ЯрилцлагаЭдийн засагОнцлох

Ж.Дэлгэрсайхан: Бид эдийн засаг руу мөнгө оруулах сувгаа зөв сонгох хэрэгтэй

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа. 

Засгийн газраас эдийн засгийг сэргээх 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ хөтөлбөр, төлөвлөгөөний талаар та эдийн засагчийн хувьд ямар байр суурьтай байна вэ?

Засгийн газрын зүгээс богино хугацаанд бэлтгэж, зарлаж байгаа төлөвлөгөөг харсан. Төлөвлөгөөний хувьд би хувьдаа маш эерэгээр хүлээн авч, цаг үеэ олсон сайн төлөвлөгөө боллоо гэж дэмжиж байгаа. Үүний гол шалтгаан нь нэгдүгээрт, 2020 оны нэгдүгээр сараас хойш Монгол Улсын Засгийн газрын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн ажил нь эрүүл мэндийг хамгаалах чиглэлтэй байсан.

Энэ нь ч үр дүнгээ өгснийг үгүйсгэхгүй. Харин энэ явцад эдийн засаг, аж ахуйн нэгжүүдийнхээ талыг орхигдуулсан тал бий. Энэ утгаараа одоо бодлогын төлөв, чиглэлээ өөрчилж байгаа нь хамгийн том давуу тал юм. Эдийн засгийн хувьд доройтсон, Монгол Улсын дотоод нөөц бололцоо хомс байгаа үед дан ганц эрүүл мэндийн чиг баримжаатай бодлогоор цаашид хол явахгүй нь тодорхой байсан. Энэ цаг үед эрүүл мэнд, эдийн засаг гэсэн зорилгыг цогцоор нь тавьсан нь зөв юм. 

Бусад эдийн засагчид ямар байр суурьтай байгаа бол, та ажиглалт хийсэн үү? 

Хувь хүн бүр өөр өөр байр суурьтай л байх шиг байна. Зарим нь хэтэрхий их мөнгийг эдийн засаг руу нийлүүлэх нь, инфляц, валютын ханшаа алдах нь гэх байдлаар хандаж байна. Би хувьдаа тэдгээр хүмүүсийн байр суурийг хүндэтгэж байгаа. Гэхдээ миний хувийн байр суурь бол Монгол Улсын эдийн засагт мөнгө их хэмжээгээр оруулах гарцаагүй шаардлагатай болсон. Тийм учраас энэ эдийн засгийн бодлого нь зөв юм.

Эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа аврах 10 их наядын төлөвлөгөөн дотор нэг анхаарал татаж байгаа зүйл нь мөнгөний эргэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж байгаа. Мөнгөний эргэлт гэдгийг олон нийт ойлгохдоо мөнгө хэвлэх гээд байна гэж ойлгож байх шиг байна. Тэгэхээр мөнгөний эргэлтийг сайжруулна гэдгийг та тайлбарлаж өгнө үү?

Энгийн иргэдээс гадна эдийн засгийн хүрээний хүмүүсийн дунд ч ийм байр суурь, үзэл бодол байна. Энэ үзэл бодол онолын хувьд байдаг зүйл. Практик дээр ч бас Монголын хувьд хэрэгжиж, эрсдэл дагуулсан тал бий. Бид их хэмжээний бэлэн мөнгө тарааж, үнийн хөөрөгдөл, ханшийн уналт руу орж байсан гашуун туршлагатай. Ийм туршлага Монголоос гадна дэлхийн улс орнуудад ч бий.

