Улс төрАН

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг 47 гишүүн дэмжсэн

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийсэн бөгөөд хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дэд дарга С.Одонтуяа болон УИХ-ын гишүүн А.Бакей нар мэдээлэл өглөө.
Бүлгийн дэд дарга С.Одонтуяа хэлэхдээ  “Энэ удаагийн хуралдаанаар уламжлал ёсоор Ерөнхий сайд болон УИХ-ын даргын мэдээллийг сонслоо. Мөн Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хууль санаачлагч Н.Батбаяр гишүүний мэдээллийг сонслоо.
Тэрээр мөн зургаан гишүүний хамт өргөн барьсан “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслөө танилцуулсан. Анх 1995 онд баталж байсан Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийг өнөөдөр ашиглах боломжгүй болсон.
Манай улс 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудлаар анх удаа бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулж байсан. Энэ удаагийн санал асуулгыг 11 дүгээр сарын 26-нд буюу Монгол Улсын анхны Үндсэн хууль батлагдсан өдрийг сонгож хийхээр төлөвлөөд байна.
Үндсэн хуулийн 3-р зүйлд “Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж заасны дагуу Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах, эсэх асуудлаар нийт ард түмнээсээ асууж шийдвэрлэх нь зүйтэй гэдэг дээр Ардчилсан намын бүлгийн гишүүд санал нэгдсэн.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх талаар дүгнэлт гаргах Л.Цог гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд эрдэмтэд судлаачдыг хамруулан маш өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсний дүнд Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай юм байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Одоогийн байдлаар 47 гишүүн Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж, гарын үсэг зураад байна. Санал асуулгаар нийт иргэдийн дийлэнх нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн  хариулт өгвөл уг хуулийн төслийг чуулганаар хэлэлцэнэ. Ардчилсан намын бүлгийн гишүүдээс энэ хуулийн төсөлтэй холбогдуулан хэд хэдэн зүйлийг онцлон хэлж байгаа.

Нэгдүгээрт, өнгөрсөн 25 жилд бий болсон засаглалын тогтворгүй байдлыг өөрчлөх шаардлагатай байна. Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хооронд зөрчил үүсдгээс засаглалын тогтвортой байдал алдагдаад байгаа. Мөн хороог сумтай адилтгаж үзэж байгаа нь зохисгүй.   Нийслэлийн нэг хороо гэхэд хэд хэдэн сумын хүн амтай дүйцэх олон оршин суугчтай. Иймд засаг захиргааны нэгжийн асуудлаар тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг гишүүд хэлж байлаа.

Малчны тэтгэвэртэй холбоотой асуудал Улсын Их хурлаар яригдаж эхлээд нэлээд хэдэн жил өнгөрч байна. Д.Батцогт нарын 17 гишүүн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан, 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн. Малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулах биш харин тэтгэврийг нь тооцохдоо ажилласан жил бүрийг 1,2 жилтэй дүйцүүлэн тооцох нь илүү үр ашигтай хэмээн үзсэн байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд талаар Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцууллаа. Дэлхий даяар тэрбум гаруй Хөгжлийн бэрхшээлтэй иргэн /ХБИ/ байгаагаас 650 орчим сая нь Ази тивд амьдарч байна. Монгол Улсын хэмжээнд нийт 110.000 гаруй ХБИ бүртгэгдсэн байгаа. Үүнээс 34 хувь нь төрөлхийн, 64 хувь нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог хэрэгцээнд тохируулсан тухайн орчин болон үйлчилгээг бий болгох зохицуулалт байхгүй байгаа нь тэднийг ялгаварлан гадуурхалтанд өртөх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Мөн нийгмийн харилцаанд бусадтай тэгш оролцох гол нөхцөл болох нийтийн тээвэр, зам барилга байгууламж, мэдээлэл, харилцаа холбооны хүртээмж хангалтгүй байгаа зэрэг асуудал нь энэ хуулийг шинэчлэн найруулах шаардлагыг бий болгож байна.

Ардчилсан намын бүлэг энэ өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдээс гадна Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Х.Тэмүүжин нарын таван гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төсөл мөн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,  Oлон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ.

Түүнчлэн Р.Бурмаа нарын 8 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн Сонгуулийн тухай хуулийн төслийн талаар талаар мэдээлэл сонслоо гэв.

