Засгийн газарГадаад харилцааОнцлохШинэ мэдээ

Элчин сайд Др. Борбала Обрущанскийг хүлээн авч уулзав

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Бүгд Найрамдах Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд  Др. Борбала Обрущанскийг хүлээн авч уулзав.

Сайд Л.Халтарын зүгээс хоёр улсын хооронд тогтсон уламжлалт сайн харилцаанд тулгуурлан хоёр талын зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэн хэлээд төмөр замын байгууллагын шугамаар хоёр тал нөхөрсөг дотноор сайхан харилцаж хамтран ажиллаж байсан тухайгаа дурсан ярьж, сүүлийн жилүүдэд авто тээврийн салбарын харилцаанд тодорхой ахиц дэвшил гарч хоёр талын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг 2018 онд байгуулснаар хоёр улсын хооронд хийгдэж буй худалдаа, бараа эргэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн таатай эрх зүйн орчныг бүрдсэн талаар дурдав.

Уг хэлэлцээрийг байгуулснаар хоёр талын тээвэрлэгчид харилцан болон дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх боломж нээгдсэн бөгөөд тээвэрлэлт хийх зөвшөөрлийн бичгийг тодорхой тоогоор солилцоод явж байгаа боловч өнгөрсөн жилд дэлхий нийтэд түгсэн цар тахлын улмаас тээвэрлэлт хийхэд зарим нэг саад бэрхшээл үүсээд буйг тайлбарлан олон улсын тээвэрлэлтийг дэмжих талаар Засгийн газар болон яамны зүгээс авч хэрэгжүүлж буй ажил болон цаашдын бодлого чиглэлийн талаар мэдээлэл өгөв.

Мөн хоёр улсын хооронд бусад салбаруудад хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын талаар санал бодлоо хуваалцав.     

Элчин сайд Обрущанскийн зүгээс хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагаанд өөрийн зүгээс үзүүлэх дэмжлэг туслалцааны талаар санал бодлоо хуваалцаж, Унгарын талаас 1994 онд байгуулсан Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэх саналтай байгаагаа илэрхийллээ.

Мөн хоёр улсын хооронд нислэг хийх боломжийг Унгарын авиа компанийн зүгээс судалж байгаа талаар мэдээлэв. Түүнчлэн Монгол Улсад төмөр замын засвар үйлчилгээ хийх, авто зам барих төслүүдэд Унгарын компаниуд оролцох сонирхолтой, Монгол Улсад төмөр замын музей байгуулах талаар дэмжлэг үзүүлж ажиллах боломжтой байгаагаа хэлэв.

Сайд Л.Халтар хатагтай Элчин сайдын саналуудыг судлан үзэж өөрийн зүгээс боломжтой дэмжлэгийг үзүүлж шаардлагатай мэдээллээр хангаж ажиллахаа илэрхийлэв.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version