ЕрөнхийлөгчУИХОнцлохШинэ мэдээ

Сонгуулийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы (2020.12.11) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөж журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нараас 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслүүдийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг, тус ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаад хэргийн яамнаас төлөөлөл оролцуулан байгуулж ажиллуулжээ.

Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, уг хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд танилцуулав. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Ерөнхийлөгчийн Тамгын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаад хэргийн яам, Үндэсний аудитын газраас төсөлтэй холбоотой саналуудаа ирүүлжээ. Мөн Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналыг ажлын хэсгийн хурлаар тухай бүрд нь  хэлэлцэн шийдвэрлэж төсөлд тусгажээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу төслийг зүйл бүрээр нь хэлэлцэн ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулж шийдвэрлэн энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон байна.   

Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй 70, дэмжээгүй 1, найруулгын 3 багц саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хурааж шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсгийг “нэр дэвшигч” гэж тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг” гэж өөрчлөн найруулахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 59.1 хувь нь, төслийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.8 дахь хэсгийг 5.6 дахь хэсэг болгож “Иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно” гэж өөрчлөн найруулахыг гишүүдийн 57.6 хувь нь дэмжив.

Төслийн 3 дугаар зүйлд ““эвсэл” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ерөнхийлөгчийн сонгуульд хамтран оролцож байгаа Улсын Их Хуралд суудал бүхий намуудыг;” гэсэн агуулгатай 3.1.11 дэх заалтыг, төслийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд тухайн шатны цагдаагийн болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллагын төлөөлөл орсон байна” гэсэн 2 дахь өгүүлбэрийг нэмэхийг гишүүдийн олонх нь дэмжлээ.

Мөн төслийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодын даргаар тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга, эсхүл Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилно. Сонгуулийн хороонд сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийг нээлттэй бүртгэсний үндсэн дээр томилон ажиллуулна” гэж, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг “Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө энэ хуулийн 12.3-т заасны дагуу сум, дүүргийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга болон гурав, эсхүл таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.

Төслийн 19 дүгээр зүйлд “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу сонгогчдын эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий энэ хуулийн 19.9-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн хэсэг тус бүрээр санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр нэг удаа олгоно” гэсэн агуулгатай 19.15 дахь хэсэг, 19 дүгээр зүйлд “Энэ хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн нам, эвсэл, төрийн бус байгууллагын төлөөлөл сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгах, хүргүүлэх үйл ажиллагаатай танилцаж болно” гэсэн агуулгатай 19.21 дэх хэсгийг тус тус нэмэхээр тогтов.

Түүнчлэн төслийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсгийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно” гэснийг “Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон хүн нэр дэвшихийг хориглоно” гэж, төслийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсгийг “Нэр дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон нэг ерөнхий менежер, аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрд нэг менежер, хороо, баг тус бүрд нэг шадар туслагч, 200 сонгогч тутамд нэг ухуулагчтай байж болно. Сонгогчийн тооноос хамаарч аймаг, дүүргийн хэмжээнд 200 хүртэлх сонгогчийг хариуцсан нэг ухуулагч ажиллаж болно” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.

Мөн төслийн 33 дугаар зүйлд “өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх” гэсэн агуулгатай 33.2.8 дахь заалт,  35 дугаар зүйлд “Энэ хуулийн 33.2.8-д заасан сонин, сэтгүүл нь сүүлийн 12 сарын турш тогтмол гарсан байх бөгөөд түүнд нийтлүүлэх сурталчилгааны төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн үнийн дунджаас хэтрэхгүй байна” гэсэн агуулгатай 35.11 дахь хэсгийг тус тус нэмэхийг гишүүдийн олонх нь дэмжив.

Түүнчлэн хуулийн төслийн 39 дүгээр зүйлд “Ухуулах байрын хаяг нь энэ хуульд заасан сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, дэлгэцэнд хамаарахгүй бөгөөд түүнийг байрлуулахдаа замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгслийг халхлах, бусдын эд хөрөнгө, явган зорчигчдод аюул учруулж болзошгүй байдлаар байрлуулах, замын хөдөлгөөнд саад учруулахыг хориглоно.” гэсэн агуулгатай 39.3 дахь хэсэг, төслийн 40 дүгээр зүйлд “Нам, эвсэл, нэр дэвшигчийн зүгээс бэлтгэсэн сонгуулийн сурталчилгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл авах эрхийг хангах зорилгоор хадмал тайлбар, эсхүл дохионы хэлний орчуулгатай байна” гэсэн агуулгатай 40.27, “Радио, телевизийн мэдээллийн хөтөлбөр, сургалтын болон хүүхдэд зориулсан нэвтрүүлэг дундуур сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэхгүй.” гэсэн агуулгатай 40.28 дахь хэсгийг тус тус нэмэх зарчмын зөрүүтэй санал дэмжигдлээ.

Мөн төслийн 41 дүгээр зүйлд “Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг үндэслэн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулах технологийн арга хэмжээг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл авч болно”; “Энэ хуулийн 41.1.3-т заасан цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн төлбөрийн дундаж хэмжээнээс хэтрэхгүй байна.” гэсэн агуулгатай 41.11, 41.12 дахь хэсгийг нэмэхээр болов.

Гишүүдийн олонх нь хуулийн төсөлд “Нэмэлт санал хураалт явуулах” гэсэн агуулгатай 77 дугаар зүйл нэмэхийг дэмжсэн юм. Төслийн энэ зүйлд сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулах; нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцох; нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдыг оролцуулах; нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргах бөгөөд шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор зохион байгуулж явуулахаар зохицуулжээ.

Хуулийн төслийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсгийг “Энэ хуулийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулах Байнгын хорооны ажлын хэсгийн саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон 62 гишүүний 44 нь буюу 71.0 хувь нь дэмжлээ. Эцэст нь Байнгын хорооноос дэмжээгүй болон төслийн талаарх найруулгын саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.   

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version