Энэхүү зүйлээс болгоомжилж байгаа хүмүүсийн болгоомжлолыг хүндэтгэж байна. Гэхдээ бид энэ төлөвлөгөөг мөнгө хэвлэнэ гэдэг сөрөг талаас нь харахаасаа өмнө Монгол Улсын эдийн засаг өнөөдөр ямар байдалтай байна вэ гэдгийг маш сайн харах хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг 5 орчим хувьтай унах магадлалтай байна. Засгийн газар 6 орчим хувийн уналттай байна гэж үзэж байгаа. Дэлхийн банк 5.2 хувиар агшина гэж дүгнэсэн байсан. Ер нь бол эдийн засаг 4-өөс дээш хувиар агших нь гарцаагүй. Үүнээс гадна мөнгөний нийлүүлэлтийн хурд саарсан байгаа.

Монгол Улсын эдийн засаг 5 орчим хувиар буурна гэдэг нь 2-3 их наяд төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэсэн үг. Дээрээс нь зээлийн өсөлт зогссон. Зээл тодорхой хэмжээгээр олгогдож байгаа ч өсөлт гэдэг зүйл байхгүй болсон. Мөн чанаргүй зээл нэмэгдсэн. Гэх зэргээр мөнгөний зах дээр сөрөг үзэгдэл их байна. Тийм учраас бид эдийн засгийн өсөлтөөс алдагдсан 3 их наяд төгрөг, зээлийн өсөлтөөр дамжиж эдийн засгийг дэмжих ёстой байсан тэр орон зайг юугаар нөхөх вэ гэдэг асуудалтай тулгарч байгаа.

Мөнгө нийлүүлэхгүйгээр зүгээр л хараад суугаад байх уу. Эрүүл мэндийн шалтгаанаар яривал өнөөдөр үнэхээр цусны эргэлт нь саарчихсан, цус нь багассан тохиолдолд бас л зүгээр хараад суух уу, эсвэл цусны эргэлтийг худасгах уу гэдэг асуудал бий. Тэгэхээр Монгол Улсын эдийн засаг үнэхээр хүнд байдалтай байна. Тийм учраас мөнгөний эргэлтийг сайжруулах шаардлагатай.

Бид өндөржүүлсэн бэлэн байдал, хатуу хөл хорио гээд нэг жил гаруйн хугацаанд ямар нэгэн дэглэмтэйгээр явчихсан. Ийм үед гол хийх ёстой зүйл нь дээр дурдсан дутагдаад байгаа орон зайг мөнгөөр дэмжиж өгөх л ёстой юм. Ингэснээр цаашдаа эдийн засаг бизнесийн орчин улам сулрах, ажлын байрнууд алдагдах нөхцөлөөс урьдчилан сэргийлнэ. Хоёрдугаарт, эдийн засаг эргэн сэргэх хугацааг улам наашлуулах л зорилготой юм. Тэгэхээр мөнгө хэвлэнэ гэдгийг эдийн засаг хэвийн горимоороо явж байх үед нь буюу эдийн засагт байх ёстой мөнгө нь байсаар байхад нэмж мөнгө хэвлэж, нийлүүлэх гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ эдийн засагт мөнгө дутагдаад байхад зүгээр хараад суугаад байх нь зөв бодлого биш юм.

Сүүлийн нэг жилийн хугацаанд эдийн засаг зогсонги биш бараг ухрах нөхцөл байдалтай болсон энэ байдлыг буцааж эргүүлэх гэсэн оролдлого гэж ойлгох хэрэгтэй байх нь.

Эдийн засаг бараг ухрах биш, угаасаа ухарчихсан байгаа. Гурван улирал дараалаад эдийн засаг 10-аас 7 орчим хувийн уналттай гарсан. Оны төгсгөлөөр 5 орчим хувиар унахаар байна. Гол салбарууд 8-9 хувийн уналттай. Тээврийн салбар, аялал жуулчлалын салбар бүр 20-30 хувиар унаж байгаа. Ийм үед бид зүгээр хараад л суугаад байвал хүндрэлийн нөхцөл байдлыг улам даамжруулна л гэсэн үг.

