НийтлэлНийгэмШинэ мэдээ

Ирээдүйдээ “цэг” тавих сонголт зөвхөн таных…

Хүн төрөлхтөн бидний хамгийн гайхалтай уран бүтээл, амьдралын баяр баясгалан бол  “үр хүүхэд”.  Үр хүүхэд гэдэг таны энэ орчлонд амьдарч байсны баталгаа болж, амьдралын тань үргэлжлэл болон удам залган үеэс үед үргэлжилсээр л байна. Гэвч амьдрал гэдэг хүн бүрт хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх, энэ орчлонд мөртэй явсаныг нь батлах “нойтон сормуустай” үр хүүхэд заяадаггүй, хяслантай хорвоо.

Насаараа залуу байх юм шиг хэнэггүй явсаар, өтлөхийн цагт хөлөө хучуулах үр хүүхэдгүйдээ харамсаад ч барахгүй, өдөр хоногийг өнгөрүүлэн зутруухан амьдарч байгаа нэгэн та бидний дунд алхалж л яваа. Төрсөн үр хүүхдээсээ татгалзаад өөр хүнтэй дэр нийлүүлсэн ч, үрийн заяа гомдож, дахин хүүхэдтэй болоогүй нэгэн ч бий. Хос хоёр зүрх сэтгэл, нэгэн биеэрээ нэгдээд ч үр хүүхэд заяахгүй, арга ядаад харь нутагт үр шилжүүлэн суулгах оролдлого нь бүтэмжгүй, “хүний” хүүхэд өргөж аваад амьдарч байгаа хүмүүс ч олон.

Хүний хүүхдээр хүн хийж, сайхан амьдарч байгаа харагдавч тэдний мах цусны тасархай хэзээ ч энэ орчлонд мэндлэхгүй. Гэхдээ тэд хүүхэдтэй байхын аз жаргалыг мэдэрч буй нь гайхамшигтай.  Хүсээгүй цагт хэвлийдээ хүүхэд тээсэндээ балмагдаж, шаналж, бодлогогүй алхам хийн үр хөндүүлснээс ахин хэзээ ч “ээж” гэж дуудуулах тавилангүй хоцорсон эмэгтэйчүүд ч олон. Тиймдээ ч, амьдралын утга учир болсон үр хүүхэдгүй энэ насыг туулж яваа ганц бие, харж хандах хүнгүй “гоонь” хүмүүсийн тухай баримтыг дурьдана гэвэл тоочоод ч барамгүй олон түүхийг өгүүлэх болов уу.

Гэтэл хүсээгүй хүүхдээ хэвлийдээ тээхээс татгалзсан эмэгтэйчүүдийн цуваа улсын болон хувийн эмнэлгүүдийн босгыг элээх болоод 20-иод жил өнгөрчээ. Энэ бол тэдний хүн төрөлхтөний эсрэг хийж буй “чимээгүй аллага”.  Учир нь тэр эмэгтэйгээс төрөх байсан “азгүй” үр магадгүй эмээ өвөө, өвөг дээдсийн тань эргэн төрөх цорын ганц боломж ч байсан юм билүү. Гэвч энэ асуудал “чимээгүй аллага”-ыг сонголтоо болгосон тэдгээр эмэгтэйчүүдийн ганцаараа хүлээх хариуцлага биш. Түүнийг хайрлаж энхрийлж, “үр”-ээ үлдээсэн эрчүүдийн хүлээх хариуцлага хэдий ч хэвлийгээ “төнхүүлж” гол тасрам өвдөлт мэдэрдэг нь зөвхөн эмэгтэйчүүд байдаг нь харамсалтай. Тиймдээ ч эр хүн гэдэг эмэгтэй хүн төрөхдөө ямар их хатуужил гаргаж, тэсч тэвчимгүй өвдөлтийг даван туулж байж энэ хорвоод “шинэ хүн” бэлэглэдэг гэдгийг хэзээ ч  мэдэрч чаддаггүйдээ “үр хөндүүлнэ” гэдгийг нэг их тоодоггүй болов уу.

Захын нэг эмэгтэйчүүдийн эмнэлэгт очоод сонирхоод үзээрэй. Өдөрт үзүүлэх нийт эмэгтэйчүүдийн 80 орчим хувь нь “үр хөндүүлэх”-ээр тэнд очсон гэдгийг эмч батлаад өгнө. Тухайн эмч өөрийн хүлээсэн үүрэг ёсоор “үр хөндөлт” хийх сонголтын сөрөг талыг удтал тайлбарлаж, тээж буй хүүхдээ төрүүлэх хэрэгтэй хэмээн зөвлөдөг. Гэвч хосоороо очсон залуус “Хүүхэдтэй болоход хэтэрхий залуу байна. Хүүхдээ өсгөж чадахгүй, амьдрал хөл дээрээ тогтоогүй” гэнэ. Харин ганцаараа очсон зарим нэг эмэгтэй нь “Олон хүүхэдтэй одоо дахиж хүүхэд нэмж өсгөх чадалгүй.

