Засгийн газарГадаад харилцааОнцлохШинэ мэдээ

Монгол-Хятадын Зам, тээврийн сайд нар цахим уулзалт хийлээ

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэн нар цахим уулзалт зохион байгуулав.

Сайд Л.Халтар сүүлийн жилүүдэд манай хоёр орны Зам, тээврийн яамны хамтын ажиллагаа улам өргөжиж хөгжиж байгаад сэтгэл хангалуун явдгаа өгүүлээд хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон томоохон ажлыг хийж хэрэгжүүлэхэд эрхэм сайдтай хамтран идэвхтэй  ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

Мөн энэ онд короновирусын цар тахал гарч улс орон бүр олон хүндрэл, бэрхшээлтэй тулгарч, түүнийг даван туулахад харилцан дэмжин тусалж байгаад гүн талархаж буйгаа дурдлаа.

Улмаар хоёр улс хоорондын бараа худалдаа, дамжин өнгөрөх тээвэрлэлтийг дэмжих, төмөр замын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд талууд:

-Гашуунсухайт-Ганцмод боомтын холболтын цэгийг тохиролцох,

-“Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах,

-Төмөр замын Ханги-Мандал боомт шинээр байгуулах,

-Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх,

-Цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараа агаарын хил нээснээр хуваарьт нислэгийг үе шаттай эхлүүлж, эхний шатанд Монголын “МИАТ” ТӨХК болон Хятадын “Эйр Чайна” компанитай аяллын дугаар хамтран эзэмших зохицуулалт бүрдүүлэх,

-Азийн автозамын сүлжээний АН-4 коридороор олон улсын туршилтын тээвэр хийх,

-Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Автотээврийн хэлэлцээрийг шинэчлэн байгуулах,

-Монгол, Хятад хоёр улсын хооронд тээвэрлэлт идэвхтэй хийгддэг бүс нутгуудад коронавирусын халдвар гаргахгүй байх чиглэлээр бүхий л шаардлагатай арга хэмжээг авч байгаа бөгөөд Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх авто тээвэрлэлтийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлаар санал солилцон ярилцаж, тээврийн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлэв.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version