ЭМЯОнцлохШинэ мэдээ

Дүүргүүд PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори байгуулж байна

“Ковид-19” цар тахлын үед эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах үүднээс нийслэлийн дүүргүүдэд PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори байгуулагдаж байна.

Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн 3 дугаар салбар амбулаторид байгуулагдсан молекул биологийн лабораторийн бэлтгэл ажилтай өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан танилцаж, тоног төхөөрөмжийн хангалт болон үйл ажиллагааны зохицуулалт, ажиллах боловсон хүчний нөөц, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг авч, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэж өгөхөөр ажиллалаа.

Тус лаборатори нь 24 цагийн хугацаанд 300-1200 хүнд PCR шинжилгээ хийх хүчин чадалтай бөгөөд дүүргийн иргэдийг цаг алдалгүй шинжилгээнд хамруулж, “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх боломжтой болсноор шаардлагатай тохиолдолд хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх боломж бүрдэж байна.

Мөн коронавируст “Ковид-19” халдвараас гадна томуу, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар, элэгний В, С вирус зэрэг бусад халдварт өвчний шинжилгээг хийх хүчин чадалтай учраас энэхүү лаборатори нь цаашид эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай юм.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байгуулагдаж буй тус лабораторийг цаашид алслагдсан дүүрэг болон Налайх, Багануур дүүрэгт байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version