Ерөнхий сайдын танхимаараа огцрох саналыг МАН-ын УЗ дэмжлээ
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж огцрох хүсэлтээ өгсөн сайд нарын асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын тэргүүний хувиар Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг чөлөөлөхөөс татгалзаж, түүний оронд танхимаараа огцрох санал гаргасан байна.
Удирдах зөвлөлийн хурлаар уг асуудлыг хэлэлцэн дэмжсэн аж. Улс төрийн уг шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцээд дараа нь УИХ-ын чуулганы хуралдаанд оруулах юм.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23.1.2-т “Засгийн газрын гишүүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна.” гэж заасан байдаг.