А.Бакей: Сонгуулийн маргааныг 60 хоногийн дотор шийдвэрлэдэг болно

УИХ-ын даргын захирамжаар парламентад суудалтай бүх нам, эсвлийн төлөөллөөс бүрдсэн Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан багагүй хугацаанд ажиллалаа. Хууль батлагдвал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, УИХ-ын сонгуулийн тухай, Орон нутгийн сонгуулийн тухай гэсэн гурван хуулийг нэг хуулиар зохицуулна. Дотроо хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт дээрх гурван хуульд байх ёстой нийтлэг зүйлийг зохицуулсан байгаа. Хоёр дахь хэсэгт тус бүрийн онцлогтой холбоотой зохицуулалтуудыг хийж өгсөн.

Үүнээс гадна Су.Батболд нарын өргөн барьсан, Х.Тэмүүжин нарын өргөн барьсан гээд Сонгуулийн хуулийн хоёр ч төсөл байна. Ээлжит сонгуулийн санал өгөх өдрөөс 6 сараас дээш хугацаанд багтааж Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломжтой. Иймд энэ хуулийг хэлэлцэн батлахад маш бага хугацаа үлдээд байна. Маргаашнаас энэ гурван төслийг хамт хэлэлцэж эхэлнэ.

Сонгуулийн хуульд оруулсан гол өөрчлөлтүүдийн талаар товч мэдээлэл өгье. Тогтолцооны тухайд холимог хэлбэрээ хадгалж явах нь зүйтэй гэж үзсэн.  76 мандатаас 48 нь мажоритор, 28 нь пропорциональ систем хэвээр байна. Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах хуваарийг санал авах өдрөөс нааш тооцохоор тусгасан. Ингэснээр сонгогчид болон сонгуулийн зохион байгуулагчдад ойлгомжтой байх болно. Мөн УИХ-ын сонгуулийг Орон нутгийн сонгуультай хамт нэг өдөр зохион байгуулна. Урьд өмнөх сонгуулиудад бусдын бичиг баримтыг ашиглан сонгууль өгөх зөрчил гардаг байсан.

Одоо сонгуулийн санал өгөх систем бүрэн автоматжсан учир хурууны хээгээ таниулах замаар саналаа өгөх бүрэн боломжтой болж байгаа. Дараагийн нэг чухал асуудал зарим хэсэгт нөхөн сонгууль явуулах шаардлага гардаг. Өмнөх сонгуулиудад нөхөн сонууль явуулах цаг хугацааг хуульд тодорхой зааж өгөөгүйгээс болж ойлгомжгүй байдал, маргаан нэг бус удаа үүсч байсан. Тийм учраас хуулийн төсөлд дахин болон нөхөн сонгууль явуулах 6 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн бүтэн сайн өдөр, эсвэл 10 дугаар сарын эхний долоо хоногийн бүтэн сайн өдөр улс даяар зохион байгуулахаар зааж өгсөн. Сонгогчид болон нөхөн сонгуульд нэр дэвшигчдэд ойлгомжтой байх үүднээс ийм зохицуулалтыг нэмж оруулсан.

Шинээр байгуудагдсан нам, эвслийн хувьд сонгууль болох өдрөөс 180 хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлага тавьж байгаа. Сонгуулийн хэсгийн хорооны нэрийг “Сонгуулийн сонгогчдын санал авах, тоолох ажлыг зохион байгуулах нэгж” гэж өөрчилж байгаа. Энэ нэгж нь сум, дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд харьяалагдана. Ахлах болон зохион байгуулагчаас бүрдсэн 5-7 хүний орон тоотой байна. Ахлах зохион байгуулагч нь сонгууль зохион байгуулахтай холбоотой хууль, эрх зүйн хариуцлага хүлээнэ.

Аймаг дүүрэгт байгаа байнгын бус ажиллагаатай сонгуулийн хорооны ажилчдыг төрийн үйлчилгээний болон төрийн захиргааны албан хаагчдаас бүрдүүлнэ. Эдгээр  хүмүүсийг сонгуулийн хууль тогтоомжийн хүрээнд сургалтад хамруулж зохион байгуулалтад татан оролцуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. МАН-ын бүлгээс санаачилсан Сонгуулийн тухай хуулийн төсөлд сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд улстөрийн нам, эвслийн төлөөлөл орох хэрэгтэй гэж үзсэн байсан. Үүнийг хэлэлцэх явцдаа шийдэх байх.

