БоловсролОнцлохШинэ мэдээ

11 мянга гаруй оюутны сургалтын зээл нь өр хэлбэрт шилжжээ

Боловсролын зээлийн сангаас олгодог оюутны хөгжлийн зээл нь тухайн оюутан сургуулиа төгссөнөөс хойш 6 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хүүгүй олгогддог, сурах чин хүсэлтэй, идэвхтэй оюутнуудын хувьд маш том боломж байдаг.

Гэвч оюутны хөгжлийн зээлийг өнгөрсөн хавар болон 2020-2021 оны хичээлийн жилд оюутнуудад өгөх боломжгүй болж зөвхөн тэргүүлэх чиглэлийн 37 мэргэжлээр суралцдаг оюутнуудад өгөх Засгийн газрын шийдвэр гарсан. (“Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-тай дэлгэрэнгүй танилцах бол ЭНД дарна уу)

Үүнээс үүдэн сургалтын зээл аваад байсан 11 мянга гаруй оюутны зээл нь өр хэлбэрт шилжжээ. Энэ сарын дундуур оюутнуудын шалтгалт эхлэх ба зарим сургуулийн захиргаанаас сургалтын төлбөрөө барагдуулсны дараа шалгалтаа өгөх шаардлагыг тавьж байгаа аж. Бид энэ талаар оюутны хөгжлийн зээл авсан, ШУТИС-ийн БУХС-ийн IV курсийн оюутан А.Ундраатай ярилцлаа.

– Оюутны хөгжлийн зээл өр болсонд оюутнууд их бухимдаж байна. Чиний хувьд хэдэн төгрөгний өртэй болоод байна вэ?
– Өнгөрсөн хичээлийн жилийн хоёрдугаар улирал болон энэ оны нэгдүгээр улирлын сургалтын зээлийн төлбөртэй нийлээд надад 3,1 сая төгрөгийн өр үүсээд байна.

Зээлийн нөхцөлд эргэн төлөх хугацааг сургууль төгссөнөөс хойш 6 жилийн дотор зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу хүүгүй төлж барагдуулах заалттай байдаг ч 2020-2021 оны намрын хичээлийн жил эхлэхээс ердөө 10 хүрэхгүй хоногийн өмнө оюутны веб дэх төлбөрийн мэдээлэл хэсэгт “ТӨЛБӨРИЙН ӨР” гэсэн тодотголтой өмнөх хичээлийн жилд авсан зээлийн мөнгөн дүн бичигдсэн байсан.Цар тахлын улмаас бусад зээлдээ хөнгөлөлт үзүүлж байгаа хэр нь ямар ч ажил, орлогогүй оюутнуудын зээлийг ийнхүү танаж, хааж байгаад маш их гомдолтой байна.

Бидний зүгээс квотын тоог нэмэгдүүлэх эсвэл төлбөрийн уян хатан нөхцөлийг бий болгох хүсэлтэй байгаа юм. Нийт их дээд сургуулийн оюутны зөвлөл, Монгол Оюутны холбоотой хамтран албан бичиг хүргүүлсэн л гэсэн.

– Танай сургуулийн захиргаанаас үүнд ямар хариуг өгч байна вэ?
– Бидэнд 2020 оны есдүгээр сард хичээл эхлэхэд өмнөх хаврынхаа зээлийг бүтэн төлөөд, бас энэ намрын төлбөрийн 50 хувийг төл гэсэн шаардлага тавьж байсан. Үүнээс үүдэн олон ч хүүхэд сургуулиасаа чөлөө авсан. Миний хувьд өөр бусад оюутнуудын хамтаар өргөдөл гомдол өгч, хичээл сонголтоо оройтож хийн нэлээн хоцорч орж ирсэн.

