НийслэлFocusШинэ мэдээ

Алслагдсан хороодын иргэд QR кодыг уншуулж товчоогоор нэвтрэнэ

Нийслэл хотын шалган нэвтрүүлэх товчоодын цаана байрладаг буюу Баянзүрх дүүргийн 11, 20, Сонгинохайрхан дүүргийн 21, 32, Хан-Уул дүүргийн 13, 14, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны оршин суугчид болон тухайн хороонд үйл ажиллагаа явуулж байгаа аж, ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчид шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтрэхдээ заавал PCR шинжилгээ өгөх шаардлагагүй боллоо.

  Харин дээрх хороодын иргэд иргэний зорчих хөдөлгөөнийг хянах qr.ulaanbaatar.mn системд иргэний үнэмлэхний QR кодыг уншуулж нэвтрэх юм. 

  Энэхүү системийг ашиглан алслагдсан хороодын иргэд хот руу нэвтрэх ажлыг өнөөдрөөс нийслэлийн дөрвөн дүүрэгт хэрэгжүүлж эхэллээ.  Цаашдаа Багануур, Багахангай, Налайх дүүрэгт уг системийг нэвтрүүлж,  иргэдийн зорчих  хөдөлгөөнийг бүртгэж байх юм. 

Мөн зайлшгүй хот руу нэвтрэх шаардлагатай иргэд оршин суудаг хорооны шуурхай штабт хүсэлтээ гаргаж бүртгүүлснээр товчоодоор орж, гарах эрх нь нээгдэнэ. Иргэд тухайн хороон дээр бүртгүүлэхдээ өөрийн зорчдог хувийн автомашины дугаарыг бүртгүүлж QR үүсгэж болох юм. Ингэснээр заавал иргэний үнэмлэхээ уншуулах шаардлагагүйгээр автомашины QR кодыг уншуулж зорчиж болно гэсэн үг. 

  Харин нийтийн тээврээр зорчигчид биедээ иргэний үнэмлэхээ зайлшгүй авч явах шаардлагатай. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр ажиллаж байгаа Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын алба хаагчид өөрсдийн гар утсаараа иргэдийн иргэний үнэмлэхний QR кодыг уншуулж хяналт тавина гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version