Засгийн газарГадаад харилцааОнцлохШинэ мэдээ

Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай хуулийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр (2020.12.17) Засгийн газраас энэ сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэв.

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцуулсан юм.

Тэрбээр хэлэхдээ “Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, батлан хамгаалах зэрэг олон салбарыг хамран, өргөн хүрээнд хөгжиж байна. Хоёр улс цэргийн салбарт хамтран ажиллах нь бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах, Зэвсэгт хүчнүүдийн чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзсэний үндсэн дээр өнгөрсөн онд БНСВУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр талын ажлын хэсгийн уулзалтууд зохион байгуулж, Батлан хамгаалах яамд хоорондын санамж бичгийг “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болгон түвшинг ахиулж байгуулахаар тохирчээ. Энэ үндсэн дээр гэрээний төслийг Вьетнамын талд 2019 оны 7 дугаар сард хүргүүлсэн бөгөөд тус улсын хууль тогтоомжийн дагуу аливаа улстай байгуулах батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай гэрээг Засгийн газрын түвшинд байгуулдаг тул БНСВУ-ын Батлан хамгаалах яам нь тус улсын парламент, холбогдох газруудаар хэлэлцүүлэн хэлэлцээр байгуулах зөвшөөрөл авчээ.

Хэлэлцээрийн зорилго нь хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллах боломж бий болгох, салбарын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулахад чиглэж байгааг хууль санаачлагч дурдаад уг хэлэлцээрийг соёрхон батлах нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг хангах, гуравдагч хөршийн бодпогыг хэрэгжүүлэх, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдзх, хамтын ажиллагааны шинэ түвшинд хүрэх, бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах, Зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой” гэж үзэж буйгаа дурдлаа.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65 хувийн саналаар Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНСВУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл батлагдав.

Энэхүү хууль батлагдсанаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг хангах, гуравдагч хөршийн бодлогыг хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх, хамтын ажиллагааны шинэ түвшинд хүрэх, бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах, Зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version