ХАА-н салбарОнцлохШинэ мэдээ

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар санал авав

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос 18 аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоодын Гүйцэтгэх захиралуудтай “Хоршооны талаарх төрийн бодлого зохицуулалт болон хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн хүрээнд цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Цахим уулзалт, хэлэлцүүлгийг нээж МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг хэлэхдээ “Хоршооны талаарх төрийн бодлого зохицуулалт болон хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн ажлын хэсэг хэлэлцээд УИХ-аар батлуулна. УИХ-аар хэлэлцэгдэхээс өмнө уг хуулийг уншиж судалж, та бүхнээс нэмж оруулах  заалт, эсвэл хасуулах ямар заалт байна.  Юунд анхаарах хэрэгтэй талаар ярилцаж, саналыг нэгтгэн ажлын хэсгийн гишүүдэд хүргүүлэх  хүсэлтэй байгаа тул энэхүү цахим уулзалтыг  хийж байна. Миний хувьд хоёр асуудлыг онцолж байна. Хоршооны дансаар орж ирсэн мөнгөөр татвар, нөат авдаг учраас  хоршоогоор дамжуулж худалдаа арилжаа хийх асуудал багассан байсан. Тэгвэл малын гаралтай түүхий эд худалдан борлуулах болон зуучлахад татвар авахгүй гэдэг зохицуулалт орсон байна. Мөн бэлчээрийг  ашиглах, эзэмшүүлэх талын асуудал байна. Хуулийн төсөлд Хөдөө аж ахуйн хоршоо нь  100-аас доошгүй гишүүнтэй байна. Хоршоо нь хүсвэл бэлчээрээ эзэмших боломжтойгоор энэ хуулинд зохицуулалтыг хийсэн байна. Энэхүү  “бэлчээр” гэдэг асуудлаар зөвлөж санал авахыг хүслээ. Та бүхэн саналаа хэлээрэй” хэмээн онцлов.

Цахим уулзалтад оролцогчид энэ үеэр “Энэхүү хуулийн төслийг уншиж танилцаад хэд хэдэн санал хэлэхийг хүслээ. Хоршоог эв санаагаар нэгдэж байгуулдаг. Эдийн ба оюуны  өмчөөр хувь нийлүүлсэн гэсэн нь утга агуулгын хувьд бүрхэг  байна. Хоршооны гишүүн гэдэгт тухайн дүрмийг хүлээн зөвшөөрсөн хүнийг хэлдэг. Тэр агуулгыг оруулаагүй байна.

7.5 заалт дахь бэлчээрийн гэдэг үгийг хасуулах саналтай байна. Малчид өөрсдөө бэлчээртээ мал сүргээ адгуулан маллаж чадахгүй шахам бэлчээр нь хүрэхгүй  отрын бүс нутаг, нөөц бэлчээрээ ашиглаж байгаа. Хоршооны газрыг түрээслэх, эзэмших гэж аваад  өөр үйл ажиллагаа явуулах магадлалтай тул бэлчээрийн гэдэг заалтыг хасуулах саналтай байна.

Борлуулалтын орлого гэдэг хэсэгт бараа ажил үйлчилгээ гэж оруулсан байна. Бараа, түүхий эд, бүтээгдэхүүний гэж оруулах нь зөв санагдлаа. 9.3 дугаар заалтад хөдөө аж ахуйн  үйлдвэрлэл эрхэлдэг хоршооны тоо 100 гаас доошгүй байна гэжээ. Хоршооны тоо бус гишүүний тоо гэх нь зөв гэж бодож байна.

Зээл олгох гэж байна. Энэ нь зээл, хадгаламжийн үйл ажиллагааг санхүүгийн эрх бүхий байгууллага хийнэ гэдэг заалттай зөрчилдөж байна. Мөн 24.2-т хоршооны гишүүн хууль дүрмэнд заасан журмын дагуу бусад гишүүдийн бүртгэлтэй танилцаж болно гэж заасан байна. Энэ байж боломжгүй заалт.

Хоршооны үйл ажиллагаанд оролцоогүй буюу хүндэтгэн үзэх шалтгаангүй 2 удаа хурал тасалвал хоршооноос хасна гэжээ. Энэ бол арай л хатуу заалт байна.

33.2-т нэг гишүүний хувь нийлүүлэх хөрөнгийн хэмжээ 10 хувиас хэтрэхгүй байна. Энэ нь 100 гаас доошгүй гишүүнтэй  хоршоонд хамраахгүй гэж заасан байна. Бүх гишүүд нь тэнцүү хувь нийлүүлэх ёстой. Хоршоод эзний шинжтэй болдог гол шалтгаан бол тодорхой хувь зааж өгсөнөөс болдог. Тухайлбал, Хадгаламж зээлийн хоршоо 100 гишүүнтэй байхад 9 гишүүн нь тус бүр 10 хувийн хөрөнгө оруулалт хийж 90 хувийг эзэмшиж, үлдсэн 10 хувийг 91 хүн эзэмшэх хуулийн цоорхой байдаг. Тиймээс ийм асуудал үүсгэхгүйн тулд хоршоо бол хувь нийлүүлсэн хөрөнгийнхөө хэмжээгээр ашиг орлогыг тэнцүү хувааж авдаг агуулга орвол зүгээр санагдана.

Анхан шатны хоршоо нь заавал аль нэг мэргэжлийн хоршооны гишүүн байна гэж оруулжээ. Мэргэжлийн хоршоонд бүртгэлтэй байх эсэх нь тухайн хоршооны сайн дурын асуудал. Гэтэл заавал  мэргэжлийн хоршоонд заавал татвараа төлнө гэж хатуу заасан байна. Хадгаламж зээлийн хоршоодын холбоо гэхэд сайн дурын үндсэн дээр л гишүүн болдог.

Бүх хоршоодыг нэгтгээд Дундын хоршоо байгуулахад аль нэг хоршооны дарга нь Тэргүүлчдийн зөвлөлийн даргаар сонгогддог байсныг давхар ажиллахыг хориглоно гэж заасан байна. Энэ заалт амьдралд нийцэхээргүй гэж харагдаж байна. Хоршооны гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд нь хоршооны гишүүн бус байна гэжээ. Малчны хоршооны гүйцэтгэх захирлаар огт өөр хүн ажиллах болсон байна. Эсрэгээрээ хоршооны гүйцэтгэх удирдлагаар хоршооны гишүүн нь ажиллаж болно гэж заах нь зөв юм. Хоршооны гишүүд нь хотод байх бол тухайн орон нутаг дахь бэлчээрийн асуудал, тэнд байгаа малчдын асуудлыг мэдэхгүй” зэргээр саналаа хэлж, зөвлөлдсөн юм.

Цахим уулзалтыг зохион байгуулагчдын зүгээс оролцогчдын ирүүлсэн саналууд, хэлэлцүүлгийн материалыг эмхэтгэн, Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсэгт хүргүүлэн, боломжит саналуудыг тусгуулах тал дээр хамтран ажиллахаар боллоо.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version