Сонгуулийн маргаан шийдвэрлэх хугацааг 60 хоногоос хэтрүүлж болохгүй гэж зааж өгч байгаа. Ээлжит сонгууль өнгөрснөөс хойш бүтэн дөрвөн жилийн дараа дараагийн сонгууль эхлэх хугацаа хүртэл маргаан үргэлжлэх ч тохиолдол байсан. Тийм учир сонгуулийн дараа гарсан маргааныг 60 хоногийн дотор шүүхээр эцэслэн шийдвэрлэх ёстой гэж тусгалаа.

Сонгуулийн компанит ажлын зардлыг байж болох хамгийн бага хэмжээнд байлгаж зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Нэр дэвшигчийн хувиасаа гаргадаг хөрөнгийг данс бүртгэлтэй болгож, хяналт тавих асуудлыг хуульчилж байна. Сонгуулийн зардлын дээд хэмжээг Сонгуулийн ерөнхий хороо тогтоодог байсныг болиулж, илүү мэргэшсэн байгууллага гэдэг үүднээс Үндэсний аудитын газраас тогтоодог болох нь зөв гэж үзэж байгаа. Сонгуулийн мөнгөн хандивын хэмжээг мөн шинэчлэн тогтоож байгаа. Иргэн гурван сая төгрөг хүртэл, хуулийн этгээд 15 сая төгрөг хүртэл мөнгөн хандив өгч болно гэж зааж өгсөн.

Сонгуулийн хэвлэл мэдээллийн сурталчилгааг тодорхой хэмжээгээр зохицуулах асуудлыг тусгасан. Үүнд хамгийн гол нь улстөрийн намууд болон нэр дэвшигчдэд хэвлэл мэдээллийн сурталчилгаа тэнцвэртэй байх нөхцөлийг хангах хэрэгтэй гэж үзэж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэй сурталчилгааны нэвтрүүлгийн нэг хоногт гарах хугацаа нь 60 минут буюу нэг цаг байна. Нэг цагийн 15 минут нь аль нэг нам, нэр дэвшигчид ногдохоор зохицуулалт хийсэн. Үндсэндээ ийм гол гол өөрчлөлтийг оруулсан.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Су.Батболд нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн бас нэг хууль бий. Сонгуулийн тухай хуулийн 26.6 дахь заалт дээр Үндсэн хуулийн цэц хориг тавьчихсан байгаа. Одоо их суудлын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Тэр заалтад “төрийн улстөрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч УИХ-ын сонгуульд нэр дэвших бол тухайн сонгуулийн жилийн 1 дүгээр сарын 1-нээс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэж заасан. Энд жирийн эмч, багш бүгд чөлөөлөгдөхөөр байгаа. Энэ хэсгийг Үндсэн хуулийн өөрчлөлтөд хүргэхгүйгээр хууль хоорондын зохицуулалтыг уялдуулж, төрийн үйлчилгээний жирийн албан хаагч сонгуульд нэр дэвшихээр бол ажлаа хийж байгаад нэр дэвших эрхийг нь олгоё гэж байгаа. Ингээд маргаашнаас энэ гурван хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Сонгуулийн хууль болон Үндсэн хуулийн өөрчлөлт хоорондоо хэр уялдаатай байгаа вэ? Хугацааны хувьд эдгээр хуулийн өөрчлөлт амжиж батлагдах уу? Ихэвчлэн маргаан дагуулдаг “хар машин”-ы асуудлыг хуулийн төсөлдөө яаж тусгасан бэ?
С.Одонтуяа: Үндсэн хуулийн өөрчлөлтийг цаг бага байгаа учраас яаравчилъя гэхээс илүүтэй эхлээд ард нийтээс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах нь зөв үү гэдгийг санал асуулгаар асууна. Энэ хуулийн хэлэлцэх эсэх нь дэмжигдвэл тойргуудаар 76 гишүүн тойрч Үндсэн хуулийн ямар заалтуудад өөрчлөлт оруулахаар бэлдэж байгаа талаар иргэдэд мэдээлэл өгч ойлгуулна. Үүний үндсэн дээр иргэд санал асуулга өгөх өдрөө тодорхой мэдээлэлтэй оролцоно. 2011 онд Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлахдаа Ард нийтийн санал асуулгын тухай хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах байсныг оруулаагүй юм билээ. Үүнийг одоо хийх гэж байна

