Улаанбаатар-Налайх чиглэлд ПСР шинжилгээ өгөөгүй иргэдийг нэвтрүүлэхгүй
Налайх дүүргийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу Оргил Налайхын хэсэгт авто тээврийн шалган нэвтрүүлэх пост ажиллаж, иргэдийн бүртгэл хөдөлгөөнд хяналт тавьж байна.
Улаанбаатар хотоос Налайх дүүрэгт зорчиж байгаа зөвшөөрөгдсөн чиглэлийн тээврийн хэрэгслээр нэвтэрч байгаа иргэд заавал ПСР шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд шинжилгээ өгөөгүй иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргалаа.
Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг болон бусад дүүрэгт “Ковид-19” халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт тавих юм.
Иймд иргэд та бүхнийг Улаанбаатар-Налайх чиглэлд аль болох зорчих хөдөлгөөн хийхгүй байх, албан хаагчдын шаардлагыг хэрэгжүүлэн, халдвараас өөрийгөө болон гэр бүлээ, дүүргийн нийт иргэдээ хамгаалахад иргэний үүргээ биелүүлэн, гэртээ байхыг уриалж байна.