Ариун цэврийн байгууламжийн шийдлүүдийг судлав
Суралцагчдад ээлтэй сургалтын орчныг бүрдүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх, тусгай хэрэгцээт хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт сурах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хэд хэдэн зорилт дэвшүүлсний нэг нь “модон жорлонг халах” юм.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны А/159 тоот тушаалаар дээрх зорилтыг хэрэгжүүлэх техник, технологийн шийдэл, ажлын даалгаврыг боловсруулан батлуулах, зураг төслийн эскиз, магадлалын нэгдсэн дүгнэлт гаргуулах, санхүүжилтын асуудлыг шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатараар ахлуулан байгуулсан юм.
Улсын хэмжээнд 21 аймгийн 330 сумын сургууль, цэцэрлэг, дотуур байрныг хамруулсан судалгаа хийж үзэхэд орон нутгийн сургуулийн хичээлийн байрны 43 хувь, сурагчдын дотуур байрны 49 хувь, цэцэрлэгийн 23 хувь нь гадаа буюу нүхэн жорлонтой байгаа юм.
Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай хэд хэдэн удаагийн хамтарсан уулзалт зохион байгуулж, технологийн шийдлийг судлаад байна.
Орчин үеийн цэвэрлэх байгууламж нь септик систем, бордоожуулах жорлон, бага оврын цэвэрлэх байгууламж гэсэн хэд хэдэн төрөлтэй байдаг. Эдгээрээс Монгол орны дөрвөн улирлын эрс тэс уур амьсгал, говь, хангай, хээрийн бүсэд тохиромжтой байх хувилбаруудыг голчлон судалсан. Хүүхдэд ээлтэй, ашиглалтын зардал бага, байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй, 98-99 хувийн цэвэршилттэй саарал усаа дахин ашиглах боломжтой шийдлийг ашиглах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
Бага оврын ариун цэврийн байгууламжийн 5-6 орны технологийн шийдлийг судалснаас Солонгос технологи нь цэвэрлэсэн усыг 100 хувь эргүүлэн ашиглах тул цэвэр усны нөөцөд хэмнэлттэй бол орос технологийн хувьд хүйтэн, сэрүүний улиралд эрсдэлгүй, найдвартай ажиллагаа, барилгын хамгийн бага зардалтай байгаа юм.
БШУЯ-ны Ажлын хэсэг саарал усны системийн стандартад өөрчлөлт оруулах асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, бага оврын цэвэрлэх байгууламжийн технологийн шийдэл, инженерийн шугам сүлжээний зураг төсвийг боловсруулах асуудлаар Барилга, хот байгуулалтын яамны холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна.