НийтлэлБайгаль орчинОнцлохШинэ мэдээ

А.Саруулзаяа: Цэвдгийн судалгаа хийх нь эрсдлийг бууруулдаг

Цэвдэгтэй, намагтай газар мэргэжлийн зөвлөгөө авалгүй, хөрсөө судлалгүй барилга байшин барьсанаас хагарч цуурах, шал нь овойх, суух… зэрэг олон асуудал үүсч, цаашид ашиглах боломжгүй болсон олон барилга байдаг.

Цэвдгийн тухай мэдээлэл хүргэе. Цэвдэг гэдэг нь 0 буюу түүнээс доош хэмд 2 ба түүнээс жилд газрын гадаргад тодорхой түвшинд орших ул хөрс чулуулаг болон мөсний нийлэмжийг хэлдэг.

Цэвдэг нь гадаргын болон гүний ус бүрэлдэн тогтох гол эх үүсвэр болж, хүрээлэн буй орчны экосистемд олон эерэг нөлөө үзүүлдэг хэдий ч инженерийн салбарт цэвдгийн судалгаа хийгдээгүйн улмаас бүтээн байгуулалт, зам, барилгын ажилд ноцтой гарз, хохирол учруулсаар байна.

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 29.3%-д цэвдэг ямар нэг хэмжээгээр тархдаг бөгөөд цэвдгийн тархалтаараа манай улс дэлхийд тавдугаарт ордог.

Засаг захиргааны нэгжээр цэвдгийн тархалт хамгийн өндөр аймгийг жагсаавал:

1. Хөвсгөл 20.7% 2. Завхан 11.4% 3. Архангай 8.6% 4. Хэнтий 8.6% 5. Баян-Өлгий 8.3% 6. Булган 6.6% 7. Сэлэнгэ 6.6% 8. Төв 5.7% 9. Баянхонгор 5.7% 10. Дорнод 4.2%

Монгол орон нь газарзүйн байршилаараа Сибирийн цэвдэгийн өмнөд хил дээр буюу шилжилтийн бүсэд оршдог учраас уур амьсгалын өөрчлөлтөнд нэлээд эмзэг, мэдрэмтгий байдаг.

ШУА-ын Газарзүй Геоэкологийн хүрээлэнгийн цэвдэг судлаачдын хийсэн цэвдгийн тархалтын шинэчилсэн зургийг 1971 оны зурагтай харьцуулахад Монгол орны хэмжээнд цэвдгийн хил ойролцоогоор урдаасаа хойшоо 94-178км ухарсан бол өндрийн түвшингээр нь авч үзвэл 240-900м шуугдсан байна.

Сүүлийн 45 жилийн хугацаанд манай оронд цэвдгийн алдрал маш идэвхитэй явагдаж зарим газарт цэвдэг устаж үгүй болсон байна. Иймд уур амьсгал болон цэвдгийн өөрчлөлтийг бид дэд бүтцийн салбарт тусгаж, сүүлийн үеийн дэвшилтэт арга аргачлалуудыг зам, барилгын салбарт нэвтрүүлэх, норм нормативийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай юм. Жишээлбэл: Монгол орны нийт замын сүлжээ нь 12722км бөгөөд үүний 5354км нь хатуу хучилттай зам байдаг. Цэвдэг судлаачдын сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс харахад энэхүү хатуу хучилттай замын 1200 км орчим нь цэвдэгтэй бүсэд тавигдсан байна.

Тухайн цэвдэгтэй газарт инженерийн байгууламж барихаас өмнө инженер-цэвдгийн судалгаа хийлгүй барьж, цэвдгийн тархалт, шинж чанарт тохирсон замын далангийн төлөвлөлтгүй хийснээр хатуу хучилттай замын доорх цэвдэг гэсэлтэнд орж, цэвдгийн дээд хил дулаан балансын өөрчлөлтөнд орж хайлах нөхцөл бүрдүүлдэг. Энэ нь хатуу хучилттай замын чанарт нөлөөлж деформац, суулт, хагарлууд үүсгэдэг.

Инженерийн шугаман байгууламж төлөвлөн барихаас өмнө цэвдгийн судалгаа хийгээгүй барьснаар хатуу хучилттай авто замд ихээр эвдрэл үүсэж, жил бүр засвар арчлалтын ажил хийгддэг. Цэвдэгтэй газарт инженерийн байгууламж барих тохиолдолд үндсэн хоёр зарчмыг баримтладаг.

Үүнд: 1-р зарчим: Цэвдгийг хэвээр хадгалах

2-р зарчим: Барилга угсралтын өмнө, эвсэл явцад цэвдгийг гэсгээх Тухайн газрат инженерийн байгууламж барихад цэвдгийг хэвээр хадгалан цэвдгийн дээд хилийг хөдөлгөөнгүй байлгах инженерийн маш олон шийдлүүд байдаг бөгөөд эдгээр арга аргачилалуудыг гол зорилго нь замын гадаргуугаас ирж буй дулаан балансын өөрчлөлтийг механикаар зогсоож, цэвдэгийн гэсэлтээс урьдчилан сэргийлж байна гэсэн үг юм.

Үүнээс гадна цэвдгийн судалгаа нэн чухал өөр нэг салбар бол барилгын салбар бөгөөд Улаанбаатар хотын орчимд Дарь Эх, Ногоон Нуур, Ар Гүнтийн даваа, Хандгайтын богино гэх мэт зуслангийн байшин ихээр барьж буй газруудад инженер-цэвдгийн судалгааг зайлшгүй хийх шаардлагатай байдаг. Тухайн газрын цэвдгийн төлөв байдал, тархалт, мөсжилтийн хэмжээг тодорхойлж судлаагүйн улмаас уг барилга байшин цэвдгийн гэсэлтээс үүдэж суулт үүсэж, хананд ан цав үүсэж эхэлдэг.

Иймд инженерийн байгууламж, барилга, замыг цэвдэгтэй газарт төлөвлөн барихад шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээ хийж, орчин үеийн дэвшилтэт арга, аргачлал ашиглах нь уг байгууламжын бат бөх чанарыг хангах болон эдийн засгийн бодит үр өгөөжтэй бий болох олон давуу талтай.

Эх сурвалж: ЭША доктор (Ph.D) А.Саруулзаяа

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version