УИХОнцлохШинэ мэдээ

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны /2021.01.05/ хуралдаан 57,9 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Хууль зүйн байнгын хорооны 2020.12.28-ны өдрийн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон байсан боловч Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат завсарлагын хугацааг гурав хоногоор сунгах горимын санал гаргасныг Байнгын хорооны дарга С.Бямбацогт хүлээн авсан юм.

Ийнхүү өнөөдрийн хуралдаанаар төслийн зүйл тус бүрийг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүдийн асуултад ажлын хэсгээс хариулт өгч, мөн ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол түс бүрээр санал хураалт явуулав. Тухайлбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.3, 44.4, 44.5 дахь заалт Улсын Их Хурлын гишүүдийн олонхын саналаар дэмжигдэв. 44.3-д “Шүүгчийн мэргэжил, ур чадварыг сайжруулах, шүүн таслах ажиллагааны дадлага эзэмшүүлэх, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн шүүгчийг адил шатны шүүхэд хоёр жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно” гэж заасан байна.

Мөн төслийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт “Шүүхийн төсвийн урсгал зардлын хэмжээг төсвийн хэмнэлтээс бусад тохиолдолд өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно.” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмж, 6.11 дэх хэсгийн “шүүн таслах ажиллагаанаас” гэснийг “шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхээс” гэж өөрчлөх: “6.1.Шүүх нь эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ.” гэсэн заалтууд Улсын Их Хурлын гишүүдийн олонхын саналаар дэмжигдэв.

Төслийн “16.4.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн түр эзгүйд, эсхүл сул орон тоо гарсан тохиолдолд дараагийн Ерөнхий шүүгч томилогдох хүртэл хугацаанд түүнийг хамгийн олон жил шүүгчээр ажиллаж байгаа танхимын тэргүүн орлоно. 16.5.Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийн түр эзгүйд, эсхүл сул орон тоо гарсан тохиолдолд дараагийн Ерөнхий шүүгч сонгогдох хүртэл хугацаанд түүнийг шүүгчээр хамгийн олон жил ажиллаж байгаа танхимын тэргүүн, эсхүл шүүгч орлоно.” гэсэн заалтууд тус тус олонхын саналаар дэмжигдэв.

Төслийн 20 дугаар зүйлд ажлын хэсгээс гаргасан саналын томьёололд Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, тайлбар авав. Тухайлбал, төслийн 20.6-д заасны дагуу шүүгч цахимаар санал өгөх боломжийг хэрхэн хангах талаар тодруулахад ажлын хэсгийн гишүүн, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж хийсэн тайлбартаа, “20.6.Нийт шүүгчийн хуралдаанд шүүгч биечлэн оролцох боломжгүй тохиолдолд түүнийг цахимаа санал өгөх боломжоор хангана.” гэж заасан. Шүүгчдэд тоон гарын үсэг олгосноор уг заалт хэрэгжих бүрэн боломжтой гэсэн тайлбар хийв. Мөн “Нийт шүүгчийн зөвлөл” гэснийг “Нийт шүүгчийн чуулган” гэх ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас гаргасан санал Улсын Их Хурлын гишүүдийн 87,5 хувийн дэмжлэгийг авсан юм. Ийнхүү төслийн 20 дугаар зүйлийн 12 заалтад оруулсан саналын томьёолол гишүүдийн олонхын саналаар дэмжигдлээ.

Төслийн “22.8.Улсын дээд шүүхийн шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэнэ.” гэсэн заалт дэмжигдсэн боловч Байнгын хорооны дарга С.Бямбацогт уг заалтыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаас өмнө эргэн харахыг ажлын хэсэгт даалгав. Учир нь Улсын дээд шүүхийн шийдвэр бүрийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэхэд цаас, зардал их гарах болохыг анхааруулж байв.

“Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн” гэсэн 24 дүгээр зүйлд дөрвөн заалтыг өөрчлөн найруулж, дэмжигдсэн болно. Тухайлбал, 24.4.Зөвлөгөөн болон шүүгчийн өөрийнх нь саналыг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг зургаан сар хүртэлх хугацаагаар судлаачаар ажиллуулж болох бөгөөд түүнд шүүгчийн цалин хөлсийг хэвээр олгож, шүүгчээр ажилласанд тооцно.” гэж.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй нийт 76 саналын томьёоллын 16-д Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, саналаа тусгахын сацуу зүйл, заалт тус бүрээр санал хурааснаар түр засварлаж, үдээш хойш 14.30 цагаас Байнгын хорооны хуралдааныг үргэлжлүүлэхээр тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version