Эцэг нь хүүхэдтэй болохыг хүсэхгүй байна, тэр намайг хаячихсан. Найзуудтайгаа наргиж яваад нэг залуутай “унтчихсан юм”, тэр эцэг болж чадахгүй. Нөхөр маань архичин хүүхдээ өсгөх боломжгүй” гээд л түмэн шалтгаан тоочдог гэх вий.  Тухайн эмч хэдийгээр “эмчлэх”, “эмчилгээ” хийх үүрэгтэй ч түүнд мөнгө хэрэгтэй, ажлаа хийх ёстой хэмээн тэднийг хэсэг ятгаад сонголтоо хийх эрхийг эмэгтэйд үлдээнэ. Энд тухайн эмнэлгийн “үр хөндөлт” хийх эрх авсан эсэх нь хэн хэнд нь огтхон ч хамаагүй, харилцан тохиролцох хэрэгцээ шаардлагын дагуу асуудлыг шийднэ. Хамгийн гол нь,  тэр эмэгтэй “ үр хөндүүлэх” гэж л түүний эмнэлэгт ирсэн учраас сонголтоо хийх нь мэдээж.

Ингэхдээ “Өөрийн хүсэлтээр жирэмслэх явцыг таслан зогсоохыг зөвшөөрч байна. Ямарваа нэгэн асуудал гарвал хариуцлагыг өөрөө хүлээнэ” гэх утга бүхий хэдэн өгүүлбэрийг бяцхан цаасан дээр гарын үсгийн хамт бичүүлж авдаг. Тэдний энэхүү “нууц хуйвалдааны ханш”  40.0- 200.0 мянган төгрөг. Хувийн эмнэлгийн хувьд тухайн эмч өөрөө, улсын эмнэлэгт бол хэн нэгэн эмч нь дарааллын дагуу “ээлжит”дуудлагад бэлэн байдаг ёсоор цаанаасаа дуудагдаж ирнэ. Тун удахгүй буюу ердөө  таван минут ч хүрэхгүй хугацаанд тэдний энэхүү “чимээгүй аллага” эмэгтэйчүүдийн өндөр орон дээр үргэлжилдэг.

Энэ үеэр эмэгтэй “Намайг уучлаарай, эргэж ээждээ төрөөрэй, надад өөр сонголт байгаагүй. Би их том нүгэл үйлдчихлээ, яанаа. За ингээд хүүхдээ авахуулчихлаа, хүнд мэдэгдэхгүй юм шүү. Ямар аймаар өвддөг юм бэ, бушуу дуусаасай” гэж өөрийгөө зөвтгөж, буруутгасан хором үргэлжилнэ.  Эмч “За болчихлоо. Тэр орон дээр жаахан хэвтэж байгаад гараарай. Гэртээ очоод мөөгтэй шөл, юмдүүжин буцалгаж уугаарай, энэ хэдэн антибиотекийг уувал үрэвсэлээс сэргийлнэ. Хүндрэл үүсвэл энэ дугаараар эргэн холбогдоорой” хэмээн жор бичсэн цаас, утасны дугаарын хамт түүнд өгдөг.  Магадгүй энэхүү бичиж байгаа минь хэн нэгэнд хэдийн танил зүйл, нөгөөд нь аймшигтай, зарим хүмүүст нь байж болшгүй мэт санагдах л байх.

Гэвч таны эхнэр, найз бүсгүй, охин, хэн ч байлаа “үр хөндүүлэх” гэдгийг биеэрээ мэдэрч үзээгүй нэгэн ховорхон л таарах вий. Хүсээгүй хүүхдээ “тавхан хором”-д хаана ч хэзээ ч төрөхөөргүй болгон асуудлыг шийдэх нэгэн байхад тээж төрүүлээд нохойноос дор хээр, гадаа орхидог зарим нь ч байх юм. Ямар сайндаа л сүүлийн үед хогийн цэгээс нялх хүүхдийн цогцос олдлоо, зочид буудлын өрөөний орон доороос гурван сартай хүүхдийн  цогцос олдлоо гэх мэт сэтгэл сэртхийлгэж, зүрх базлуулам аймшигт мэдээлэл цацагдаж байхав.

Магадгүй тэр эмэгтэй амьдралын олон хэцүү асуудалтай, түүнийгээ шийдэж чадахгүйдээ, зөвхөн өөрөөсөө холдуулах л гэсэн “богинохон”  бодолдоо автсан байх. Гэвч үр хүүхдээ хог шиг хаядаг тэдгээр эмэгтэйчүүд “чимээгүй аллага” үйлдэгчдээс ч аймшигтай хүн дүрст “араатан”  гэж нэрлэхээс өөрөөр зөвтгөж хэлэх нэг үг ч олдохгүй нь. Хүүхэд гэдэг таны мах цусны тасархай болохоос арчаад хаячихдаг “амны цаас” биш байлтай.

Гэтэл эцэггүй хэмээн хэлэгдэх байсан  ч хамаагүй миний хүүхэд. Би хүүхдээ өсгөж чадна хэмээн арван сар тээж, төрүүлж өсгөсөн тавхан сартай балчир охиноо алдчихаад шаналж суугаа 20 дөнгөж гарсан жаахан бүсгүйн зовлонг яалтай. Хөөрхий бүсгүй өнгөрсөн таван сараас охиноо үл таних эмэгтэйд алдчихаад хөхний сүү нь ширгэж, нүдээ хавдтал уйлж, өдөр хоногийг өнгөрүүлж байна. Түүнтэй уулзаж, ярилцаж суухдаа жижигхэн биедээ ахдам зориг тэвчээрийг туулж байгааг хараад өрөвдөх сэтгэл төрж байсан юм.

Сонсож суухад ч сэтгэл өвдмөөр түүний “охинтойгоо уулзах цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэж нулимсанд халтартсан нүдээ нухлан байж итгэлтэй хэлэхийг нь сонсоход миний ч урам сэргэх шиг болсон. Тиймдээ ч охиныг нь авч явсан эмэгтэй хэзээ нэгэн цагт эргүүлэн өгөх байхаа, тэгээд ч үрийн заяа түших байлгүй дээ гэсэн итгэлийн үгээр аргадаахаас өөрийг хэлж чадаагүйгээ нуух юун.

Энэ бол өнөөдөр, бидний хэнд ч тохиолдох амьдралын бодит үнэн түүх. Энд ямар нэгэн албан ёсны статистик тоо баримт, хэн нэгний нэр ус хаяг, элдэв “ноцтой” асуудлыг бичихийг хүссэнгүй. Учир нь энэ амьдрал гэгч агуу ертөнцийн эзэн нь зөвхөн бичсэнийг минь уншиж буй та. Хүний амьдралд тулгарах олон саад бэрхшээл, “зовлон бартаа” бий. Гэхдээ хэцүү гэж бодсон саад бэрхшээл бүр зөвхөн цаг зуурын асуудал  гэдгийг ойлгож ухаараасай. Магадгүй би хэн нэгэнд таалагдахгүй, мэддэг зүйлийг нь бичсэн “ядаргаатай” санагдсан байхыг ч үгүйсгэхгүй.

Гэвч яг одоо бидний амьдарч буй энэ цаг үед та алдар нэртэй, эсвэл эгэл жирийн хэн ч байсан хэзээ ч мартахгүй дурсаж явах хүн бол таны үр хүүхэд. Магадгүй та өнөөдөр, яг одоо “хэвлий” дэх үрээсээ, хүүхдийг тань тээж буй тэр нэгэн эмэгтэйгээс татгалзаж сонголтоо хийснээр  амьдралын тань үргэлжлэл дахин хэзээ ирэхгүй “цэг” тавигдах вий. Амьдрал хэцүү байна, үр хүүхэд тээж төрүүлэх өсгөх чадалгүй, надад хамаагүй  хэмээн өөртөө итгэлгүй, хэнэггүй хандах ч хэрэггүй. Яагаад гэвэл та энэ орчлонд амьдарч байгаа гэдэг чинь хамгийн чухал. Бэрхшээл бүрийн цаана “жаргалын үүд” нээгдэж байдаг юм.

Тиймдээ ч монголчууд хүүхэд гэдэг хоол хүнстэйгээ төрдөг буянтай гэж хэлдэг нь үнэн үг. Үрийн заяа түшиж амьдрал аяндаа болоод л ирнэ. Хамгийн гол нь үр хүүхдээ зовоохгүй байж, тэдэндээ өөрийн бэрхшээлээ “нялзаалгүй”өсгөх нь таны үүрэг. Тэд бол хамгийн ариун, юугаар ч сольшгүй эрхэм нандин эрдэнэ. Хүүхэд гэдэг ариун эрдэнийг “хог” шиг хаяж, араатан болох уу, “тавхан” хормын нүгэл үйлдэж “чимээгүй аллага” үйлдэгч гэмтэн болох уу. Хүсээгүй хүүхдээ орчлон хорвоогоос “буцаах”-ыг, хүссэн цагтаа  баяр хөөрөөр “дүүрэн” угтах уу. Сонголт зөвхөн “эрхэмсэг” ариун эмэгтэй, гүндүүгүй сайхан “монгол эр”  хүн та нарынх.

Ээж аавдаа хайрлуулж,  гэр бүлийн хайрыг мэдэрч чадаагүй “хэвлийдээ гологдсон”, төрсөн хойноо ч “хог” шиг хаягдсан хөөрхий “азгүй” үрс минь уучилж өршөөх болтугай. Хэзээ нэгэн цагт гологдсон тэдэндээ эргэн төрж, үр хүүхэд гэж ямар эрхэм гэдгийг ухааруулна гэдэгт итгэж байна. Монголын үрс маш олон болтугай. Хурай хурай.

Нийтлэлийг П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version