Тэгэхээр бид эдийн засаг руу мөнгө оруулах шаардлагатай. Гол нь мөнгө оруулах сувгаа зөв сонгох хэрэгтэй. Би өмнө нь ч энэ байр сууриа илэрхийлж байсан. Өөрөөр хэлбэл, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоох үеэс л “эдийн засагт 2-3 их наяд төгрөг нийлүүлэх шаардлагатай” гэдэг байр сууриа хэлж байсан. Энэ байр суурьтай маань нийцэж байгаа учраас энэ арга хэмжээг дэмжиж байна. Мэдээж эрсдэл бий. 

Олон улсын байгууллагуудын зүгээс мөнгө хэвлэхэд хүрвэл ДНБ-ий тэдэн хувиас хэтрүүлэхгүй гэх зөвлөмж, журам зэрэг зүйл байдаг юм болов уу? Бид бас олон улсын байгууллагуудтайгаа нягт хамтын ажиллагаатай байж, тодорхой зөвлөмжийн дагуу ажилладаг шүү дээ. 

Тийм заавар, журам гэхээсээ илүү та бүхэн энэ эх үүсвэрийг хаанаас гаргах гэж байна вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр эх үүсвэр нь Монголбанк, Засгийн газрын холимог хэв шинжтэй байх нь. Хоёрдугаарт 10 их наяд төгрөгийг нэг удаад буюу 1 жилийн хугацаанд гаргахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хөтөлбөр нийт 3 жилийн хугацаатай хэрэгжинэ. Тэгэхээр эхний жилд магадгүй 4 их наяд орчим төгрөг зарцуулагдахаар харагдаж байгаа. Энэ мэдээж том тоо.

Гэхдээ Монгол Улсын эдийн засгийн нийт хэмжээ нэлээд томорчихсон, эдийн засаг маань 30 гаруй их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Мөнгөний нийлүүлэлт 20 орчим их наяд төгрөг байна. Валютын нөөц өссөн, эдийн засгийн суурь тэлчихсэн учраас энэ нь эдийн засгийн суурь боломжоос хэтэрсэн, зах замбараагүй хэмжээний мөнгөний нийлүүлэлт биш. Хоёрдугаарт, инфляц, валютын ханшийг эрсдэл гэж харж болно.

Гэхдээ өнөөдөр цар тахлын аюул арилаагүй цагт, эдийн засаг чөлөөтэйгээр идэвхжих орон зай нь нээгдээгүй байгаа энэ үед бид инфляц, валютын ханшаас айгаад байх шаардлагагүй. Учир нь өнөөдөр бид саарчихсан байгаа эдийн засгийг амь оруулж байгаа. Ингээд сайнаар бодоход оны эхний хагастаа цар тахлын хямралаас эдийн засаг, нийгмийн амьдрал маань бүрэн чөлөөлөгдчихвөл, тэр цагт бид эдийн засаг руу оруулж байгаа мөнгөний эрчим, хурдыг бодлогын хувьд зохицуулж, эдийн засгийн идэвхжил, мөнгөний нийлүүлэлтийн балансыг хадгалснаар валютын ханш инфляцын түвшнээ анхаарч болох байх.

Үүнийг л зөв тохируулах хэрэгтэй. Ингэж чадвал эдийн засгаа аврах төлөвлөгөө маань маш үр дүнтэй болох болов уу. Үүн дээр Засгийн газар хэрэгжилтийг нь маш сайн зохицуулж явах байх. Хоёрдугаарт, олзуурхууштай байгаа нэг зүйл нь Засгийн газрын зарласан хөтөлбөрт хэрэглэгчийн гар дээр бэлэн мөнгө тавих тухай асуудал ерөөсөө дурдагдахгүй байгаа юм.

Энэ маш том давуу тал. Өмнө нь бид мөнгө хэвлэж байсан гэдэг нь дандаа л улс төрийн амлалтаас үүдэлтэй, халамжийн шинжтэй бодлогууд байсан шүү дээ. Харин энэ удаад мөнгөний нийлүүлэлт нь банкаар дамжаад, бизнесийн орчныг дэмжих зорилгоор бизнесүүдэд очино. Тэгэхээр эцсийн хэрэглээнд мөнгө өгөхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. 

