Засгийн газарОнцлохШинэ мэдээ

Н.Тавинбэх: Улсын хэмжээний нийт хэрэглээ 20 орчим хувиар нэмэгдсэн

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр 2020 оны арванхоёрдугаар сарын цахилгааны төлбөрийн нэхэмжлэлийн талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар өгсөн.

Тэрээр “Ер нь хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр нэхэмжилдэг юм. Тийм учраас 2020 оны 12-р сарын цахилгааны төлбөрт 11-р сарын таны хэрэглэсэн цахилгааны төлбөр тодорхой хэмжээгээр байгаа шүү. Тухайлбал: Иргэн Ж-гийн цахилгааны төлбөрийн бичилтийг 2020 оны 11-р сарын 10-ны өдрөөс 12-р сарын 10-ны өдрийг хүртэл бичсэн бол Засгийн Газрын тогтоолын дагуу 10 хоногт ногдох цахилгааны төлбөрийг иргэн Ж-гийн өмнөөс Засгийн Газар төлж барагдуулна” гэсэн юм.

Хуримтлагдсан өргүй, өмнөх оны мөн үеэс цахилгааны хэрэглээ тань хэтрээгүй бол нэгдүгээр сарын төлбөр дээр ямар нэгэн нэмэлт төлбөр гарах ёсгүй

Айл өрх бүрийн тоолуурын заалтыг ажилтнууд биеэр очиж авдаг нүсэр ажил байдаг. Тиймээс тоолуурын заалт авахдаа 6 хэсэг болгож авдаг. Хэрэглэгч гэрээ байгуулан, сүлжээнд холбогдсон өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаагаар нь тасалбар болгодог.

Тухайлбал, 11-р сарын тодорхой хоногууд 12-р сарын төлбөр дээр орж ирж буйг иргэд ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 11 сарын 10-30-ныг хүртэлх төлбөр дараагийн сарын төлбөрт багтаж байгаа юм. Засгийн газрын тогтоол гарснааас хойш цахилгааны хэрэглээ өссөн. Тухайлбал, 1100 мегаватт гардаг байсан бол 12-р сарын 31-нд 1300 гарсан. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд цахилгааны хэрэглээ 20 орчим хувиар өссөн. Төрөөс төлбөрийг даахдаа өнгөрсөн оны мөн үеийн төлбөртэй харьцуулж төлөх учраас иргэд хэрэглээндээ хянамгай хандах хэрэгтэй. 

Цар тахалтай холбоотойгоор төлбөрөө төлөөгүй ч цахилгаан, дулааныг хязгаарлахгүй байгаа. Гэхдээ энэ нь 12 сарын бүх төлбөрийг тэглэсэн гэсэн үг биш юм. Өмнөх сарын төлбөрийн мэдээлэл болон өмнөх жилийн мөн үеэс хэрэглээ тань давсан эсэхийг мөн шалгах хэрэгтэй. Түүнчлэн иргэдэд санал гомдол байгаа бол 7004-7004 дугаарт хандах боломжтой гэлээ. 294 хүний гомдлыг барагдуулахаар ажиллаж байна. 

Та хуримтлагдсан өргүй, түүнчлэн өмнөх жилийн мөн үеэс цахилгааны хэрэглээ тань хэтрээгүй бол нэгдүгээр сарын төлбөр дээр ямар нэгэн нэмэлт төлбөр гарах ёсгүйг мөн онцоллоо. Учир нь ЗГ-ийн шийдвэрээр 12-р сарын нэгнээс хойш дундаж хэрэглээний төлбөрийг төрөөс даах болсон.

Хэрэглээ өссөн ч нөөцөөс хангаж, цахилгааны хангамжийг хэвийн үргэлжлүүлж байна. Шинэ жилийн орой буюу 12 дугаар сарын 31-ний орой айл өрхүүдийн цахилгааны хэрэглээ 200 МВт-аар нэмэгдсэн байсан. Айл өрхүүдийн эрчим хүчний хэрэглээ ердийн үед 1100 МВт байдаг бол шинэ жилийн орой 1300 МВт хүрсэн байна. 

“Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн мөн шинэ жилийн баяртай холбогдуулан ихэнх аж ахуйн нэгжүүд, үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон байсан. Эдгээр аж ахуйн нэгжүүд цахилгаан огт хэрэглээгүй гэсэн үг. Харин энэ үед айл өрхүүдийн эрчим хүчний хэрэглээ 200 МВт-аар нэмэгдэж улсын хэмжээний нийт хэрэглээ 20 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан” гэж салбарын сайд хэллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version