Жилийн ажлаа дүгнэв
Зэвсэгт хүчний Жанжин штабын 2020 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөлөө. Тайлангийн хуралд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг болон Зэвсэгт хүчний Жанжин штабын газар, хэлтсийн удирдлагууд оролцов. Хурлын эхэнд Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хурандаа Ц.Жавхланбаатар энэ онд хийж хэрэгжүүлсэн болон бүтээлч ажлуудын талаарх мэдээллийг нэгтгэн танилцуулсан бол залгуулан Зэвсэгт хүчний Жанжин штабын Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа Д.Ариунболд тус тайланд хөндлөнгийн үнэлгээ хийснээ нэгтгэж Зэвсэгт хүчний Жанжин штаб 2020 онд дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн биелүүлсэн хэмээн дүгнэлээ. Энэ үеэр Зэвсэгт хүчний Жанжин штаб нь хууль, эрх зүйн шинэчлэлийг улам төгөлдөржүүлэх, алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр тодорхой түвшинд ахиц гаргасан зэргээр амжилттай ажилласныг онцоллоо. Энэ үеэр Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Зэвсэгт хүчний Жанжин штабын газар, хэлтсийн удирдлагуудад хандан Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хууль, эрх зүйн орчныг улам төгөлдөржүүлэхийн төлөө гар нийлэн ажиллаж, ажилтан алба хаагч бүр хуулиа дээдэлж, сахилга хариуцлагаа дээшлүүлэн ирэх жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлэв.
Хурлын төгсгөлд Зэвсэгт хүчний алба хаагчдаас энэ онд идэвх, зүтгэл гаргаж ажилласан шилдэг ажилтан, алба хаагчдаа шалгарууллаа. Тодруулбал, “Зэвсэгт хүчний оны Тэргүүний цэргийн гэрээт алба хаагч”-аар Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн салааны тасгийн захирагч, ахлах түрүүч Л.Алтанбаяр, “Зэвсэгт хүчний оны Тэргүүний ажилтан албан хаагч”-аар Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн тогооч Х.Должинсүрэн, “Зэвсэгт хүчний оны Тэргүүний ахлагч”-аар Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн жолооч, ахлах ахлагч А.Уламбаатар, “Зэвсэгт хүчний оны Тэргүүний офицер”-оор Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын инженер, ахлах дэслэгч Т.Тайшир, “Зэвсэгт хүчний оны Тэргүүний салбар”-аар Зэвсэгт хүчний 148 дүгээр салбар, “Зэвсэгт хүчний оны Тэргүүний анги”-аар Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл манлайлав.
Харин Зэвсэгт хүчний Жанжин штабаас “Оны Тэргүүний ажилтан албан хаагч”-аар БХЯ, ЗХЖШ-ын Үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн жолооч Б.Насанжаргал, “ЗХЖШ-ын оны Тэргүүний ахлагч, туслах мэргэжилтэн”-ээр Захиргаа удирдлагын хэлтсийн сургагч ахлагч Д.Дашиймаа, “Оны Тэргүүний мэргэжилтэн”-ээр Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн, ахмад Ч.Ганчулуун, “Оны Тэргүүний ахлах мэргэжилтэн”-ээр Захиргаа удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад А.Эрдэнэмөнх, “Оны Тэргүүний удирдах албан тушаалтан”-гаар Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, “Оны Тэргүүний зохион байгуулалтын бүтцийн нэгж”-ээр Бодлого, стратегийн төлөвлөлтийн газар тус тус шалгарчээ.