10 их наяд төгрөгийг тэр чигээр нь хэвлэнэ гэдэг ойлголт байх шиг байна. Тэгэхээр энэ мөнгөний эх үүсвэрийн талаар тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй байх?

Мөнгө хэвлэх нь Монголбанкинд өөрт нь байдаг эрх. Аль ч улс орны төв банкинд байдаг онцгой эрх шүү дээ. Монгол Улсын Төв банкны тухай хуулинд ч зааж өгсөн. Үүнийг бид санхүүгийн хүрээнд Эмиссийн онцгой эрх гэдэг. Ерөнхийдөө мөнгийг шаардлагатай үед нь эдийн засаг руу нэмж оруулж, шаардлагагүй үед нь эдийн засгаас татан авч, эдийн засгийн мөнгөний балансыг хангах эрхийг бид Монголбанкиндаа өгчихсөн байгаа. Дэлхийн 200-аад улс орны төв банк ийм л үүрэг гүйцэтгэж байгаа.

Тэгэхээр мөнгө хэвлэх гэдэг энэ процесс энгийн үгээр хэлбэл, төв банкны хувьд хийдэг ажил нь гэсэн үг. Гол нь зохистой хэмжээнд байх уу, үгүй юу л гэдэг асуудал. Хоёрдугаарт, энэ хөтөлбөрийн хүрээнд мөнгө хэвлээд, тоо хэмжээг нь нэмэгдүүлсэн ч гэсэн би хувьдаа тодорхой хэмжээнд байхад болохгүй зүйлгүй гэж үзэж байгаа. Учир нь эдийн засаг үнэхээр царцанги байдалд орсон байгаа үед бид дэмжиж өгөх үнэхээр шаардлагатай байна. Гэхдээ энэ хөтөлбөрийг харахад эдийн засаг руу мөнгө хэвлээд, гаргачихна гэж огт хэлэхгүй байгаа.

Нэгдүгээрт, төв банктай холбоотой нэг их наяд төгрөгийн бондын баталгааны асуудал байсан. Хоёрдугаарт, хармагтайн ордын тухай асуудал яригдаж байсан. Мөн Төв банкны Ерөнхийлөгчийн тайлбарласнаас харвал, 8 орчим их наяд төгрөгийн эх үүсвэр Төв банкны үнэт цаас хэлбэрээр байршиж байна гэсэн байгаа. Бидний хувьд эдийн засаг хэвийн үед ч 4-5 их наяд төгрөг ТБҮЦ хэлбэрээр байршиж байхад, хэтэрхий их мөнгө байна гэж шүүмжилдэг тоо.

Гэтэл энэ тоо цар тахлын хязгаарлагдмал нөхцөл байдалтай холбоотойгоор хоёр дахин нэмэгдчихээд байна. Тийм учраас энэ нөөцийг эдийн засаг руу оруулах асуудлыг ярьж байгаа. Тэгэхээр шууд мөнгө хэвлэх гэж байгаа зохицуулалт биш, байгаа мөнгийг хадгалах бус эргэлтэнд оруулах асуудал юм. Аль ч утгаар нь харсан эдийн засаг руу мөнгө нийлүүлэгдэж байна л гэсэн үг.

Мөнгө хэвлэнэ гэдгийг улс төрийн хүрээнд л их айхтар зүйл юм шигээр яриад байна. Ер нь бол төв банкны бодлого эдийн засагт шаардлагатай үед мөнгө хэвлээд ч хамаагүй нийлүүлж чаддаг, шаардлагагүй үед маш хурдан илүүдэл мөнгийг татаж авч чаддаг байх нь л зохистой юм.

Ярилцсанд баярлалаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version