УИХОнцлохШинэ мэдээ

УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.01.19) хуралдаан 09 цаг 22 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов.

УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

    “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны дарга С.Бямбацогт ажлын хэсгийн танилцуулгыг хийв.

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.3-т заасны дагуу Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийг төслийн хавсралтад нэмж тусгах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам хариуцан боловсруулахаар байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болгон өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёолол боловсруулсан байна. Анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналуудыг төсөлд тусгаснаар тогтоолын төслийн 1 заалтад өөрчлөлт орсон байна. Мөн хавсралтаас 14 хууль тогтоомж хасагдаж, 18 хууль тогтоомж нэмэгдэн, 2 хууль тогтоомжийн нэр болон зохицуулах харилцааны агуулга, 30 хууль тогтоомжийг өргөн мэдүүлэх хугацаанд өөрчлөлт оруулсан байна. 

    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан асуулт асууж, Байнгын хорооны даргаас хариулт авсан. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Ажлын хэсгүүд байгуулав

    Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ажлын хэсгүүд байгуулах тухай Байнгын хорооны тогтоолуудыг баталсан. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэгээр ахлуулан байгуулахаар шийдвэрлэв.

    Мөн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар холбогдох Байнгын хорооны тогтоолыг батлав. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар ахлан ажиллана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version