УИХЗасгийн газарОнцлохШинэ мэдээ

Шинэ Засгийн газрын сайд нар тангарагаа өргөлөө

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бүрдүүлсэн шинэ Засгийн газрын сайд нар Ерөнхий сайдаас захирамжаа гардав. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын сайд нартаа хандан “Ойрын хугацаанд эдийн засаг, нийгмийн амьдралаа хэвийн үргэлжлүүлэхийн төлөө хамтран ажиллая. Цар тахлын эсрэг дайнд ялалт байгуулахын төлөө хамтран ажиллая” гэлээ. 

Засгийн газар буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллах сайд нар

  1. Шадар сайд С.Амарсайхан,
  2. МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж,
  3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан,
  4. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар,
  5. Сангийн сайд Б.Жавхлан,
  6. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,
  7. Соёлын сайд Ч.Номин,
  8. Эрүүл мэндийн сайд С.Энхболд,
  9. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-амгалан,
  10. Хөдөлмөр, нийгмсийн хамгааллын сайд А.Ариунзаяа,
  11. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх,
  12. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар,
  13. Батлан хамгаалах сайд Г.Сайханбаяр,
  14. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар,
  15. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон,
  16. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан

Шинэ Засгийн газрын сайд нар захирамжаа гардан авсаны дараа Төрийн ордонд тангараг өргөлөө. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө” гэж заасан.

Энэ үндсэн дээр УИХ-аас 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулж баталсан. Уг зохицуулалтаар “Засгийн газрын гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, төрийн зүтгэлтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, төрийн болон албаны нууцыг хадгалах үүрэгтэй. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг УИХ тогтоодог юм.

Засгийн газрын гишүүн “Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн УИХ-д тангараг өргөв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version