НийгэмОнцлохШинэ мэдээ

503 тээврийн хэрэгсэл такси үйлчилгээнд ажиллана

“Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт”-т хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтыг хавсралтаар баталсан. Үүнд нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ багтаж буй. Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газартай гэрээ байгуулан ажиллаж байгаа такси үйлчилгээний 10 аж ахуй нэгж бий. Эдгээрийн 503 тээврийн хэрэгсэл такси үйлчилгээнд ажиллах юм. Тэдгээр тээврийн хэрэгсэлд өглөө бүр такси үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж болон мэргэжлийн байгууллагууд ариутгал хийж үйлчилгээнд гаргах бөгөөд шугам замд автотээврийн хяналтын улсын байцаагч хяналт тавьж ажиллана.

Такси үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл шаардлага:

  1. Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2011, Такси үйлчилгээ, Ерөнхий шаардлага MNS 5122:2013 стандартын шаардлагуудыг хангасан байх 
  2. Үйлчилгээ эхлэхээс өмнө тээврийн хэрэгслийн гадна, дотор талыг угааж халдваргүйжүүлэх 
  3. Ажил эхлэхийн өмнө жолооч нарын биеийн халууныг хэмжиж, амны хаалт, нүүрний хаалт зүүлгэн, гарыг халдваргүйжүүлэх, халдварт өвчтэй хүн асарсан, хавьтал болсон талаарх асуумжийг авч, бүртгэх 
  4. Таксины жолоочийн хэсгийг зорчигчдоос тусгаарлан хаалт /нийлэг хальсан материал ашиглаж болно/ хийж, зорчигчдыг зөвхөн арын суудалд суулгаж үйлчлэх 
  5. Зөвхөн амны хаалттай зорчигчид үйлчлэх бөгөөд судлын дэргэд гар халдваргүйжүүлэх уусмалыг байрлуулсан байх 
  6. Зорчигчийг буулгаж дараагийн зорчигч суулгахаас өмнө тээврийн хэрэгслийн цонхыг 5-10 минут онгойлгон агаар сэлгэлт хийх, хаалганы бариул, суудал зэрэг хүний гар хүрэх бүх эд зүйлсийн гадаргууг халдваргүйжүүлэх бодисын уусмалаар шүршиж арчсаны дараа дараагийн зорчигчийг суулгах 
  7. Үйлчлүүлэгчийн төлбөр тооцоог карт, дансны дугаар ашиглан хийх, бэлэн мөнгөөр гүйлгээ хийхгүй байх, картыг пос машинаар уншуулсан тохиолдолд товчлуурыг тухай бүр халдваргүйжүүлэх уусмалаар арчих 
  8. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх санал зөвлөмжийг урд суудлын арын хэсэгт үйлчлүүлэгчдэд харагдахуйц ил тод байршуулах 
  9. Иргэдийн зорчих хөдөлгөөний мэдээллийг бүртгэх “Бүртгэлийн цэг”-ийн QR кодыг qr.119.mn сайтыг ашиглан, зааврын дагуу зорчигчийн иргэний үнэмлэхний QR кодыг уншуулж бүртгэлжүүлэх 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version