Биднийг эхлээд сургалтын төлбөрөө заавал төлж байж шалгалтад орох эрхтэй болно гэж байсан ч саяхан сургуулийн захирал оюутнуудыг өртэй байсан ч шалгалт өгөх боломжтой байх чиглэл өгсөн байсан. Гэхдээ энэ нь тушаал болж албажаагүй учир эргэлзээтэй л байна.Улс эх орны залгамж халаа, боловсон хүчин болохоор бэлтгэгдэж буй оюутан залуус бид “Андлалын Өргөө”, “Усан оргилуур”-аас хавь илүү эх орны хөгжилд хэрэгтэй баймаар юм.

– Шалгалт чинь хэзээ эхлэх вэ?
– Манай шалгалт 12-р сарын 14-нд эхэлнэ, шалгалт хүртэл бидэнд долоо хүрэхгүй хоногийн хугацаа үлдсэн. Бусад сургуулиудын хувьд ч төлбөрөө 70 хувь бүр 100 хувь төлж байж шалгалтаа өг гэсэн шаардлагыг тавьж байгаа юм байна лээ.

Одоо бид ямар ч ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй.  Цар тахлын улмаас бусад зээлдээ хөнгөлөлт үзүүлж байгаа хэр нь ямар ч ажил, орлогогүй оюутнуудын зээлийг ийнхүү танаж, хааж байгаад маш их гомдолтой байна. Тэргүүлэх чиглэлийн 37 мэргэжил Монгол улсад эрэлттэйд тооцогдож бусад нь хөсөр хаягдаж байна. Улс эх орны залгамж халаа, боловсон хүчин болохоор бэлтгэгдэж буй оюутан залуус бид “Андлалын Өргөө”, “Усан оргилуур”-аас хавь илүү эх орны хөгжилд хэрэгтэй баймаар юм. Монгол улсын Үндсэн хуульд заасан “сурч боловсрох” үндсэн эрхийг зөрчих төдийгүй Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж дүрэм журмыг зөрчиж байна гэж бодож байна.

– Уг нь оюутнуудын эрх зөрчигдөж байгаа үед Монголын Оюутны Холбоо хамгийн их дуугарах ёстой байгууллага шүү дээ. Тэд уг асуудалд хэрхэн хандаж байна вэ? 
– Одоо яг энэ цаг үед хамгийн ихээр анхаарал хандуулах ёстой байгууллага нь Монголын Оюутны Холбоо. Гэтэл тус байгууллагыг би энэхүү асуудалтай холбоотой дорвитой алхам хийхгүй байна хэмээн бодож байна. Энэхүү байгууллагатай огт холбогдож чадахгүй байсаар саяхнаас холбогдсон. Оюутны хөгжлийн зээлийн олголтыг шүүмжилсэн ганц оюутан охины пост маш олон хүнд хүрч чадлаа. Гэтэл бүхэл бүтэн том байгууллагын нөлөө үүнээс хэд дахин илүү, асуудалд анхаарал хандуулахгүй, хуруугаа ч хөдөлгөхгүй байгааг нь хэлтэл “Бид холбогдох байгууллагуудад албан бичиг явуулсан” гэсэн хариуг өгсөн. Гэхдээ албан бичиг явуулсан эсэх нь бас эргэлзээтэй. 


“ЗӨВХӨН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРДАГ 5066 ОЮУТАНД ₮7,6 ТЭРБУМЫН ЗЭЭЛ ОЛГОНО”

Бид энэ талаар Монголын Оюутны холбооноос лавлахад “Бид уг асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Холбогдох байгууллагуудад нь албан бичиг хүргүүлсэн” гэхээс өөр дорвитой хариу өгсөнгүй.

Харин Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболдоос тодруулахад “2021 онд улсын төсвөөс 31 тэрбум төгрөгийг Оюутны хөгжлийн зээлд төсөвлөсөн. Улмаар цар тахалтай холбоотойгоор төсвийн тодотгол хийхэд энэ мөнгөн дүн гурав дахин буурч 10 тэрбум төгрөг болсон. Үүнээс 2020-2021 оны хичээлийн жилд 7.6 тэрбум төгрөгийг 5066 оюутанд олгохоор болсон. Ингэхдээ тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр сурч байгаа оюутанд л олгоно” гэлээ.

