ОХУ-ын зах зээлд төлөөлөгчийн газар байгуулах талаар зөвлөлдөв
Монгол Улсын аж ахуйн нэгж, компани ОХУ-ын зах зээлд өөрийн бүтээгдэхүүн экспортлох, төлөөлөгчийн газар байгуулах талаар ОХУ-ын “Приоритет” хуулийн фирмийн төлөөлөлтэй хийсэн цахим уулзалтыг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Худалдааны төлөөлөгчийн газраас ГХЯ-ны Хөрөнгө оруулалтын судалгааны төвтэй хамтран /2020.12.25/ зохион байгуулав.
Уулзалтад ОХУ-ын “Приоритет” хуулийн компанийн хуульчид, ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын төлөөлөл, Москва дахь ЭСЯ-ны төлөөлөл, ОХУ-ын Кызыл дахь ЕКГ, Улаан-Үд дэх ЕКГ-ын төлөөлөл, “Эрдэнэт хивс” ХХК-ийн Захирал О.Мөнхцацрал, “Туушин” ХХК-ийн захирал Н.Зоригт, “Говь” ХК-ийн цахим худалдаа хариуцсан захирал Б.Мөнх-Оргил, “Янмал” ХХК-ийн захирал Л.Хулан, “Дархан Минж” ХХК-ийн захирал Б.Анхболд, “Монос” ХХК захирал Л.Хүрэлбаатар болон бусад компанийн төлөөлөгчид оролцов.
Уулзалтаар ОХУ-ын зах зээлд Монголын бүтээгдэхүүнийг экспортлох, тавигдах шаардлагын талаар эрх зүйн мэдээлэл авнаас гадна цаашид үйл ажиллагаагаа хэрхэн тэлэх өөрийн төлөөлөгчийн газар, салбар компани болон бие даасан аж ахуйн нэгж байгуулахад татвар, виз болон ажиллах хүчний хязгаарын талаарх асуудлыг хэлэлцэв. Оролцогчид цахим уулзалтыг үр дүнтэй болсон, сонирхсон асуултад мэргэжлийн тодорхой хариулт авсанд талархлаа илэрхийлэв.