарсан судалгааг дэмжих хөрөнгө оруулалт болж чадсан юм.

Цаашид Монгол Улсад нутагшуулсан гурван коосенийг бэхжүүлэх, тоог нэмэгдүүлэх, орон нутагт ийм төрлийн сургууль байгуулах болон төслийн хэрэгжилтийн хугацааг хоёр жилээр сунгах мөн судлаачдыг нэмж сургах саналтай байгаагаа Боловсрол, шинжлэх ухааны сайд илэрхийллээ.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын үдийн цайг үдийн хоол болгох хүрээнд зориулалтын гал тогооны газар барих, хоол үйлдвэрлэлтийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангах хамтарсан төслийг боловсруулан ЖАЙКА байгууллагад хүсэлтээ хүргүүлсэн. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах хүсэлтээ байгаагаа илэрхийлэв. Цар тахлаас үүдэлтэй хичээл, сургалтын хоцрогдлыг нөхөх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг Засгийн газраас дэмжсэн. Хоцрогдлыг арилгах чиглэлээр хамтарч ажиллах боломжтой хэмээв.  

Уулзалтын үеэр АШУҮИС-ийн Эмнэлгийн менежментийг боловсронгуй болгох ЖАЙКА-ийн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн онцолж, Монгол-Японы эмнэлэгт Японы 3-4 эрдэмтэн, профессор, эмч нарыг богино болон урт хугацаанд ажиллуулах, Японы эмнэлзүйн менежменийг монгол эмч, багш нарт ажлын байран дээр нь сургах саналыг дэвшүүллээ. Боловсролын салбараас гадна шинжлэх ухаан, инновацын чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтээ сайд Л.Энх-Амгалан хэллээ.

Японы Олон Улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын суурин төлөөлөгч Тамүра Эрико хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар танилцуулаад сургалтын хоцрогдлыг арилгахад хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ. “Мянган инженер” төслийн хувьд Японы их, дээд сургуулиудтай хамтарч судалгаа хийдэг. Ингэснээр судалгаагаар мэргэшиж буй эрдэмтэд Япон улстай харилцаа холбоо тогтоох нь ихэссэн болохыг онцлон хэлсэн юм.  

Мөн түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “COVID-19” цар тахлын үед ЖАЙКА-ийн буцалтгүй тусламжийн хүрээнд орж ирсэн автомакс, ариутгалын спирт болон жавелинийг төрийн өмчийн 662 сургууль, 905 цэцэрлэг, 552 дотуур байранд хүргүүлж, халдварын эсрэг арга хэмжээ авч, дэмжлэг үзүүлж байгаад болон боловсролын салбарт бодитой хөрөнгө оруулалт хийж байдагт талархал илэрхийллээ.  

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version