Мөн БШУЯ-ны Дээд боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батнэмэхээс тодруулахад дараах хариултыг өглөө. 

– Боловсролын зээлийн сангаас олгож буй Оюутны хөгжлийн зээлийг оюутан сургуулиа төгссөнөөс хойш 6 жилийн хугацаанд төлнө хэмээн гэрээнд заасан байдаг ч одоо өр хэмээн тодорхойлогдон заавал төлөх, төлөхгүй бол оюутныг шалгалтад оруулахгүй гэж байгаа нь гэрээг зөрчиж байна гэсэн үг үү? Энэ асуудалд БШУЯ-наас хэрхэн хандаж байна вэ?
– Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Журам шинэчлэн батлах, дүрэмд өөрчлөлт оруулах тухай” 48 дугаар тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-ын 1.4-д “Оюутны хөгжлийн зээл”-ийн хяналтын тоог Боловсрол, шинжлэх ухааны сайд, Сангийн сайд хамтран тогтоохоор заасны дагуу “Хяналтын тоо тогтоох тухай” хамтарсан тушаалаар баталдаг. Дэлхийн хэмжээнд 2030 он хүртэл хамгийн их эрэлттэй байх, ирээдүйд хэрэгцээтэй гэж төсөөлөгдөж буй мэргэжлүүдийн судалгаанд тулгуурлан Монгол Улсын тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтыг гаргасан.   

Боловсролын зээлийн сангаас 2020 онд “Оюутны хөгжлийн зээл” олгох хяналтын тооны тушаалыг боловсруулахдаа Засгийн газрын 2018 оны “Журам шинэчлэн батлах, дүрэмд өөрчлөлт оруулах тухай” 46 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутны хөгжлийн зээл”-ийн журмын 1.5-д “…тэргүүлэх ач холбогдолтой, нэн хэрэгцээтэй мэргэжлийн чиглэл болон төгсөгчдийн сүүлийн 4 жилийн хөдөлмөр эрхлэлтийн хувийг харгалзана” гэсэн заалтыг баримталдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Журам шинэчлэн батлах, дүрэмд өөрчлөлт оруулах тухай” 46 дугаар тогтоолоор батлагдсан “дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-ын “2.7.Зээлдэгч сургууль төгсч диплом авсан өдрөөс эхлэн 6 хүртэлх жилийн дотор зээлийг төлж дууссан байхаар эргэн төлөлтийн хуваарийг гаргаж, зээлийн гэрээнд тодорхой тусгана.” гэж заасан. Энэ журмын дагуу оюутан сургуулиа төгсөөд зээлээ төлнө.

Мөн тус журмын “2.8.Орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчийн зээлийг эргэн төлөх хугацааг 2 жил хүртэлх хугацаагаар сунгаж болно.” гэж заасны дагуу сунгаж болно.

– Тэргүүлэх чиглэлийн 37 мэргэжлийг ямар судалгаан дээр үндэслэн, хэрхэн гаргасан бэ?
– Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Боловсролын зээлийн сангийн талаар авах арга хэмжээний тухай” 70 дугаар тогтоолоор Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтыг баталсан.

Уг жагсаалтыг Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын Хараа 2050”, “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030”-г зэрэг бодлогын баримт бичиг, Дэлхийн Банкнаас гаргасан Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайлан болон “Суралцахуй” (Learning) тайлан, Edelman Intelligence судалгааны группээс  гаргасан Дэлхийн инновацын барометр тайлан зэрэг олон улсын судалгааны тайлан болон бүх яамдаас санал авч салбарын бүрийн зорилго, зорилтод нийцүүлэн, дэлхийн хэмжээнд 2030 он хүртэл хамгийн их эрэлттэй байх, ирээдүйд хэрэгцээтэй гэж төсөөлөгдөж буй мэргэжлүүдийн судалгаанд тулгуурлан гаргасан. 


Сонирхуулахад, Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн дараах 37 мэргэжил байдаг. 

Эх сурвалж: gogo.mn

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version