Бид ард нийтийн санал асуулгыг явуулахдаа “хар машин”-аар явуулъя гэсэн саналтай байгаа. Нэгдүгээрт, санал тоологч машинаа шалгана, хоёрдугаарт, цаг хугацаа хэмнэж, санал асуулгыг сонгууль явуулдагтай адил хурдан шуурхай зохион байгуулна гэж үзэж байгаа. Эдгээр өөрчлөлтүүдийг тусгаж өгсөн.

А.Бакей: Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн хуулийн төсөл мэдээж хоорондоо уялдаатай байгаа. Хэлэлцүүлгийн шатанд нь ч мөн зайлшгүй уялдуулж авч явах нь зүйтэй гэж үзэж байна. Жишээлбэл, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын сонгуулийг ямар хэлбэрээр явуулах вэ гэсэн асуудал байгаа. Багаасаа эхлэн дээд шат руугаа явуулах хэрэгтэй гэсэн санал Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгасан байгаа.

Хэрвээ Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл нь дэмжигдчихвэл Сонгуулийн тухай хуульдаа энэ өөрчлөлтөө тусгаад явах боломжтой байгаа. Ямар ч байсан амжуулахыг хичнээнэ. Өнөөдөр л энэ байдлыг засахгүй бол 2016 оны сонгуулийн дараа төрийн эрхэнд аль ч нам гарсан ялгаагүй  улс төржсөн, талцсан байдал хэвээрээ байх болно. Тийм учраас улс төрийн хүчнүүд, УИХ-д суудалтай нам эвслийн бүлгүүд улс төрийн зориг гаргаж зөвшилцөөд явах ёстой.

“Хар машин” буюу санал тоолох төхөөрөмжөөр 2012 оны УИХ, Орон нутгийн сонгууль мөн Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулж, хяналтын тооллого явууллаа. Санал тоолох төхөөрөмжөөс хяналтын тооллого зөрсөн /зөрчсөн/ юм байхгүй. Энэ бол техикийн дэвшил. Хуулийн төсөлд хяналтын тоог нэмэгдүүлэхээр тусгаж байгаа. Сум бүрээс нэг, дүүрэг бүрээс хоёр байхаар оруулж байгаа.

-Гишүүдийн тоог 99, хугацааг нь таван жил болгох тухай яригдаж байгаа. Ямар шалтгаанаар гишүүдийн тоог нэмж байгаа юм бэ?

С.Одонтуяа: Үндсэн хуулиа өөрчлөх үү, эс өөрчлөх үү гэдгээр ард нийтийн санал асуулга явуулаад  өөрчлөлт оруулах нь зөв гэсэн дүгнэлт гарвал бид тус хуулийн өөрчлөлт рүү орно. Манай улсын хүн амын тоо гурван сая боллоо. Гишүүдийн тоо болон парламентын бүрэн эрхийн хугацааг  нэмэх тухай яригдаж байгаа. Гэхдээ гишүүдийн санал хураалтаар шийдэгдэнэ.  Ард нийтийн санал явуулахын өмнө ямар зүйл заалтууд дээр өөрчлөлт оруулах гэж буйгаа ярилцаад санал явуулна. Энэ талаар гишүүд өөр өөрийн байр сууриа илэрхийлж байгаа. УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэхээр тодорхой болох байх.

-Тойрог бүр нэг мандаттай болсноор сонгогчдын тоо харилцан адилгүй байгаа. Тэгш бус байдал үүсгэж байгаа юм биш үү, цаашид сонгуулийн тойрог гэж тусдаа байгуулна гэсэн үг үү?
-Сонгуулийн тойргийн хуваарийг УИХ-ын тогтоолоор баталдаг.  Тэр үед нь хүн амын тоог сонгуулийн тойргийг зөв зохион байгуулах асуудлыг тогтоолд тусгах замаар зохицуулах боломжтой.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version