Баяжуулах үйлдвэр анхны босоо тээрмийг суурилуулна
Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт анхны босоо тээрмийг суурилуулна. Уг хэсэгт Япон улсад үйлдвэрлэсэн босоо тээрэм суурилуулах ажил өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд одоо суурилуулалтын ажил эхэлж, Барилга засварын цех тээрмийн суурийн цутгалтыг гүйцэтгэж байна. Суурь цутгалт ирэх пүрэв гаригт дууссанаар тээрмийн угсралт эхлэх аж. Тээрмийн угсралт, суурилуулалтын цахилгаан болон автоматикийн чиглэлийн ажлыг Япон улсын мэргэжилтнүүдтэй цахим хурал зохион байгуулж хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Баяжуулах үйлдвэрт анх удаа босоо тээрмийн технологийн дамжлага ажиллаж эхэлснээр хэт нунтаглалтгүй болж, нунтаглалтын үр ашиг дээшлэхийн зэрэгцээ металл авалтын хэмжээ өсөх боломж бүрдэх юм.
Мөн Баяжуулах үйлдвэрт өнгөрсөн онд эхлүүлсэн бүтээн байгуулалтууд өрнөж байна. Тухайлбал, Өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугамын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж, орчны температур огцом хүйтэрч байгаагаас цутгалтын ажлыг түр зогсоосон бол арматур зангидах ажил хэвийн хийгдэж байна. Мөн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж татан авах ажил эхэлжээ. Түүнчлэн хам баяжуулалтын тавдугаар секцийг солих ажлын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх 3 дугаар сарын дунд үеэс үйлдвэрлэлийн талбайд нийлүүлэгдэх аж. Өөрөөр хэлбэл, одоо ажиллаж байгаа секцийг 3 дугаар сараас эхлэн буулгаж, угсралт эхлэхээр төлөвлөж байгаа юм. Шинэ оны эхний 17 хоногийн байдлаар Баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлт биелжээ. Өнөөдрийн байдлаар, төлөвлөгөөнөөс 32 мянган тонн хүдэр илүү боловсруулаад байна. Он гарсаар өртөг зардал бууруулах, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлж эхлээд буйг цехийн дарга М.Отгон онцлов.
Энэ онд Баяжуулах үйлдвэрийнхэн 33 сая 200 мянган тонн хүдэр боловсруулахаар төлөвлөсөн. Төлөвлөгөөгөө оны сүүлийн улиралд Өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугамыг ашиглалтад оруулснаар биелүүлэх боломжтой гэж тооцож байна. Өнгөрсөн онд тус цех 32.5 сая тонн хүдэр боловсруулсан юм.
М.Балжинням
Фото Б.Баттөгс