Д.Нарангэрэл: Өвчлөл нэмэгдвэл тэтгэвэрт гарсан эмч нарыг дайчилна
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө.
Тэрээр “2021 оны нэгдүгээр улиралдаа багтааж вакцин оруулж ирэхээр ажиллаж байна. Хүн амынхаа 60 хувийг вакцинжуулж сүргийн дархлаа тогтоовол өвчлөл буурна. Нэг хүний эмчилгээнд 8 сая төгрөг зарцуулж байгаа нь зөвхөн эм хэрэглээнээс гадна ажиллаж байгаа ажилтны цалин, хамгаалах хувцас хэрэгсэлд зарцуулагдаж байна.
Ажил дээрээ, дотоод орчинд амны хаалт зүүхгүй нь халдвар тархах эрсдэлийг нэмж байна. Тиймээс дотоод орчинд ч амны хаалт зүүж, ажилтнуудын ширээ хоорондын зайг хол байрлуулах ёстой. Мөн өвчний шинж тэмдэг илэрсэн ажилтнаа ялгаварлан гадуурхах тохиолдол гарч байна.
Хэрэв ажилтан халуурсан бол гэр рүү нь шууд явуулж болохгүй. Учир нь тухайн хүн гэртээ харих замдаа нийтийн тээврээр үйлчлүүлэх гэх мэт олон хүнтэй хавьтал болно. Тиймээс албан байгууллага бүр оффистоо тусгаарлах өрөөг бэлдэх ба халдварын шинж тэмдэг илэрсэн ажилтнаа тэрхүү өрөөндөө тусгаарлаад шуурхай дуудлагын 119 дугаар руу залгаж мэргэжлийн эмчийн зөвлөгөөг аван шаардлагатай.
Ирэх гуравдугаар сараас өвчлөл нэмэгдэх хандлагатай. Өвчлөл хүндэрч, эмч хүрэлцэхгүй болоход тэтгэвэрт гарсан эмч нарыг дайчилна.” гэлээ.