Баянгол дүүрэг “ХҮҮХЭД ХАМГААЛАХ ТҮР БАЙР”-тай болно
НҮБ-ын Хүн амын сан, Монгол Улсын Засгийн газар хамтран зохион байгуулж буй “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт ЯГ ОДОО жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе” уриатай 16 хоногийн аяны хүрээнд Баянгол дүүрэг үндсэн хоёр зорилт дэвшүүлэн ажиллаж байгаагийн нэг нь дүүргийн нутаг дэвсгэр дээр “Хүүхэд хамгаалах түр байр”-тай болох юм.
Энэ ажлын хүрээнд өнөөдөр Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.СЭМЖИДМАА, Цагдаагийн газрын дарга М.Батсайхан, Цагдаагийн 1,2-р хэлтсийн дарга нар болон дүүргийн холбогдох албан тушаалтнууд Хүүхэд хамгааллын түр байр болгож зориулалтыг нь өөрчлөн тохижуулах барилгын нөхцөл байдалтай танилцлаа.
Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “ Энэ жилийн хувьд хүүхэд хамгааллын 108 дугаарт дүүргийн нутаг дэвсгэр дээр хүчирхийлэлд өртсөн 702 дуудлага бүртгэгдэж 142 эмэгтэйчүүд, хүүхдүүд бусад дүүргийн түр хамгаалах байраар үйлчлүүлсэн байна. Энэ тоо гэр бүл, хүүхдийн хүчирхийлэлд зайлшгүй анхаарах шаардлагатайг харуулж байна. Бид хүүхдийн эрхийн асуудлыг нэгдүгээрт тавих ёстой. Гэтэл манай дүүрэг өнөөдрийг хүртэл хүүхэд хамгаалах байргүй байгаа нь хамгийн том тулгамдсан асуудлын нэг юм. Тиймээс энэ тал дээр анхаарч, нийслэлийн өмчийн 800 мкв хоёр давхар 11 өрөө бүхий барилгын ашиглалтын зориулалтыг өөрчлөн “Хүүхэд хамгаалах түр байр” болгохоор шийдвэрлэлээ. Мөн Дүүргийн хэмжээнд ажиллаж буй 23 хамтарсан багийн гишүүдийг чадваржуулах дээр анхаарч үе шаттай олон ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа тул энэ ажилд дүүргийн цагдаагийн газар онцгойлон анхаарч хамтран ажиллахыг хүсэв.”
Барилгын зориулалтыг өөрчилж, засвар хийх хөрөнгийг Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн санхүүжилтээр шийдвэрлэж, барилгын нэгдүгээр давхрыг хүлээн авах, сэтгэлзүйн зөвлөгөө, эмчилгээ, сургалтын зориулалтаар, хоёрдугаар давхрыг хүүхэд, эмэгтэйчүүд амьдрах байр хэлбэрээр зохион байгуулж тохижуулах үүргийг дүүргийн ГХУССЗ-ийн нарийн бичгийн дарга А.Даваажаргалд үүрэг болгов.
Уулзалтын үеэр Цагдаагийн газрын дарга М.Батсайхан “ Засгийн газраас энэ онд Улсын хэмжээнд нэмэлтээр 100 хүүхдийн байцаагчийн орон тоог баталсан бөгөөд дүүргийн хувьд хоёр байцаагчийн орон тоо нэмэгдэж байгаа нь бидний хүүхэд хамгааллын ажилд том дэмжлэг болж бидний үзүүлж буй үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.