“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 46 дахь жилийн “Эрдмийн баяр” болно
Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 46 дахь жилийн төгсөлтөд зориулсан “Эрдмийн баяр” өнөөдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдана. Энэ хичээлийн жилийн намрын улиралд тус сургуулийг магистрын 14, бакалаврын 67, нийт 81 оюутан төгсөж байна. Эдгээр оюутнуудаас амжилттай суралцсан Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр төгсөгч М.Азжаргал, Б.Ганцоож, Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлээр төгсөгч С.Сундуйжанцан нар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллах эрхийн батламж гардаж авах болзлыг хангажээ. Батламжийг “Эрдмийн баяр”-ын үеэр гардуулах юм. Тус сургуулийг амжилттай төгссөн төгсөгчдөд Эрдэнэт үйлдвэрт ажиллах эрхийн батламжийг 2014 оноос гардуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд нийт 35 шилдэг төгсөгч уг батламжийн эзэн болжээ.
“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль уул уурхайн салбарын дээд боловсролтой инженер, техникийн мэргэжилтэй боловсон хүчнийг 46 дахь жилдээ бэлтгэж байна. Энэ хугацаанд уул уурхайн 22 төрлийн нарийн мэргэжлийн 121 мянга гаруй ажилчид, 3000 орчим инженер бэлтгэгдэж, Эрдэнэт үйлдвэрийн төдийгүй улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байна.
М.Балжинням
Фото Б.Баттөгс